Тусгаар тогтнолоо тунхаглан зарлаагүй бол…
Тунхаглана зарлана би…
Xөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн агуу мөрүүд өнөөдөр л жинхэнэ утгаараа биеллийг олж байх шиг. Тухайн үедээ төрд үнэлэгдэх гавьяаг нь хүртэл хааж байсан гэх энэ мөрүүдийг мэдэхгүй монгол хүн ховор. Үүнтэй маргах хүн үгүй билээ. Харин алдарт Д.Пүрэвдорж юуны учир ийн “дуу алдсан”-ыг мэдэх эрх өнөөдөр бидэнд иржээ.
Учир нь Монгол Улсын маань тусгаар тогтнол, гадаад улсуудтай харилцах эхлэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тавигджээ. Тухайн үед Монгол Улсын анхны Ерөнхий сайд байсан Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй эх орончид тусгаар тогтнолоо тунхаглан зарлах үйлсэд чармайн зүтгэж байсан түүхийн үнэнүүд өнөөдөр дараалан гарч ирсээр…
Чухамдаа 1921 оны Ардын хувьсгалын “эцэг” нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал байсныг түүхчид нэгэн дуугаар батлах боллоо. Түүнчлэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 2008 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн Ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 399 тоот зарлиг гаргажээ.
Тэрээр зарлигтаа “Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж чин улсын ноёрхлыг эцэс болгон, Монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал тавьсан. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай, Монголын ард түмний түүхийн онцгой нэгэн хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн.
Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл 1921 оны ардын хувьсгалын бодит хөрсийг Үндэсний эрх чөлөөний хувьсгал бүрдүүлсэн…” хэмээн онцолжээ.
Энэ зарлигийн дагуу 2011 оны арванхоёрдугаар сарын 29-нд анх удаа Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэсэн юм. Үүнээс хойш уламжлал болгон, өчигдөр энэ түүхт өдрийн 102 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. 102 жилийн ойн хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал,
Хувьсгалтай холбоотой үзэсгэлэн дэлгэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын төрийн өндөр албан тушаалтнууд оролцлоо. Архивын ерөнхий газарт хадгалагдаж байгаа Богд хаант Монгол Улсын үеийн ховор нандин түүхэн баримт, гэрэл зураг, тамга, төрийн далбаа зэрэг олон зүйлийг дэлгэн тавьжээ. Энэ бүгд түүх.
Тэртээх 102 жилийн өмнө Монголын тусгаар тогтнолын эхлэлийг хураан хадгалж ирсэн түүхийн “гэрч” гэдгээрээ юу юунаас илүү үнэ цэнэтэй. Яг үнэндээ энэ өдрийн үнэ цэнийг ойрын үед бууж буй “шагналын хур”-аар нь л мэдэв үү гэхээс төр засгийн удирдлагууд хийгээд хэсэг эрдэмтэн мэргэд илүүтэй ухаж байгаа нь харагдаж буйг хэлэх хэрэгтэй.
Зүй нь зун болдог наадам өдийд болж, үндэсний гэх их баяр өчигдөр л өрнөж байх учиртай буюу. Нөгөө талаар 200 жилийн дарлалаас ангижруулж XXI зууныг хүртэл энэ Монголыг ирүүлсэн гавьяа яахын аргагүй 1911 оны хувьсгалтай холбогдох ажгуу. Хэрэв энэ хувьсгал болоогүй бол…
Ингэх нь өнөөдрөөс харахад нөгөөх мөрөөдөл гэдэг шиг боловч Тусгаар улс Монголын иргэд бодох л ёстой.
102 жилийн тэртээ хөдөөх жижиг суурин шиг байсан Монголын эх орончид жинхэнэ Монгол Улсын суурийг тавих гэж халуун амь бүлээн цусаа урсгаж явсан ариун түүх бидний өмнө байна. Энэ бол бидний хүндлэл, бахархлын дээд ажээ. Тийм ээ, 102 жилийн тэртээ Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлажээ, бид.
Г.Ганчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:














