Ардчилсан нам АТГ-ын дараагийн даргын асуудлыг хөндөв
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээр дүгнэлт гаргах ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна.
Ажлын хэсгийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагаанд хангалтгүй гэсэн дүн тавьжээ. Ийм үнэлгээг авахад нөлөөлсөн гол үзүүлэлт нь үйлдвэржүүлэх бодлого, дэд бүтэц, хот байгуулалтын ажлууд урагшлаагүйтэй холбоотой аж. Тухайлбал, Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тухай асуудал цаасан дээр л төлөвлөгөө төдий байгаа зэрэг олон асуудал гарган тавьжээ.
Мөн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжжээ. АН-ын бүлгийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй боловч энэ үеэр хөндсөн чухал асуудал нь АТГ-ын дарга нарын тухай байсан. Бүлгийн нэр бүхий гишүүдийн зүгээс “АТГ-ыг удирдах дараагийн дарга нарыг томилох ёстой” гэж үзсэн байна.
Ингэхдээ “АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг гэм буруутай гэдгийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс тогтоож, яллах дүгнэлт үйлдсэн учраас дараагийн удирдлагыг томилох тухай асуудлыг УИХ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой.
УИХ-ын хаврын чуулганы хугацаанд уг газрын удирдлагыг шинээр томилохгүй бол чуулган завсарлаад хугацаа алдана хэмээн үзжээ. Тиймээс бүлэг энэ долоо хоногт зарлагдах УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд дээрх асуудлыг оруулахаар болжээ.
Б.Энх
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL:













