Соёлын довтолгоо-II: Эх орны нийслэлд хомсдсон эзэн сэтгэл
Нийслэлийнхэн 2014 оныг Чингисийнхээ талбай дээр цэнгэл хөгжилтэй угтав. Хүмүүс ах дүү, хамаатан садан, анги хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө шинэ жилээ хамтдаа угтдаг болж байгаа юм байна. Ууж идэх юмаа ч аваад оччихсон, энд тэнд оргилуун дарс буудуулж, уур савссан буузаар бие биеэ дайлж байгаа харагдана билээ. Зузаан хүрэмнийхээ дотуур ганц шил юм хийчихсэн олны нүд хариулан сэмхэн сэржим өргөж байх нэгэн ч таарна. Нийслэлийн удирдлагууд энэ жилийн шинэ оны цэнгүүнийг гараа гаргаж бэлтгэсэн нь харваас илт. Хамтлаг, дуучид ая эгшгээ өргөж, халуун дулаан ерөөл чих мялааж, худалдаа үйлчилгээ ч элбэг дэлбэг. Талбайгаа тойроод чирлэл чиглэлийн автобусууд эгнээд зогсчихсон, хэзээ ийм байлаа гэж баярламаар л байлаа.
Зохион байгуулалт талаасаа ийм ая тухыг бүрдүүлсэн нь таатай ч энд ирсэн иргэдийн хүнийрхүү сэтгэл нь харин гомдож гонсоймоор харагдсан. Уусан дарсны шил, хошуу арчсан цаасаа хажууханд нь хогийн сав байсаар атал хаа таарсан газраа хаях нь халагламаар. Монголчууд бидэнд нэг муухай араншин байна аа. Нус шүлсээ хаа хамаагүй палхийтэл хаячихдаг. Бүр тоож байгаа шинж ч алга. Арайтай л морь харж байгаа хүнтэй таарсангүй. Гэр орондоо бол ингэж хөл дороо хогоо хаяж, хөнжил хивс рүүгээ нусаа нийхгүй нь тодорхой. Хүний юм бол хүний л юм гэсэн хүйтэн сэтгэхүй Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндийд маань хургасаар байдаг юм байна. Уг нь энэ хот бидний ажиллаж амьдарч, мөрөөдлөө бүтээж байгаа орон зай маань юм сан. Нийслэл гэсэн нэгэн дээвэр дор л жаргал зовлонгоо хамтдаа туулж яваа элэг нэгтнүүд биш гэж үү, бид. Үр хойч үе маань ч хожим хойно эндээ л амьдарна. Улаанбаатартаа элгэмсэх шалтгааны нэг нь ийм.
Өчигдөр өглөө “Амьжиргааны гудамж”-аар алхаж явахад шатаасан дугуйны үнэр хамар цоргиж байна. Ер нь энэ хавийн авто засварын амбаарууд хуучин дугуй гэсэн бэлэн түлштэй. Тэгээд тэр нь үнэгүй. Улаанбаатарын хамгийн хортой утааг энэ гудамжныхан үйлдвэрлэдэг байх. Өөрсдийн эрх ашгийн төлөө бусдын эрх, дархаар хөлөө арчихаа тэд юман чинээ бодохгүй. Азаар энэ өвөл цас зудаар бага байна. Улаанбаатарын удирдлага ойр орчныхоо цас мөсийг цэвэрлэж, халтиргаагүй хот болгох аян өрнүүлэхийг албан газруудад аль намраар үүрэг болгосон. Гэтэл орчныхоо цас мөсийг одоо хүртэл цэвэрлээгүй байгууллага өдий төдийгөөрөө байна. Үүднийхээ цас мөстэй, таглаагүй траншейтэй өвөлждөг байгууллага цөөн биш. Энэ мэтээр эзэн сэтгэлийн хомсдол алхам тутамд анзаарагддаг. Эрх гэж байдаг бол үүрэг гэж бас байдгийг мартдаг, би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн аминчхан үзлийг амьдралын номлол болгосон хүмүүс цөөнгүй байдаг бололтой. Улаанбаатар бол хагас хөдөөжсөн суурин иргэншил. Гэлээ гээд хувиа хичээж довоо шарлуулах нь нүүдэлчний сэтгэлгээ ч бас биш байх.
Хотын хөгжил хорооноосоо гэж ярьдаг. Энэ үнэн байх. Гэхдээ хотын хөгжил хорооноосоо илүү иргэдээсээ хамаарна гэж мэдэрмээр санагдаад байна. Хотоо төлөвлөлттэй, тохижилттой, замтай, гэрэлтэй, утаагүй, аюулгүй болгохоор удирдлагууд нь зорьж зүтгэж байгаа. Тэдний энэ тодорхой байр суурь, хичээл зүтгэлийг нь дэмжиж дэлбээд өгвөл наад зах нь амьдралын маань орчин тэр хэмжээгээр сайжирна. Ая тух бол бидний амьдралын нэг хэсэг шүү дээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хотын өнгө төрх өөрчлөгдсөн гэдэгтэй танай манай гэлгүй санал нийлэх байх. Цаашдынх нь хийж бүтээх зорилгод хотын оршин суугчид бид л ташуур өгч чадна. Хотын дахин төлөвлөлт гэж иргэдийн дэмжлэг үгүйлэгдсэн нэг ажил бий. Мэдэхээс өнгөрсөн зун, намар Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутагт дахин төлөвлөлт хийхээр барилгын хэд хэдэн компани очоод хад мөргөж, хамраа шалбалаад буцах шиг болсон. Иргэд дэмжихгүй байна гэнэ. Хотын “А” зэрэглэлийн бүс учраас газраа үнэд хүргэнэ гэсэн иргэдийн санаа бодол барилгын компаниудыг босгоны цаанаас буцаасан юм байх. Энэчлэн өнөөдрөөрөө амьдрах гэсэн сонирхол бол бас л эзэн сэтгэл үгүйлэгдэж байгаагийн илрэл.
Хотын хөгжлийг хойш чангааж, удирдлагуудын үүрэг даалгаврыг үнэгүйдүүлдэг хүмүүс бол дунд, доод шатны хурган нар гэж хэлэх хүн олон бий. Ажил хийхийн оронд ам таглах аргаар “ажиллаж”, амин хувиа бөөцийлж суудаг ийм дарганцрууд хотын хөгжлөөс жинхэнэ хойш татагчид байж таарна. Эзэн сэтгэлийн хомсдол ийм хүмүүсээс илүү үнэртдэг. Нэгэн сонгуулийн хугацаанд дүүргийнхээ байтугай хорооныхоо Засаг даргын царай зүсийг хараагүй хэмээн ярих хүн хаа сайгүй таардаг. Ажил, зорилгынхоо хүрээг ийн вакумжуулсан дарга нар иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй. Энэ бол тогтолцооны бас нэг гажуудал байх шиг.
Хот өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Хөдөөнөөс хотыг чиглэсэн их нүүдлийн үзүүр эргээгүй хэвээр. Хотын иргэн байх эсэх нь дур зоргын хэрэг мэт боловч энд мөрдөж дагах ёстой хэм хэмжээ, ёс зүйн наад захын дадал зуршил байх учиртай. Өөрөөр хэлбэл, бидний хэлж заншсанаар усыг нь ууж байгаа бол ёсыг нь сахих учиртай. Улаанбаатар хотыг дүрэмтэй болгох тухай сураг дуулдаад байгаа. Үүгээр хотын иргэний ёс зүй, үүрэг хариуцлагыг тодорхой болгох байх гэсэн хүлээлт буй. Ингээд дүрэм журмаар нь зохицуулаад өгвөл нийслэлийн иргэний эзэн сэтгэл нэр төрийнх нь нэгэн баталгаа байж, хоноцын сэтгэлгээтэй хүн хотод амьдрахад хэцүү болох биз ээ.

П.ЯДАМДОРЖ
URL:













