Малайзад амиа алдсан бүсгүйн шарилыг авчрахад ГХЯ-наас зургаан сая төгрөгийн тусламж үзүүлжээ
Малайзад манай улсын бас нэгэн иргэн хүний наймаанзолиос болсон талаарх мэдээлэл цацагдаж эхлээд байна. Тэрбээр өөрийгөө бусдад худалдаалагдан аюул заналд өртөөд буй талаараа ар гэрийнхэн рүүгээ утсаар мэдээлж, тусламж хүсч байсан аж.
Үүний дагуу ар гэрийнхэн нь Эрүүгийн цагдаагийн газар, БЗД-ийн цагдаагийн хэлтэс болон холбогдох байгууллагуудаас тусламж хүссэн ч хуулийнхан энэ талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэнгүй. Хууль хяналтынханд түүнийг бусдад барьцаалагдаад буйг мэдэгдсэнээс хойш сарын дараа тэрбээр амиа алдсан байна.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт Малайзын талаас манай Гадаад хэргийн консулын газар “Н.Энхээ амиа алдсан. Шарилыг нь ирж ав” гэсэн мэдээ ирсэн аж. Гадаад хэргийн яамныхан түүний ар гэрийнхэнтэй нь уулзаж, шарилыг нь авчрах ажилд зургаан сая төгрөгийн тусламж үзүүлж, холбогдох албаныхантай нь холбож өгсөн байна.
Тэрбээр Малайзад амьдардаг ихэр бүсгүйчүүдтэй танилцсан хэмээж байсан бөгөөд тэд нар нь түүнийг худалдсан гэх таамаг ч байна. Харин энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Малайзын хэргийг гадаадын хэрэг харьяалах газраас лавлах хэрэгтэй байх.
Манайх болон Мөрдөн байцаах газраас гадаадад болсон хэргийг шалгах, мөрдөх эрхзүйн орчин байхгүй. Тэр хэргийг тухайн улсын цагдаагийн байгууллага нь мөрдөнө. Харин манай улсын иргэнтэй холбоотой болохоор Гадаадын иргэн харьяатын Консулын газар энэ хэрэгт хуулийн талаас нь тусалж, эрхзүйн орчинг нь бүрдүүлэх ёстой” хэмээсэн юм.
URL:














