Америкийн 1929 оны эдийн засгийн хямрал Монголд нүүрлэх эрсдэл бий

Америкчууд 1929 оны 10-р сарын 24-нийг “Хар пүрэв гариг” гэж нэрлэдэг. Учир нь энэ өдөр Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр ердийн дундажаас 3 дахин илүү буюу 12,9 сая ширхэг хувьцаа  нийлүүлэгдсэн  байдаг. Хөрөнгийн зах зээлдэх хувьцааны нийлүүлэлтийн энэ огцом өсөлт тэр өдөртөө хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа хувьцааны дундаж үнийг 15-20% бууруулсан үзэгдэл (шок) болж байсан. Энэ үзэгдлийн шалтгаан нь арилжааны банк, бусад институционал буюу  том хөрөнгө оруулагчид хувьцааг ихээхэн хэмжээгээр худалдан авах замаар эхэлж үнийг нь өсгөөд, тодорхой түвшинд хүрсэн үед нь өндөр үнээр худалдаж ашиг олох үзэгдэл түгээмэл байсантай холбоотой байсан. Хувьцааны үнийн огцом уналтын үед хувь хөрөнгө оруулагчид хувьцааны үнэ улам их унахаас өмнө амжиж хувьцаагаа зарах гэсэн эрмэлзлэлээс улбаалан хувьцаагаа худалдах (panic sell) хандлага давамгайлж, хувьцааг худалдан авагч байхгүй болж хувьцааны үнэ улам унах байдал бий болдог. Хувьцааг худалдан авагч байхгүй болж хувьцааны үнэ огцом унасаар улмаар хувьцаа эзэмшигчид болон хувьцаат компаниуд эдийн засгийн хүндрэлд ордог нь энэ зах зээлд тохиолддог түгээмэл үзэгдэл. Тухайн үед арилжааны банкууд хөрөнгийн зах зээлийн хамгийн хүчтэй оролцогчид байж өөрсдөө хувьцаа худалдаж авахаас гадна, иргэд, аж ахуйн нэгжид хувьцаа худалдан авах зорилгоор зээл олгодог байсан нь дэлхийн эдийн засгийн түүхэнд “их хямрал” гэж тэмдэглэгдэн  үлдсэн хямралын үндсэн шалтгаан болсон байдаг. 1929 оны эдийн засгийн энэхүү их хямралаас хойш  бүтэн 10 жилийн дараа Америкийн эдийн засаг буцаж сэргэсэн байдаг.

Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаа худалдан авагчдын мөнгө нь 2003 оноос эхлэн Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжин арилжааны банкуудад байршдаг болсноор тодорхой үр дүнд хүрч чадсан. Хөрөнгийн зах зээлээс банк, санхүүгийн зах зээл уруу чиглэсэн хувьцаа эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тархаан байршуулах, эрсдэлийг зохистой удирдах асуудал маш чухал байдаг. Үүнийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв байгууллага нь аливаа улс төр, арилжааны банк, хөрөнгийн биржээс хараат бусаар мэргэжлийн түвшинд удирдаж ирсэн, цаашид ч энэ байдлаа хадгалж ажиллах олон улсын стандарт шаардлагыг дагаж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.

Арилжааны банкууд ямар нэг аргаар хувьцаа эзэмшигчид болон хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгөөр үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг хаах олон улсын стандарт шаардлага байдаг. Учир нь хувьцаа эзэмшигчид хөрөнгийн биржээр хувьцаа худалдан авсан мөнгө нь арилжааны банкинд хадгалагдана. Арилжааны банканд хадгалагдаж байгаа мөнгөөр хөрөнгийн зах зээлд арилжигдаж байгаа өндөр ашигтай (тухайлбал Тавантолгойн хувьцаа) хувьцааг худалдан авах ашиг сонирхол арилжааны банкинд байх нь зайлшгүй.

Хэрэв энэ боломжийг арилжааны банкуудад нээж өгвөл хувьцааны үнийг өсгөх, тэр дундаас ашиг олох сонирхолд тулгуурлан хадгаламж эзэмшигчдийн мөнгийг банк, санхүүгийн зах зээлээс эргээд хөрөнгийн зах зээлд чиглэсэн мөнгөний урсгал бий болж хувьцааны үнийн бодит бус хөөрөгдөл бий болгох, хувьцааны үнэ өсөхөд их хэмжээгээр хувьцааг худалдах байдал бий болж 1929 оны Америкийн эдийн засгийн хямралтай ижил хямрал Монголд нүүрлэх, эдийн засгийн томоохон сүйрэл  бий болох эрсдэл үүсээд байна.

Арилжааны банкууд нь 2010 онд Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар орсон өөрчлөлтийг мушгин тайлбарлах замаар Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр хөрөнгийн зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх боломж олж аваад байна. Хуулийг мушгин тайлбарлах замаар арилжааны банкууд охин компани байгуулж хөрөнгийн зах зээлд брокер, дилерийн эрх авч ажиллах болж байгаа нь яав ч зохистой бодлого биш бөгөөд Монгол улсын эдийн засгийн уналтыг бий болгох эх үүсвэрийг бүрдүүлж байгаа тод жишээ юм. Иймд Банкны тухай хуулийн 6.2-т “Банк, түүний хараат болон охин компани Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ” гэж тусгаад 6.2.7-д “Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ” гэдэг нь брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх авч үйл ажиллагаа явуулж болох үгүй талаар Дээд шүүхээс тайлбар авч тодорхой болгож хэрэглэх хэрэгтэй байна. Мөн Монгол банкаас арилжааны банкны үйл ажиллагаанд Банкны тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан хуулийн заалт, холбогдох журмуудыг хэр мөрдөж байгаа талаар тогтмолжсон эрсдэлийн шинжилгээ (risk assessment) хийж ажиллах шаардагатай гэж үзэж байна.

Санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээлийн мөнгөний урсгал, харилцааг тусад нь хадгалах шаардлагатай байна. Тухайлбал МЭӨ 220 – 206  баригдсан хэрэм Хятадын тухайн үеийн Мин эзэнт гүрнийг эртний монголын нүүдэлчин их гүрнээс хамгаалж байсан шиг санхүүгийн зохицуулалтыг бий болгохгүй бол Америкийн 1929 оны эдийн засгийн хямрал Монголын эдийн засагт нүүрлэх эрсдэл үүсч байгаа.

Монголын хөрөнгийн зэх зээл хөгжиж ашиг орлоготой хувьцаат компаниудын хувьцааг зах зээлд IPO гаргаж хөрөнгө оруулалтыг татаж чадвал а) ард иргэдийн гар дээр байгаа мөнгөн хөрөнгө төвлөрч инфляцийг өсөлтийг хязгаарлахад бодит хувь нэмэр оруулах, б) үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж улмаар ажлыг байр нэмэгдэж ажилгүйдэл буурах, в) зах зээлд дотоодын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж гадаад эдийн засгийн хувьд хараат бус болох г) зөвхөн арилжааны банкуудаас өндөр хүүтэй бизнесийн зээл авах байдал багасаж улмаар арилжааны банкны зээлийн хүү буурах зэрэг эдийн засгийн өсөлтийг бий болгох өндөр ач холбогдолтой юм.

Ийм ч учраас банк, санхүүгийн зах зээл болон хөрөнгийн зах зээлийг нэг гарт төвлөрүүлэх бус харин бие биенээс хараат бус, өрсөлдөөнт байдлыг хадгалах нь эдийн засгийн тогтвортой байдал, шударга өрсөлдөөн, эрүүл орчинг хамгаалах гол нөхцөл юм гэдгийг мэргэжлийн байгууллагууд, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч бүгд нэгдмэл байдлаар ойлгож, Монгол улсын хөгжлийн төлөө гэсэн нийтлэг эрх ашгийн төлөө анхаарч ажиллах хэрэгтэйг судлаач, багш хүний хувьд санаа зовнин Та бүхний сонорт хүргэж байна.

Эрсдлийн шинжээч Д.Ганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих