Монгол эхнэртэй Жошуа Л.Кросслин: Монголын маргааш дуусдаггүй

“Американ технологи” ХХК-ний захирал Жошуа Л.Кросслин Монголд насны хань Энхтунгалагтайгаа танилцаж, хөөрхөн охинтой болжээ. Тэдний хадмынх Өвөрхангайд байдаг бөгөөд зун айлчлаад ирсэн гэнэ. Монгол хэл яаж сайн сурсаныг нь сонирхвол, эхнэртэйгээ ярьж байгаад л сурчихсан, курс дамжаанд яваагүй гэлээ. Ингээд ажил хэрэгч америк залуутай бизнесийн тухай хөөрөлдсөнөө толилуулъя.

- Танай компани Монголын зах зээлд ямар бүтээгдэхүүн нийлүүлж байна вэ?

- Манай “Американ технологи” компани дугуй нөхөгч шингэн, мотор халаагч зэрэг бүтээг­­дэхүүнийг 2003 оноос монголын зах зээлд нийлүүлж байна. Бид Америкад алдар­тай “Whitmore*s” груп­­пын албан ёсны дист­рибьютер.

Бусад тос, тосолгооны материалыг ирэх хавраас оруулж ирнэ. Одоо энэ групп сансарын хөлөг тээвэрлэгчийн тос тосолгоог бүрэн хариуцан ажиллаж байна. Бид бизнесийн зөвлөгөө өгдөг “Ивээлийн суваг” төрийн бус байгууллагатай хамт­ран ажилладаг. Жилд 2-3 удаа Америкаас бизнесмэнүүдийг урьж, “Монголын компаниуд олон улсын зах зээлд яаж өрсөлдөх вэ?”, “АНУ, Японы компаниудтай хэрхэн бизнес хийх вэ?” зэрэг сэдвээр сургалт семинар явуулдаг. Би Энэтхэгт 2003-2006 он хүртэл байхдаа ядуу­чуудын гар урлалын бүтээлийг бусдаас өндөр үнээр аваад, Америк руу явуулж зарах бизнес хийдэг байлаа. Одоо Монголчуудын гар нэхмэл, уран зургийг өндөр үнэтэй авч, Америк руу явуулж байгаа.

– Монголчуудын талаархи өөрийнхөө сэтгэгдлийг хуваал­цана уу?

- Монголчууд ер нь их ухаантай хүмүүс, бизнес хийх чадалтай. Хүн ам цөөн учраас Монголд үйлдвэрлэл сайн хөгжөөгүй юм шиг санагддаг. Бизнесийн том өрсөлдөгч нь Хятад улс. Намайг 1999 онд Монголд анх ирэхэд, Улаанбаатарын гудамжаар явж байгаа машин харьцангуй цөөн байсан бол одоо байдал их өөрчлөгдсөн. Байгалийн баялгаа өөрс­дөө боловсруулаад, гадаадын зах зээлд нийлүүлбэл, Монгол улс дорхноо хөгжинө. Тэгж чадахгүй бол эдийн засгийн хувьд Хятадын хараат хэвээрээ байх болно.

– Монголд бизнес эрхлэхэд, бэрхшээл байна уу?

- Америк 1929 оноос хойш 100 шахам жилийн турш дэлхийн эдийн засгийг захирч байсан. Хэдэн сарын өмнө Америкийн эдийн засаг унахад, бусад орны эдийн засагт нөлөөлсөн шиг Монголчууд Азийн эдийн засгийн хараат байдлаас салах хэрэгтэй. Тэгэхгүй бол Хятадын эдийн засгаас хараат хэвээрээ байна. Иймээс өөрсдөө үйлдвэрлэл явуулж, гадаадад бүтээгдэхүүнээ гаргавал, их ашиг олно. Монголчууд бизнесийг америкчуудаас арай өөр маягаар хийдэг. Би шинэ бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирдэг ч, Монголчууд шинэ юманд итгэдэггүй. Монголын бизнесмэнүүдтэй уул­заад, халаагуурын тухай ярихад, тэд “худлаа хэлж байна” гэж бодож байх шиг байна лээ. Харин америкчуудад шинэ бүтээгдэхүүн санал болгоход, “манай компани шууд туршаад үзье” гэж хүлээн авдаг. Монголд шинэ юм хийхэд олон жил шаарддаг.

Энэ нь монголын эдийн засагт шууд нөлөөлдөг. Зөвхөн миний бизнес ч биш, Монголд бизнес эрхэлдэг гадаадын хүмүүс энэ талаар санал нийлдэг. Тэд “монголчуудад тус болох гэтэл, шинэ юм хүлээн авахгүй байна” гэлцдэг. Энэ үл итгэх байдал нь монголын хөгжилд саад болдог. Бусад оронд хэрэглэж байгаа юмыг хэдэн жилийн дараа хэрэглэдэг. Гэтэл энэ хугацаанд өөр шинэ юм гараад ирдэг. Монголчууд шинэ юманд нээлттэй байвал хурдан хөгжинө. Америкад хуурамч бүтээгдэхүүн зар­вал шоронд орно. Монголд тийм хууль байсан ч хэрэгждэггүй. Ер нь хүмүүсийн хийж байгаа юмыг нарийн шалгах хэрэгтэй. Америк­чууд бизнест юу саад болж байгааг судлаад, асуудлыг дор нь шийдэж, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн гаргадаг. Бид өөрсдийн хүрээнээс хальж, бусад орны хэмжээнд асуудлыг шийд­дэг.

Манай компани олон жилийн турш бизнесийг ингэж хийдэг байсан. Америк компанийн захир­лууд эгэл хүмүүс шиг хувцаслаж, жирийн машин унаж, энгийн байх дуртай. Компаний захирлууд жирийн хүмүүсийн дунд амьдарч, тэдний амьдралд юу хэрэгтэйг судалж байдаг. Тиймээс ард түмний хүсэл эрмэлзэл, хэрэгцээг сайн мэддэг учраас бизнестээ амжилт олдог. Гэтэл Монголын бизнесмэнүүд үнэтэй машин унаж, тансаг харшид амь­дарч, мөнгөө дэмий зүйлд үрдэг. Америкт шинэ бүтээгдэхүүн үйлд­вэрлэхийн өмнө асуудлыг шийдэхийн тулд зөвхөн менежерээс бус, цэвэрлэгчээс эхлээд компаний бүх хүнээс санал авч, эдгээр санаануудыг нэгтгэн, шинэ технологи бүтээдэг. Иймээс хүний хэрэгцээнд нийцсэн байдаг. Энэ шинэ санаа компанийн хамгийн доор байсан хүмүүсээс гарсан түүх бий. Ямар ч хүнээс ирсэн хамаагүй ашигтай санаануудыг дор нь хүлээн авдаг.

- Америкчууд цаг нарийн барьдаг уу?

- Америкчууд цагийг яс барьдаг. Хэлсэн юмаа цагтаа хийнэ. Ажилдаа цагтаа ирж, цагтаа тарна. “Би энэ ажлыг маргааш өглөө хийнэ” гэвэл яг хийнэ. Тэд маш хурдтай ажилладаг. Цаг бол мөнгө учраас өнөөдөр хийвэл ашигтай. Маргааш өөр юм хийх ёстой. Гэтэл монголчууд цаг нарийн барьдаггүйгээс гадна мон­голын маргааш дуусдаггүй. Үүнээс болж, монголын бизнесмэнүүд ашгаа их алддаг. Америкчууд зөвхөн өөрийн­хөө мэргэжлийн дагуу сурсан ажлаа хийнэ. Түүнээс өөр юм хийхгүй. Сэтгүүлч хүн сэтгүүлээ хийхээс байшин барихгүй. Гэтэл монголчууд ямар ч юмыг хийнэ. Мал маллаж, байшин барьж, хоолоо хийдэг. Энэ бол монголчуудын давуу тал. Америкт ийм хүн ховор. Монголчууд ухаан бодлоо зөв ашиглавал, хурдан хөгжих бүрэн боломжтой. Цагийг оновчтой зөв ашигладаггүй нь бизнес хийхэд саад болдог. Би саяхан интернэтээр АНУ, Канад руу шууд ярьдаг америк дугаартай телефон аппарат Мон­голд оруулж ирлээ. Жилд 150 доллар төлөөд энэ хоёр улс руу чөлөөтэй ярьж болно.

Цаг Төр Хүмүүс


URL:

Сэтгэгдэл бичих