Талбай дутаасан компанийн эзэдтэй уулзлаа

ШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр орон сууцны талбай дутаасан барилгын компаниудын төлөөлөлтэй уулзав. Өнгөрсөн жилээс иргэдийн гомдлоор талбай дутаасан орон сууцнуудад хэмжилт шалгалт хийхэд 1.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Хохирлыг барагдуулахад зарим компани хойрго хандаж, хууль шүүхийн байгууллагад тулжээ. Тиймээс ШӨХТГ-аас уг асуудалд компаниуд хэрхэн хандаж байгаа, ямар асуудал тулгарч буйг нь сонслоо. Уулзалтад “Тайгам Алтай”, “Зүмбэр орд”, “РСС” зэрэг 20 орчим компанийн захирал болон хуулийн зөвлөхүүд ирсэн байв. Нийт 40 гаруй компанид хаягласан гомдол тус газарт иржээ.
Барилгын компаниуд 2010 онд мөрдөгдөж эхэлсэн барилгын тухай стандартад ихээхэн шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, 200 гаруй сая төгрөгийн талбай дутаасан гэх “Тайгам Алтай” компани хохирлоо барагдуулах боломжгүй, одоогийн мөрдөгдөж буй стандарт нь компаниудыг хэтэрхий дарамталсан гэж үзэж буй аж. Компанийн хуулийн төлөөлөгчийн хэлж буйгаар одоогийн стандарт нь Стандарчлал хохирлын үнэлгээний тухай хуулиар аливаа стандарт нь худалдаа үйлчилгээ борлуулалтад үндэслэлгүйгээр хохирол учруулахыг хориглодог. Айлын захиалгаар өрөөнд нь хана босгоод өгчихөөр талбайнаас нь хасагдчихдаг. Тэр нь компанид хохирол болж байна хэмээв. Түүнчлэн Зүмбэр орд компанийн хувьд 2010 онд батлагдсан стандартыг 2012 онд сонссон. Шинээр батлагдаж байгаа хууль дүрэм, стандартад барилгын компаниудын саналыг тусгадаггүй,батлагдсан мэдээллийг өгдөггүй гэсэн тайлбарыг хийж байлаа. Хамгийн ихээр гомдол ирсэн “Тай-гам Алтай” компанийг шүүхэд өгснөө дуулгасан юм. Тус компани улсын байцаагчийн албан шаардлага, торгуулийг төлөхөөс татгалзаж буйгаас гадна энэ асуудалд шүүхэд давхар ханджээ.
Эдгээр асуудалд ШӨХТГ-ын дарга О.Магнай хууль, журам, стандартаа дагаж мөрдөх ёстойг анхааруулж, шаардлага биелүүлэхгуй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч болно гэв. Тэрээр “Бид хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага. Тиймээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрмийг мөрдөж ажиллах, та бүхэнд шаардлага тавих эрхтэй. Дөрвөн жилийн өмнө батлагдсан стандартыг мэдээгүй байсан, санал нийлэхгүй байгааг хүлээж авахгүй гэв.
Б.Заяа
/Зүүны мэдээ/
URL:













