Н.Энхбаяраа, айгаагүй юм бол гараад ир

-Ална гэсэн үг, аймаар “но” хоёрынхоо алинд нь дарамтлуулаад байгаагаа ард түмэндээ ний нуугүй хэлчих-

Гарч үзээгүй уулын оргил, хүрч чадаагүй улстөрийн албан тушаал гэж байгаагүй хүнд айж, ичээд байх юм үлдээгүй л баймаар. Алтай Таван богдоос эхлээд авирч үзээгүй уул гэж түүнд байхгүй. Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд сууж үзээгүй сэнтий гэж бас түүнд алга. Н.Энхбаяр Бүх ард түмний Их хуралдай гэгчийг зохион байгуулж, талбай дээр морьтон эрсийг авчирч суулгаж байснаа яагаад таг чиг болчихов оо. Түүнд усанд хаясан чулуу шиг алга болох маш том шалтаг шалтгаан байх нь ээ. Яаж чив чимээгүй суух вэ, намайг ална, гэр бүлийг маань хүйс тэмтэрнэ гэж заналхийлээд байна гэж тагнуулынханд хамгаалагчаараа дамжуулан хов хүргэснээс биш өөрөө гарч ирээд хэлчихсэнгүй. Тийм зүрх зориг байсангүй. Бүхэл бүтэн улс орныг дөрвөн жил удирдсан түүнд мэдэхгүй, чадахгүй зүйл гэж үгүй баймаар. Хэрэв түүнийг заналхийлсэн нь үнэн л юм бол яагаад бас таг чиг болчихов. Тагнуулчид ч тэр занаж зүхээд байгаа хүмүүсийг нь эрж хайгаад бөөн л юм болж баймаар юм. Гэвч тэгсэнгүй. Явуургүй алхам хийчихлээ гэдгээ мэдээд ичээд гарч ирэхгүй байгаа юм гэж наахнуур бодож болох ч ичих булчирхайгүй гэдгээ харуулчихсан болохоор чадахгүй нь. Их хуралдай, морьтон жагсагчдаар тул барьж МАНАН-гийн Засгийн газрыг унагаж, төрийн эрхийг авахаар улайрч байснаа жагсаал хамуудаа, жагсагчдаа хаячихаад ичээндээ орсон нь олон хүний аазгайг хөдөлгөчихлөө. Албан бус эх сурвалжуудын яриагаар “Анод” банкны хэрэгтэй холбогдуулан хүүхдийг нь барьж хорино гэж айлгасан, маш том хэргээр аавын хаалга татуулна гэж хаанаас ч юм түүнийг заналхийлсэн гэх. Тэр юутай ч нэг юмнаас айжээ. Харин юунаас айсан байж таарах вэ. Айснаасаа болоод алуулах нь гэж бодоод утсаар ирсэн мессежийг хамгаалагчаараа дамжуулан тагнуулынханд хүргүүлсэн бололтой юм. Н.Энхбаярын хувьд айх рефлекс аль хүүхэд ахуй цагт нь тогтчихсон юм гэнэ лээ. “Н.Энхбаярын гурван гавьяа” гэдэг нийтлэлд бичсэнээр тэр удам судраа олонд дэлгэхээс хүртэл айж ирсэн аж. Уг нийтлэлд Н.Энхбаярыг буриад ястан гээд “Халх ойрдыг язгуур угсаагаар ялган хоморголон алж байсан бол буриадуудыг үндэстэн ястны хувьд ялган устгах этноцид бодлого явж байсан. Орон даяар баян ноён байсны учир адлагдаж байсан бол тэд буриад хүн болсныхоо төлөө алагдаж байв. Удам гарвалынхаа хувьд хавчигдсан энэ хүмүүсийн тавилан Гитлерийн гарт өртсөн еврейчүүдийнхтэй зарим талаар төстэй. Буриадуудын удам судрыг дайрсан тавилан үлэмж өрөвдөлтэй. Этноцит аллагын сүүдэр удам дамжин тусчээ… Нийгмээс гадуурхагдаж явсан хүмүүсийн үр хүүхэд нь ихэнх нь архи дарсанд орж, ингээгүй зарим нь эргэн тойрноо хардсан, бүх хүмүүсийг дайснаа гэж үзсэн парнойтой болон торнисон жишээ энүүхэнд…

Н.Энхбаяр Лондонд англи хэлээ дээшлүүлэхээр курст явж байхдаа аймхай хартайгаараа гайхагдаж байсан гэдэг. Барууны халгаатай номыг хэрхэн болгоомжтой уншдаг байснаа сүүлд хуучилсан байдаг ба хамт байсан хоёр хүнтэйгээ бараг уулздаггүй, өрөөндөө ороод хаалгаа түгжчихдэг, өөрийнх нь сүүлд ярьснаар бол ганцаараа ном уншдаг байж. Сүүлд УИХ-ын гишүүн болмогцоо үүднийхээ айлыг “Намайг тагнаад байна” гэж хардан Дотоод яамны оролцоотойгоор байрыг нь заруулан нүүлгэж байжээ… Н.Энхбаяр хотын унаган хүүхдийн нэг. Гэхдээ 40 мянгатын хулигаануудын ихэнхэд нь байдаг өөрийн гэсэн домог түүнд байдаггүй. Байсансан бол алдар хүндийн титмээ дааж ядсан түүний домгууд амилах байсан. Ухаандаа Монголын анхны орон сууцны хороолол болох 40 мянгатынхны нэг болох Санжийн Баяр, Эрдэнийн Бат-Үүл нар гэхэд өөрийн домогтой. Өөрсдөө атаман байгаагүй ч яриулах зөндөө түүхтэй. Баяр хорсол гомдлынхоо хариуг авдаг байснаараа, Бат-Үүл найз нөхдөө өмөөрөн хэрээ мэдэхгүй далжганаж алуулан алддаг байснаараа өнөөдөр домог болжээ. Ингэхээр Энхбаярт үеийнхэн шигээ охид эргүүлэн нармайгаа нээлцсэн намтар байхгүй. Тэр муу намайг тэгж зодоод гэх хууч байхгүй. Тэрний бүлэгт явлаа гэж сайрхах хуудас байхгүй… Ингэхээр түүнийг зодуулбал өвдөнө гэж айсан, зодвол өөрөө шоронд орно гэж айсан, охидод сэтгэлтэй болбол өрсөлдөгч нарт нармайгаа нээлгүүлнэ гэж айсан, бас дээр нь буриад цуснаасаа айсан, айсан айсан дээрээ айсан, гэрээ сахисан шар банди байжээ гэж төсөөлөхөөс өөр замгүй. Тэгээд хичээлээ давтахаас өөр замгүй. Давтлаа ч айсан сэтгэл нь юм хүлээж авдаггүй байсан уу, бүү мэд.

Дунд сургуулиа төгсөөд ээжийнхээ хүчээр одоо болтол ичдэг байж мэдэх орчуулагчийнхаа сургуульд явжээ… Үргэлж дутуугаа мэдэрч гутарч өссөн түүнийг хүн шиг харагдуулах, мэдрүүлэх юм гэвэл эрх мэдэл, зөвхөн эрх мэдэл байжээ. Зав гарвал бүр уулын оргилд хүртэл авирна гээч…” хэмээн бичжээ.

Ёстой загатнасан газар маажна гэдэг шиг хэлсэн байгаа биз. Үнэхээр оргилын оргилд гарч, тэндээс доошоо биш үргэлж дээшээ харж явсан хүнд уруудна, унана гэдэг тэвчихийн аргагүй байдаг биз. Ямар сайндаа л засаг төрөөр оролдож байх вэ дээ. Уйдсан хүүхэд юугаараа тоглоно гэдэг шиг. Энэ улсын түүхэнд алдсан, оносон юм их бий. Н.Энхбаярт ч алдсан оносон юм их бий. Оносноосоо алдсаныгаа харин ахин дахин ярьж сануулж, өдгөөгийн төр засгийн тэргүүнүүддээ “титэм үг” шиг юм чулуудчихаад сууж байвал айдас нь бага ч болов нимгэрэх байсан бус уу. Ерөнхийлөгчөөс буух хүртэлх бүхий л цаг үеийнхээ алдаа, өгсөн авсан авлига, айлгаж дарамталсан, буулгаж, дэвшүүлсэн хүмүүсээ тоочоод, буруу булхайтай болгоноо ил гаргаж тавьчихаад намайг цаазалсан ч багадна гээд сууж байвал харин ч “ална” гэж мессеж бичих нь бүү хэл ард түмэн харин ч жинхэнэ мужин гэж магтах байсан юм. Монголчууд зодуулж байгаа хүнийг өрөвддөг ард түмэн гэдгийг ухаарсангүй дээ. Ажил хийж байгаа хүн үргэлж гоочлуулдаг болохоор төр засгийн ажил уруудаж, бас босч яваа. Н.Энхбаярыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхад ч тийм л байсан. Цаашид ч тийм л байна.

Ингэхэд танд нэг үг дайя. Айгаагүй юм бол гараад ир. Гарч ирээд айлгаж, дарамтлаад байгаа хүмүүсийнхээ булхайг нь илчлээд өг. Унавал хамтдаа л унана биз, яадгийм. Ална гэсэн үг, аймаар “но” хоёрынхоо алинд нь дарамтлуулаад байгаагаа ард түмэндээ ний нуугүй хэлчих. Тэгвэл харин ч таныг өмөөрнө шүү, энэ ард түмэн.

“Монголын мэдээ” сонин Б.ОЮУНГЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих