Одоо хяналтаа сайжруулах л үлдлээ

aab0d5_1823_x678

Монгол Улсын Засгийн газраас хоёр гараа өргөн дэмжмээр, хэдэн сараар магтан сайшаамаар нэг журам гаргажээ.

Жаахан дэгсдүүлээд хэлэхэд, сүүлийн хэдэн жил Засгийн газар иймэрхүү амьдралтай шийдвэр, журам, дүрэм гаргаж байгаагүй байх.

Тэр алдарт шийдвэр нь “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журам юм.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан тэрхүү журамд интернэт кафе, цахим тоглоомын газар нэг дор ажиллахыг болиулж, орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглосон юм.

Мөн цахим тоглоомын үйлчилгээний газрууд нь ажлын байрны дотор болон гадна орчинд камерийн хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах, зуны улиралд 20.00, өвлийн улиралд 18.00 цаг хүртэл үйлчлэх, үйлчилгээний ажилтан нь мэдээлэл технологийн анхан шатны мэдэгдэхүүнтэй, 20-иос дээш насны иргэн байх зэрэг зохицуулалт оржээ.

Үүнээс гадна энэхүү журмаар цахим тоглоомын газруудыг 12 насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, бичиг баримт, эд зүйлс барьцаалах, согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх зэргийг нь хориглосон байгаа юм.

Журамд заасан бүхий л заалт тун нарийн, нухацтай бодож оруулсан, амьдралтай, хэрэгцээ шаардлагатай байгаа нь шууд мэдрэгдэнэ.  Тухайн камерийн хяналт, ажиллах цаг, интернэт болон тоглоомын газрыг зааглаж өгөх, ажиллуулж байгаа хүн нь 20-иос дээш настай байх гээд тун чухал заалтууд байна.

12 нас хүрээгүй хүүхдэд үйлчлэхийг хориглосон заалт үнэхээр нүдээ олсон. За бараг 14 нас гээд заагаад өгчихсөн ч буруудахгүй байсан болов уу. Өнөө цагт техник технологи хөгжсөн, цахим ертөнц хүчээ авсан үе.

Компьютерийн анхан шатны мэдлэгтэй, интернэтэд ороод, цахим хуудас үзэж чадахаар болсон хүүхдүүд мэдээллийн тэр том ертөнцөөс болох болохгүй янз бүрийн зүйл үзэж, харж байгаа нь үнэн.

Дээрээс нь ид боловсролын сууриа тавьж байгаа 3-6 дугаар ангийн хүүхдүүд РС тоглоомын газар хэсч, аллага хядлагатай тоглоомыг сонгон тоглож, тэр зуураа хэн хүний мэдэхгүй хараалын үгс урсгаж суудаг нь ч үнэн.

Энэ бүхнийг үлгэр дуурайллыг ахлах ангийн ах нар үзүүлж байгаа шүү дээ. Яагаад гэвэл насны зааг байхгүй учраас 10-11 дүгээр ангийн архаг ах нартай хамт 6-7 дүгээр ангийн хүүхдүүд хамт тоглож, буудалцах зуураа монгол хэлний үгсийн санд байх олон арван хараалын үгээр хэл яриагаа баяжуулж байгаа юм.

Зөвхөн байлдаан, алаан талаантай тоглоом тоглоод зогсохгүй шөнө оройн цагаар РС тоглоомын газар хонож, порно сайт хэсдэг нь ч үнэн. Энэ бүхэн хүүхдийн сэтгэхүй, хүмүүжилд маш сөргөөр нөлөөлж байгаа учраас шинэ журам гарсанд учиргүй баярлаж, Засгийн газрын хэдэн сайд нартаа “хайр зарлах” гээд байгаа юм.

Одоо гагцхүү энэ сайхан журмынхаа биелэлтийг л сайн хянах хэрэгтэй байна. Манайхан уг нь хууль журманд захирагдах дургүй хүмүүс биш. Дагаж биелүүлээд л явдаг.

Гагцхүү хяналт нь байдаггүй учраас тэгс ингэсгээд, зөрччих гээд байдаг гэмтэй л болохоос биш нэг журам гараад ирэхээр дагаж мөрдөх гэж боддог. РС тоглоомын газар болон интернэт кафе ажиллуулж байгаа нөхдүүд ч гэсэн нэг их журам зөрчөөд, зөрүүдлээд байхгүй болов уу.

Гол нь л ядаж 15 хоногтоо нэг удаа шалгачихаад байвал тэгээд л гүйцээ.  Өнөөдөр Улаанбаатар хотод 500 гаруй РС тоглоомын газар байгаа гэсэн статистик мэдээлэл байгаа.

Тэр болгоноор бүгдээр нь ороод, шалгана гэхээр зохих шатны байгууллагынх нь хүн хүч хүрэлцэхгүй байх. Гэхдээ л зөвхөн энэ журмын хэрэгжилтийг хангах үүднээс хүн хүчээ зузаалж, орон тоогоо нэмсэн ч ер нь яадаг юм. Тэр хүмүүс нь хуваагдаад РС тоглоомын төв хэсээд, журмын хэрэгжилтийг хангах талаас нь ажиллана биз.


URL:

Сэтгэгдэл бичих