“Бензин шаглаад байна”

“Төр засаг гэж байгаа юм уу. Энэ дизель түлшний асуудлыг зохицуулна гээд л байсан алга байна. Энэ хооронд дизель түлш хомсдоод картгүй, талонгүй хэдэн жолооч нар чинь сөхөрч уналаа шүү дээ. Арга ядахдаа шагаар дизель түлш авч байна. Жижиг тэрэгтэй нөхдүүд хүрч ирээд “канистраар” зараад байна шүү дээ. Тэр нь үнэтэй. Литр нь дор хаяж 2000 төгрөг, цаашлаад 3000 давж байна. Бидний хувьд өөрөөр шатахуун олж авах аргагүй юм чинь хэлсэн үнээр нь л худалдаж авч байгаа. Өөр яах вэ дээ. Цөөн хэдэн том ШТС-ууд нь монополь тогтоогоод дунд нь жирийн иргэд бид хохирч байна. Ямар сайндаа л төр засаг гэж байгаа юм уу гэж байх вэ дээ” гэж Тасганы овооны орчим зогсч байсан хүнд машин механизмын жолооч Н.Баярсайхан ярилаа.

Түүнээс гадна хэд хэдэн жолооч хүчит техникээ зогсоочихоод арга ядсан байдалтай зогсч харагдана. Тэд бүгдээр техникээ хөдөлгөх шатахуунгүй болж, нам зогссон хэмээн учирласан. Дизель түлш хомсдож, “картын бараа” шиг болоод байгаа ч хүнд машин механизмын жолооч нарын хувьд “нэн ховор бараа”-ны ангилалд багтах болжээ.

Биднийг ийн шатахууны үнийн талаар “хууч хөөрөх” зуур яг хажууд байх “М oil”-ын ШТС-ынхан дизель түлшийг сэмээрхэн бэлэн мөнгөөр зарж байгаа харагдав. Хомсдлоос урьдчилан сэргийлэхийн тулд дизель түлшийг картаар, эсвэл талоноор зарж эхэлсэн ч энэ мэтээр жижиг “гар”-ууд “хулгай” хийж байгаа юм байна.

Тус ШТС-ынхан нэг удаад ердөө 20 мянган төгрөгт шатахуун өгч байгаа гэдгийг ойр орчмынх нь хүмүүс дуулгав. Яг хажууханд байгаа учраас тус ШТС-ыг зорьж очлоо. Ердөө таван минутын өмнө дизель түлшээ бэлэн мөнгөөр зарж байсан ч биднийг очихыг хараад түгээгч залуу нүүр буруулан зугтах нь халаг одов.

Автомашиных нь дугаарыг хэлээд яах вэ. Хоёр ч бага оврын ачааны тэрэгний жолооч тус ШТС-аас түлшээ бэлэн мөнгөөр нь түлш худалдаж авчихаад хөдөлнө лээ. Гэхдээ амьдрах гэж ядаж яваа хэдэн жолооч нарыг буруутгаад хэрэггүй биз.

Тэндээс дизель түлшээ бэлэн мөнгөөр нь худалдаж авсан нэгэн жолооч “Ах нь сая гуйж гуйж арай гэж 20 мянган төгрөгт багахан бензин авлаа. Одоо тэгээд олдохгүй байгаа юм чинь авахаас яах вэ. Энэ машин чинь унтарчих гээд байна шүү дээ” хэмээн учирласан.

Гэхдээ ойр орчмынх нь хэдэн жолооч нарын хэлж байгаагаар тус ШТС-ынхан өчигдөр 13 цагаас хойш   дизелийн наймаагаа эхлүүлсэн гэнэ. Дизель түлшийг карт болон талоноор худалдаж байгаа ШТС-уудад литр түлшний үнэ 1440 төгрөг байгаа. Харин “М оil”-ынхон литр дизель түлшийг 1470 төгрөгөөр бэлэн мөнгөөр зарж байна. Нэгэнт талон олдохгүй, шатахуунгүй болохдоо тулсан жолооч нарын хувьд 30 төгрөгийн зөрүү юу ч биш шүү дээ. “М oil”-ынхон яг энэ боломжийг олж харсан бололтой юм.

Ер нь ШТС-ууд үнээ нэг төвшинд байлгана гэж байгаа ч дизель түлшний үнэ харилцан адилгүй байна. “М оil”-ын урд талын “Синчи Ойл” ХХК-ийн ШТС литр дизель түлшийг 1450 төгрөгөөр зөвхөн гэрээт байгууллагууддаа зарж байгаа гэв.

Бид Тасганы овооны орчмоос хөдөлж нийслэлийнхний нэрлэж заншсанаар гуравдугаар сургуулийн автобусны буудал дээр ирсэн. Ерөнхийдөө автобусны буудал ил хуль оргиж харагдав. Бөөн бөөнөөрөө дарааллан зогсч, ийшээ, тийшээ явна хэмээн орилдог микрочид цөөрсөн бололтой юм. Харин автобус хүлээн зогсох иргэд нэлээд олон харагдсан. Тэдний зарим нь “30, 40 минут микро хүлээлээ ирсэнгүй” хэмээн гайхаж байна.

Шатахууны хомсдол микрочдод хамгийн хүнд тусах нь мэдээж шүү дээ. Сураг дуулвал, талонтой, карттай, арын хаалгатай зарим микрочид нь үлдээд, ар өврийн хаалгагүй зарим нь шатахуунгүй болж зогсчээ. ОХУ-аас шатахууны хувьд 100 хувь хараат байхын зовлонг Монголчууд одоо л мэдэрч байх шиг.

Дизель “картын бараа”-нд орсныг далимдуулан шагийн наймаа ч газар авсныг жолооч нар дуулгав. Тэдний хэлснээр хөл хөдөлгөөн ихтэй, бужигнасан газруудад шагийн наймаа газар авсан гэнэ. “Хамгийн ойрын жишээ 100 айл дээр очоод хар” гэж Зүүн салааны чиглэлийн микроны жолооч хэлсэн.

Портерын жолооч Н.Батсүх: 30 литрийг нэг удаа авч байгаа ч хүрэхгүй байна

-Би карттай л лаа. Карттай болохоор одоохондоо арай ч шатахуунаар хомсдчихоогүй байна. Тавдугаар сар гараад нэг удаад 30 мянгад л өгдөг болчихсон шүү дээ. 30 мянгад нэг удаа авчихаар ямар ч байсан өдрөө аргалчих юм. Гэхдээ бид чинь хол ойр, хөдөө замд их явдаг хүмүүс. Холын замд бол хаанаа ч хүрэхгүй хэцүү л байна.

100 айл дахь портерын жолооч Г.Батсайхан: Автобуснаас “хуссан” бензинээр аргалж байна

-Түлш олдохгүй бүр аргаа ядчихаад сууж байна. Одоо хамаагүй хөдөлж болохгүй, хэмнээд л байж байна. Өчигдөр манай нэг танил автобуснаас “хуссан” юм гээд 20 литр түлш авчирч өгсөн. Тэрүүгээр нь л өнөөдрийг авчих санаатай зогсч байна. ШТС-ууд зөвхөн картаар зарж байгаа, тэгээд картыг нь авах гэхээр өгөхгүй юм. Тэгэхээр дээгүүрээ танилтай, нөлөөтэй нөхдүүд нь л карт, талон авч байгаад бид нартаа шаглаад байгаа юм болов уу гэж хардах юм.

Портерын жолооч Б.Зориг: Машин унтарчих гээд байна шүү дээ

-Энэ төр засгийн нөхдүүд дандаа л худлаа ярих юм. Шатахуун байгаа, хомсдол үүсээгүй, айлтгүй л гээд байдаг. Гэтэл өнөөдөр машин унтарчих гээд хэцүү л байна шүү дээ. Өчигдөр 21 дүгээр хорооллын орчмоос шагаар жаахан бензин олж авсан. Тэрүүгээрээ л явж байна. Одоо дуусах болж байгаа байх. Дараагийн удаад хаанаас олж авахаа мэдэхгүй л байна. ШТС-ууд дээр очихоор картаар зарна гээд. Картыг нь авъя гэхээр зарахгүй байгаа. Үүний цаана хэний ашиг, сонирхол нуугдаад байгааг мэдэхгүй байна.

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих