Нийслэлд “халтуур”-ны 4-5 мянган такси байдаг

indexӨБӨӨБТакси илүү мөнгө авч байна гэх гомдол их гардаг. Энэ талаар Нийтийн тээврийн газар ямар ажил хийж байгаа талаар Нийтийн тээврийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Цолмонбаяраас тодрууллаа.

-Такси илүү мөнгө авлаа гэх гомдол танай байгууллагад хэр их ирж байна. Энэ талаар танай байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ямар нэгэн ажил байгаа юу?
-Нийтийн тээврийн газартай 713 такси гэрээ байгуулан ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, улсад төлөх татвараа төлж, хууль дүрмийн дагуу ажиллаж байгаа такси 700 байгаа гэж ойлгож болно.

Гэтэл ЗЦГ-тай хамтарсан судалгаа явуултал хууль бусаар энэ төрлийн бизнес эрхэлж байгаа 4-5 мянган такси байгаа нь тогтоогдсон. Улсад ямар нэгэн татвар төлдөггүй, хууль дүрмийн дагуу үйлчилдэггүй, иргэдээс илүү мөнгө нэхдэг “халтуур”-ны такси ийм их байгаагаас болж энэ төрлийн гомдол ихээр гарч байгаа.

Тиймээс бид иргэдээс таксинд яг хэдэн төгрөгөөр үйлчлүүлж байгаа талаар судалгаа авсан байгаа.

-Иргэдээс авсан судалгаагаар ямар үр дүн гарсан бэ?

-Бид 14 хоногийн хугацаатай манай нийтийн тээврийн газрын үндсэн веб сайтаас гадна хэд хэдэн мэдээллийн сайтуудад санал асуулга байршуулсан байгаа. Тухайлбал, time.mn, gogo.mn зэрэг сайтуудад онлайн судалгаа явуулсан. Уг санал асуулгад иргэд таксинд ихэнхдээ хэдэн төгрөгөөр үйлчлүүлж байгааг тандахыг зорьсон байгаа.

Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын 3.9-600, 6.7-900, 18.8-700, 42.6-6-800, 27.7 хувь нь 1000 төгрөгөөр үйлчлүүлдэг гэсэн бол 10.6 хувь нь тохиролцож үйлчлүүлдэг гэж хариулсан.

-Энэхүү судалгааг яагаад заавал онлайнаар хийж байгаа юм бэ. Яг таксигаар үйлчлүүлж байгаа иргэд оролцож чадсан болов уу?
-Нийтийн тээврийн газрын хоёр олон нийттэй харилцах ажилтан гараад цаасаар судалгаа хийнэ гэхээр маш өрөөсгөл ойлголт болно. Тиймээс арай олон хүн хандаж байгаа гэдэг утгаар нь онлайн судалгааг явуулсан.

-Судалгааны үр дүн ямар нэгэн шийдвэр гаргах төвшинд нөлөөлөх үү?

-Одоогоор манайхтай гэрээ байгуулан ажиллаж байгаа таксинууд эхний км нь 1000 төгрөг дараагийн км тутамдаа 600 төгрөгөөр үйлчлэх гэрээтэй байдаг. Гэтэл бодит байдал дээр таксинууд 600 төгрөгөөр явахгүй байна гэх гомдол санал их ирж байгаа. Энэ нь хууль бусаар үйлчилгээнд явж байгаа баталгаагүй такси хожоод манайхтай гэрээ хийж иргэдэд үйлчилж байгаа таксинууд хохирсоор байгааг харуулж байна.

Гэхдээ бид иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага учир үнийг нэмэх шийдвэр гаргаж чаддаггүй. Тиймээс ч үүнтэй холбоотойгоор онлайн судалгааг явуулсан. Шууд шийдвэр гаргахад нөлөөлөхгүй ч энэ талын тодорхой хэмжээнд шийдвэр гаргахад нөлөөлөх болно.

Ж.Отгонмягмар


URL:

Сэтгэгдэл бичих