Сонгуулийг ингэж луйварддаг
Сонгууль луйвардах нь дэлхийн олон улс оронд байсаар ирсэн гайтай үзэгдлүүдийн нэг юм. Гайтай гэсний учир нь сонгууль луйвардах бүрт араас нь хэл ам, хэрүүл тэмцэл тасардаггүйгээс гадна ингэхгүй ч бол үүнээс бүр долоон дор үр дагавар амилж улс орны эсрэг томоохон гэмт хэрэг, ил далд бохир наймаа, хүчирхийлэл газар авч тухайн улсын эдийн засаг, хүн ам нь бүхэлдээ үлэмж хохирол үздэг.
Учир нь луйвардана гэдэг хэзээ ч зөв юмны эхлэл байдаггүй. Ийм ажиллагааны цаана заавал хар хүч байж байдаг. Ихээхэн сэхээ самбаатай, ухамсар боловсролтой, өөрсдийгөө хүндэлж чаддаг, өөрсдийнхөө үнэ цэнийг мэддэг ард түмэн бол ийм зүйл гарахаас урьдчилан сэргийлж чаддаг. өр нь сонгуулийн будлиан, луйврыг их хийснээр эцэстээ хүмүүсийн ардчилалд итгэх итгэл үгүй болж, сонгуулийн оролцоог бөхөөх ба улмаар дарангуйлал бий болох хөрсийг бэлтгэн ургуулж байдаг.
Бүр цаашлаад улс оронд эмх замбараагүй байдал газар авч, зэвсэгт мөргөлдөөн үүсэх, улс орон тогтворгүй байдалд орох үзэгдэл бий болдог нь нийгэмд батлагдсан зүйл. Сонгуулийн луйврыг хууль бус зүйл гэж үздэг ч хуулийн хүрээнд луйвар хийх аргад гаршсан улс төрийн хүчнүүд ч байдаг. Хэдийгээр техникийн хувьд сонгуулийн луйвар гэдэг нь зөвхөн хууль бус үйлдлүүдийг хэлж байгаа ч, заримдаа хуулийн хүрээнд харагдуулдаг ч ёс зүйн талаасаа зөвшөөрч боломгүй, ардчиллын зарчимыг зөрчсөн, хуулийн мөн чанараас гадуур үйлдлүүдээр илрэх нь бий.
Сонгуулийг зөвхөн шоу байдлаар зохион байгуулж, ганц хүн үнэмлэхүй ялалт байгуулах явдал гардгийг үүний жишээ болгож болох юм. Сонгуулийн луйврын олон сэжмүүдийг судалж тогтоосон хэдий ч энэ асуудал одоо хүртэл түвэгтэй хэвээрээ л байсаар байна. Хатуу ширүүн торгууль ногдуулах замаар хандах нь луйвар хийгчдийг луйвраа гаднаас нь харахад ардчилсан маягаар явуулж байгаа мэт боловч сонгуулийн кампанит ажил, тооллого, сонгогчдын бүртгэлийн явцад илүү зальжин, зохион байгуулалттай аргуудыг ашиглах хандлагатай болгодог.
Манай улсад ч сонгууль луйвардсан тухай их яригддаг ч одоо бол цаашдаа гарч болох алдаа эндэгдлээс хэрхэн сэргийлэх тухайд анхаарал хандуулах нь илүү чухал байна. Товчхондоо сонгуулийн луйвар гэдэг нь сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлөх явдал. Ингэхдээ сонгуулийн дүнд тодорхой нэр дэвшигчийн хувийг өндөр харагдуулах, эсрэг талын нэр дэвшигчийн хувь хэмжээг бууруулах нь гол зорилго.
Энэ үүднээсээ хуурамч сонгогч бүртгэж ажиллуулах, сонгуулийн байранд дарамт үзүүлэх, буруу тооллого хийх гээд л эсэн бусын аргууд хэрэглэгдсэн байдаг. Хууль зөрсөн ихэнх хэлбэрүүд нь зөвхөн сонгуулийн хуулийг зөрчсөн байхаасаа гадна зарим нь ерөнхий хууль зөрчих байдлаар илэрч болно. Хүчирхийлэл, зэвсэглэн дайрах, бусдыг гүтгэн гүжирдэх нь үүний жишээ.
Сонгуулийн луйвар нь зөвхөн санал авах байранд л явагдаад байгаа юм биш, харин олон нийтийн байгууллагын сонгууль, арга хэмжээ, кино ном хэвлэлээр аль нэг талд давуу тал олгох гэх мэтээр уг хууран мэхлэгчийн хувьд эрсдэлгүй байх боломжтой бүхий л сувгуудаар явагдаж байдаг.
Сонгуулийн луйврын хоёр томоохон хэлбэр байдгийн нэгдүгээрт сонгогчдыг чөлөөтэй сонгууль өгөхөд нь саад болох, үгүй бол үр дүнг өөрчлөх явдал нэрлэгдэнэ.
Ихэнх булхайнууд сонгуулийн кампанит ажлын үеэр буюу түүний дараахан тэр зуур болж өнгөрдөг. Сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс саад хийхээс гадна, сонгогчдыг тоолох явцад будлиан үүсгэж болдог. Үүнээс гадна сонгуулийн үйл явцыг дэглэн найруулах замаар алсаас нь ихээхэн стратегийн шинжтэй луйврыг бүр эртнээс эхлүүлсэн байж ч болдог. Жишээ нь, урьдаас төлөвлөсөн үр дүнгээ гаргаж авахын тулд сонгуулийн тойргийг төлөвлөж ашиглах явдал бий.
Ерөнхийдөө, сонгогчдын нийт бүрэлдэхүүн түүнд төдийлөн жин дархааргүй тодорхой бүлгүүдийг ч дотроо агуулж байдаг. Гэтэл тэдгээр нь хэдийгээр сонгогчдын дийлэнхийг бүрдүүлэхгүй ч тойргуудад ялалт байгуулахад хүргэж болох учраас олон санал авсан нам ч ялагдах байдлыг үүсгэж болдог. Манай улсын намуудын дотор энэ чиглэлээр ихээхэн маргаантай байдаг ч олон улсын түвшинд үүнийг хуулиар зохицуулж сонгуулийн луйвар хийх аргын хүрээнд авч үздэг гэдгийг хууль тогтоогч эрхмүүд эрх биш мэддэг байлгүй дээ.
Мөн нэлээд тохиолдолд урдаас төлөвлөсөн үр дүнгээ гаргаж авахын тулд зохиомол хяналт хийх аргыг хэрэглэдэг. Үүнд тухайн сонгуулийн тойрогт янз бүрийн сонгогчдыг нэмж оруулах, тусгай газар хооллож ундлах, архидуулах зэрэг хэлбэрүүдийг оруулна. Олон улс оронд үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн сонгогч тойрогтоо дор хаяад зургаан cap амьдарсан байх тохиолдолд сонгуульд оролцох эрхтэй байхаар зохицуулдаг ч уг хуулийн хүрээнд хаяггүй оршин суугчид, гэр оронгүй хүмүүс, жуулчид, түр хугацаагаар ажиллагсад гээд олон янзын хүмүүсийг урвуулан ашиглах боломж үлдсээр л байгаа.
Сонгуулийн найруулга зарим төрлийн хүмүүсийг сонгуульд оролцох боломжгүй болгосноор нөхцөл байдал өөрчлөгдөж болно. Бүр энэ нь хуулийн дагуу хийгддэг. Жишээ нь гэмт хэргийн сэжигтэн, саяхан ирсэн цагаачид, шашны болон зан үйлийн бүлгүүдийг сонгуульд орохыг хориглосон хуулиудыг хэрэгсэхгүй болгох, зарим бүлгүүдийг үгүйсгэх шалгуур тавих зэргийг энд дурдаж болох юм. Гэхдээ тухайн сонгогдсон бүлэглэлүүд нэг төрлийн сонголт хийх хандлагатай байх тохиолдолд шүү дээ.
Эдгээрээс гадна сонгуулийн процессын гүнд нь ажиллаж байгаа зохион байгуулалттай бүлгүүдийн үйлдлүүдээр зарим тохиолдолд тухайн сонгогчийн хувьд сонгогчдын нэрсийн жагсаалтаас хасагдсан байх зэргээр сонгуулийн эрх нь хаагдах явдал бий. Сонгуулийн явцад тэдгээр худалдагдсан ажилтнууд шаардлагатай, хууль ёсны зохицуулалтуудыг хэрэгжүүлэхгүй байж болно. Бичиг үсгийн төст хийхгүй, нягтлан шалгах ажлыг зориуд цалгардуулах, хэн нэгнийг сонгууль өгөхөд түвэгтэй болгох үйлдлүүдийг тэдгээр хүмүүс хийж байдаг.
Иймэрхүү байдлаар шашны болон ёс зүйн бүлгүүдэд ялгаварлал үүсгэх ч боломж гарч болно. Заримдаа санал авах байран дээр сонгуулийн байр, санал авч эхлэх болон дуусах цаг хугацааг худлаа зарлах зэргээр үймээн самуун үүсгэх нь бий. Эдгээр үйлдлүүд нь мөн зарим тохиолдолд хийгддэг замбараагүй, эргэлзээтэй саналын хуудас гаргах, намуудын нэрсийн байрлалыг хахуульдан худалдаж авах, намуудын нэрсийг андуурахуйц бичиглэлийн хэлбэрт оруулан саналын хуудсаар хүмүүсийг луйвардан мэхлэх зэрэг нэлээд өмнөөс бэлтгэгдсэн луйврын кампанит ажлуудтайгаа гайхалтай нийцэж байдаг.
Энэ мэт урдаас төлөвлөгдсөн луйврын үр дүнд зарим бүлгүүд сонгох эрхээ амьдралд хэрэгжихгүй зүйлээр боомилуулах нь бий. Жишээ нь зөвхөн тойрогтоо санал өгөхийг шаардах нь цэргийн албан хаагч, шоронгийн хоригдол, оюутан, өвчтөн, гадаадад амьдрагсад зэрэг гэртээ харих боломжгүй хүмүүсийг хохироодог.
Хугацааны хувьд ч, хол ойрын хувьд ч зарим группүүд иймэрхүү хязгаарлалтаас болоод сонгууль өгөх боломжгүй болох нь бий. Зарим нэр дэвшигч сонгогчдыг шууд ба шууд бусаар худалдан аваад санал өгсөн эсэхийг нь батлуулж байж төлбөр өгөх арга ч гардаг. Ингэхдээ настай хүмүүс, овгийн ахлагч нар, санваартан, төрөл төрөгсдийн дунд нөлөөлөл бүхий этгээдүүдээр дамжуулан энэ үйлдлээ гүйцэлдүүлэх, санал худалдан авах, нөлөөлөх оролдлогууд түгээмэл тэмдэглэгдсэн байдаг.
Сонгуулийн үйл явц буюу процессын хажуугаар зарим хүмүүс сонгогчдод буруу, замбараагүй мэдээлэл өгөх замаар сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролддог. Хамгийн нийтлэг тааралддаг өргөн хүрээтэй арга нь бусдын эсрэг юм уу тодорхой намын эсрэг зохион байгуулалттай гүжирдлэг явуулах хандлага юм.
Тэгэхдээ тэдгээр нь бүгд хууль бус байх албагүй шигээ хүний нүдэнд заавал сонгуульд чиглэгдсэн байхаар харагдах бас л албагүй байдаг.
Л.Баярдалай
URL:













