ҮНЭТ ЦААСНЫ ДАНС ХЭРХЭН НЭЭХ ВЭ

Team Pulling Up an ArrowИргэн та хөрөнгийн зах зээл дээрх үнэт цаасны арилжаанд оролцохын тулд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-д данс нээлгэсэн байх шаардлагатай. ҮЦТТТХТөв нь өөрийн гишүүн брокерийн компаниудын нийт харилцагчдын дансан дахь үнэт цаас болон мөнгөн хөрөнгийг хадгалан, өмчлөх эрхийн шилжилт болон төлбөр тооцоог нь гүйцэтгэдэг 100% төрийн өмчит байгууллага юм.

ҮЦТТТХТ-дахь  дансаа брокерийн компаниар дамжуулан нээлгэх бөгөөд ямар брокерийн компаниа сонгон данс нээлгэх нь иргэн таны эрх.Өнөөдрийн байдлаар Монголд Санхүүгийн зохицуулах хорооноос брокерийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан 108-н компани байгаа бөгөөд эдгээр компаниудаас туршлагатай, өндөр эрсдлийн сантай, мөн түргэн шуурхай үйлчилгээтэйг сонгож дансаа нээлгэх нь цаашид таны дансан дахь хөрөнгийн найдвартай байдалд их чухал юм.

Данс нээлгэх:
1. Шинэ данс
Анх удаа үнэт цаасны данс нээлгэж байгаа бол энэ дансыг нээлгэнэ.

2. Холболтын данс

Үнэт цаасны данстай харилцагч өөр брокерийн компанийг сонгон үйлчлүүлэх тохиолдолд энэ дансыг нээлгэнэ.Жишээ нь таны анх дансаа нээлгэсэн брокерийн компанийн үйлчилгээ танд таалагдахгүй болох, та өөр газар шилжин суурьшихаар боллоо гэж бодоход шинээр суурьшиж буй газартаа байрлах брокерийн компани дээр дахин данс нээлгэх боломжтой бөгөөд энэ нээлгэсэн дансыг холболтын данс гэж ойлгож болох юм.Харилцагч нь хамгийн ихдээ 5 хүртэл холболтын данстай байж болох бөгөөд та 5-н өөр брокерийн компаниар дамжуулан ҮЦТТТХТ-дээрх үндсэн данстайгаа харьцах боломжтой гэсэн үг юм.

3. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг/ ХОЭБ/-ийн данс
1991 оны өмч хувьчлалаар эзэмшсэн хувьцаагаа эзэмших эрхээ баталгаажуулаагүй байгаа бол ХОЭБ-ийн дансыг нээлгэнэ.

4. Аж ахуй нэгжийн данс
Аж ахуй нэгж байгууллага Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцохдоо байгууллагын нэр дээр үнэт цаасны данс нээлгэнэ.

Данс нээхэд бүрдүүлэх баримт:
Иргэд:
1. Шинэ данс
•    Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт/гадаад паспорт/-тай өөрийн биеэр ирэх.
•    Насанд хүрээгүй хүүхдэд данс нээлгэх бол эцэг эхийн аль нэг нь иргэний үнэмлэхтэйгээ, хүүхдийн төрсний гэрчилгээг авчирч нээлгэнэ.
-Дансны хураамж-5,000 төг

2. Холболтын данс
•    Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт/ гадаад паспорт/
•    Дансны үлдэгдлийн мэдээлэл буюу хуулга.
-Дансны хураамж-1,500 төг

3. ХОЭБ-ийн данс
Тухайн дансыг эзэмшиж байгаа хүн өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж нээлгэнэ.
-Дансны сэргээх хураамж-1,500

Аж ахуй нэгж
1. Шинэ данс:
•    ҮЦТТТХТ-д хаягласан данс нээлгэх хүсэлт албан бичгээр гаргах.
•    Улсын бүртгэлийн гэрлчилгээний хуулбар/Нотариатаар баталгаажуулсан байх/
•    Дансыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн гарын үсгийн баталгаа, иргэний үнэмлэхний хуулбар/ҮЦТТТХТөвийн баталсан маягтын дагуу баталгааг гаргаж Нотариатаар баталгаажуулсан байх/
•    Хуулийн этгээдийн томилсон тухай ТУЗ эсвэл ХНХ-ын шийдвэр
-Данс нээлгэх хураамж-50,000 төг

2. Холболтын данс:
•    Данс холбуулах хүсэлт албан бичгээр гаргах/ҮЦТТТХТөвд хаягласан/
•    Дансны хуулга
-Холболтын дансны хураамж-1,500 төг

Үнэт цаасны данс нээсний ач холбогдол
•    Үнэт цаасны зах зээлд оролцох боломжтой болно
•    Хөрөнгийн зах зээлд өөрийн хөрөнгөө эргэлтэнд оруулж, нэмэлт орлого олох боломжтой болно
•    МУ-ын Засгийн  газраас үнэ төлбөргүй олгож буй “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмших эрхээ баталгаажуулах
•    Монголын хөрөнгийн биржд бүртгэлтэй ХК-иудын талаарх мэдээ, мэдээлэл авах
•    Эзэмшиж буй хувьцааныхаа ногдол ашгийг хүлээн авах

Үнэт цаасны данстай эсэхээ шалгах
Өмч хувьчлалын үеэр иргэдэд цэнхэр, ягаан тасалбараар хувьцаа эзэмшүүлсэн бөгөөд эдгээр иргэд үнэт цаасны данстай байх боломжтой юм.Иймд данстай эсэхээ мэдэхгүй байгаа тохиолдолд дараах байдлаар шалгаж болно.
-ҮЦТТТХТ ХХК дээр өөрийн биеэр иргэний үнэмлэхний хамт очиж шүүлгэх
-Net.schcd.mn гэсэн цахим хаягаар орж өөрийн регистерийн дугаараар шүүх

Манай сайт брокер дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “БиДиСЕК” хувьцаат компанитай хамтран иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг, мэдээлэл олгох сургалтын булан нээж байна. Уншигч та бүхэнд энэхүү булангаас хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллага, арилжаанд хэрхэн оролцох, төлбөр тооцоо хэрхэн хийх зэрэг мэдээллийг авах болно. Сургалтын сэдэв цаашид улам гүнзгийрэх юм.

http://www.bdsec.mn/

Эх сурвалж: http://businessnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих