Ордын төлөөх Оросуудын шантаажаас олох ухаарал юу вэ
Шатахууныг цай шиг уухгүй, хоол шиг идэхгүй. Гэхдээ тэрэнгүйгээр нэг ч өдрийг өнгөрөөхөд бэрх цаг үед бид амьдарч байна. Шатахууны хомсдол нүүрлэсэн энэ цаг үед Улаанбаатарчууд ШТС-ууд орчмыг хөл тавих зайгүй болгон, дугаарлаж байгаад түлшний бараа харж байна. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд ноён В.В.Путинтэй уулзаж, нефтийн талаар ярилцсан бөгөөд В.Путин боломж нөхцөлөө тооцон үзэж, “Роснефть” компанийн нөөцөөс даруй нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Засгийн газрын орлогч дарга И.И.Сечин болон бусад холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон таатай мэдээ байна.
Гэхдээ энэ нь өнөөдөр хомсдол арилсан гэсэн үг биш. Албаны хүний хэлсэнээр тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар дизелийн түлшний үлдэгдэл Улсын хэмжээнд 4800 тонн байгаа нь ердөө 4 хоногийн нөөц гэж байсан. Харин өнөөдөр зургадугаар сарын 2-ны өдөр. Нөөц хоёр хоногийнх үлдээд байна гэсэн үг. 31-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нэмж дизель түлш ирсэн гэсэн мэдээллийг хэн ч өгөөгүй учраас ингэж тооцоод байгаа юм. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан 31-ний өдөр мэдээлэл хийхдээ А-80 бензин 8400 тонн байгаа нь 18 хоногийн нөөц, А-92 бензин 6200 тонн байгаа нь 10 хоногийн нөөц гэж хэлж байсан. Тэгэхээр өнөөдрийн тухайд А-80 бензиний 16 хоногийн, А-92 бензиний 10 хоногийн нөөцтэй байгаа гэсэн үг. 29-ны өдөр 3 вагон, 30-ны өдөр 2 вагон, 31-ний өдөр 1 вагон дизель оруулж ирсэн гэх бөгөөд энэ мэтчилэн оруулж ирсээр, зургадугаар сарын 10 гэхэд түлшний нийлүүлэлт жигдэрнэ гэсэн үгийг Газрын тосны газар, ЭБЭХЯ-наас өгч байгаа. Гэхдээ жинхэнээсээ жигдрэх эсэх нь төрийн өндөр дээд албаны эрхмүүдийн хэлэлцээнээс хамаарч буй юм.
Өнгөрөгч дөрөвдүгээр сараас ОХУ-д газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүссэний улмаас тус улсын Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад дотоодод борлуулах автобензины үнийг 5 хувиас хэтрүүлэхгүйгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрч газрын тосны бүтээгдэхүүний экспортын татварын хэмжээг өмнөх сараас 44 хувиар нэмэгдүүлэн тонн тутамд нь 408.3 ам.доллар болгож 124,4 ам.доллараар нэмэгдүүлсэний, зэрэгцээ гадаадад экспортлох газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг хязгаарлах арга хэмжээ авч байгаагийн улмаас Монгол дахь нөхцөл байдал ийм болоод байгаа талаар бид ярьж байгаа. Асуудал нэг талаас ийм. Нөгөө талаас, шатахууны нийлүүлэлтийн тал дээр чангахан бодлого барихаа Оросууд оны өмнөөс л анхааруулсан байдаг.
Тавантолгойг “өмчлөх” хүсэл
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд С.Батболд В.Путины урилгаар тус улсад айлчилсан. Айлчлалтай давхцуулан шатахууны нийлүүлэлт дээр асуудал үүсч болзошгүй талаар яригдаж байсан. Газрын тосны хувьд бүрэн хамааралтай Монгол улсад ийн анхааруулга маягийн байр суурийг илэрхийлэх болсоны гол шалтгаан нь чухам юу вэ гэдэг асуултын хариултыг Тавантолгой ордтой уяж харж болно. Тус ордод оролцоогоо баттай болгохын тулд Оросууд давуу талаа ашиглаж байна гэсэн үг. Тавантолгойн нүүрсний ордыг эргэлтэд оруулахад оролцох хүсэлтэй байгаагаа Оросууд илэрхийлээд лав 5 жил болж байна. Тус ордын стратегийн хөрөнгө оруулагчийн эхний шалгаруулалтад “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг “Базовый элемент” ”Ренова” “Северсталь” нар нэгдэн консорциум болон орж ирж байсан юм. Харин өнөөдрийн тухайд Оросын төмөр замуудын нэгдэл , Японы Сумитомо, Иточу, Сожитц, Марубени-тэй, Солонгосын Корес-той нийлэн нэг консорциум болон Тавантолгойн тендерт өрсөлдөж, Хураангуй жагсаалтад үлдээд байгаа юм. Оросууд стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг албан ёсоор зарлахад оролцох хүсэлтээ хамгийн түрүүнд илэрхийлсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа нь манай Ерөнхий сайд урилгын дагуу тус улсад очсон юм. Айлчлалын үеэр Тавантолгойн талаар ярилцана гэх, ярилцсан гэх мэдээлэл байгаагүй ч, албаны хүмүүс яриа болдогоороо болсон гэдгийг хэлдэг.
Мөн энэ айлчлалын үеэр “Монголросцветмет”-ийн эзэмшилд байгаа Асгатын мөнгөний ордыг оросууд “их өр”-ийн барьцаанд авч, энэ барьцаа ашиглан “Монголросцветмет”-ийн өөрийн талын хувийг 51 болгох хүсэлтэй байгаа гэх мэдээлэл байсан ч, Асгатын ордын асуудлыг хэлэлцэлгүй, их өрийн асуудлыг шийдсэн. Ингэхдээ Дорнод ордыг эргэлтэд оруулах Дорнод-Уран хамтарсан үйлдвэрийг байгуулах гол тохиролцоогоо хийсэн харагддаг. Өдгөө Канадын талын нэхэмжлэл Арбитрын шүүх дээр байгаа, арбитрын хурал өнөө маргаашгүй болох хэмжээнд хүрсэн ч, Оросын тал үүнийг ноцтой гэж харахгүй байгаа. Тэд бүр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, том гүрний зангараг харуулсан. Энэ бүхнийг өгүүлэхийн учир нь Асгатыг барьцаа болгож авалгүй, их өрийн үлдэгдлийг шийдэж өгсөн нь ураны тохиролцоогоо урагшлуулах, нэг нааштай алхам нь байсан бол, Тавантолгой дахь оролцоогоо тодорхой, давуу болгохын тулд Оросууд юугаар түрий барьж байна вэ гэсэн асуулт бий.
Тавантолгой ордыг эргэлтэд оруулаад, нүүрсийг нь олборлолоо гэхэд, зах зээл байхгүй бол юуных нь үр ашиг байх вэ. Тиймээс хоёр хөрштэйгөө Транзит тээврийн гэрээг үзэглэх ёстой. Нүүрсээ үнэд хүргэхийн тулд Дамжин өнгөрүүлэх тээврийн хэлэлцээрийг зайлшгүй хийх ёстой. Хоёр хөрш ч үүнийг сайн мэдэж буй. Уг нь Далайд гарцгүй орнуудад транзит тээврийн асуудалд нь хөрш орнууд нь дэмжлэг, хөнгөлөлт үзүүлнэ гэж олон улсын гэрээ, конвенцид заасан байдаг ч, Орос, Хятад хоёр тэгж найр тавихааргүй ширүүн. Гэхдээ тэдний өөдөөс угтуулан тавих нөхцөлөө сайтар бэлдэж, гаргаж тавих нэг арга бий гэдгийг эрхмүүд хэлдэг. Гэсэн ч тэд өөр бусдаар боож байна.
Өнгөрөгч оны сүүлээр Дорнод ордыг сонгож, нүүдэл хийсэн Оросууд өдгөө биднийг хэрхэн яаж шантаажилвал барьцаа лавшруулах вэ гэдгээ мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалыг угтуулан хамтарсан байгууллагуудын хурлаар Оросууд Асгатын ордыг эргэлтэд оруулах тухай яаравчлуулсан. Хөрөнгө оруулалтыг нь хэрхэн шийдвэрлэх тухай ярьсан. Дараахан нь УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ ордын талаар хэлэлцэж даруйхан эргэлтэд оруулах чиглэлд Засгийн газар ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Ерөнхийдөө Асгатын тухайд эргэлтэд оруулах эсэх асуудал нь Засгийн газрын мөрийн хөтбөлбөрт бий юм. Гэхдээ Оросууд ингэж яаруулж байна.
Мөн тэд шатахууны нийлүүлэлтэд тун хойрго хандаж буйг Тавантолгойн төлөөх сонирхолтой нь давхцаж, харагдаж байгаа. ОХУ-ын дотоод нөхцөл, байдлаас болж “Роснефть” Монгол Улсад нийлүүлэх дизелийн түлшний хэмжээг 4, 5 дугаар сард ихээхэн хэмжээгээр хассан. Монгол Улсын дизель түлшний сарын дундаж хэрэглээ дунджаар 34000 орчим тонн байдаг бол 5 дугаар сард 17 000 тонныг Оросын тал олгосон. Үүнээс болж Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд Сергей Иванович Кудряшовт албан захиа, ОХУ-ын “Роснефть” НХН-ийн Ерөнхийлөгч Э.Ю. Худайнатовт, хандан тавдугаар сард Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Мөн тавдугаар сарын 11-нээс 13-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан ажлын хэсэг Москва хотод очин холбогдох хүмүүстэй уулзаж, үр дүнд нь Роснефть компаниас тавдугаар сард нэмж 8 мянган тонн дизелийн түлш олгохоо албан бичгээр мэдэгдсэн ч, өнөөдрийг хүртэл тэр түлш нь үйлдвэрээс ачигдаагүй байгаа юм.
ОХУ-ын “ТНК-БП” компаниас 16 мянган тонн дизель түлш нийлүүлэгдэнэ гэж байгаа ч, бас ирээгүй байна. Тэгэхээр авъя гэхээр, үгүй гэхгүй хэрнээ, өгөхгүй байгаа Оросууд зургадугаар сараас нийлүүлтээ жигдрүүлнэ гээд байгаагийн үнэн шалтгаан нь зургадугаар сард ялагч нь тодрох учиртай Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендертэй холбоотой. Тендерийн ялагч энэ зургадугаар сард тодорно гэсэн мэдээлэл тавдугаар сард гарсан. Санхүүгийн хямралын үед нэлээд ядарсан Оросууд Тавантолгойн ордын дэд бүтцийн судсыг атгах хүслээ илэрхийлж, даруухан загнаж үзэж байсан ч, үнэн хүсэл нь тус ордын стратегийн хөрөнгө оруулагч байх юм. Тиймээс ч төмөр замыг атгасан Оросууд одоо барьцаа лавшруулж, дарамталж байна.
Уг нь Ажлын хэсгийн зүгээс Америкийн “Peabody Energy”, “Экстрата” -гийн зүгээс тавьж буй саналуудад нааштай байгаа талаар мэдээлэл байгаа ч, хөршүүдээс эмээхгүй байх аргагүй байна. Манай тал сул талаараа хөршүүдийнхээ аманд унаж, аяыг нь олохоос өөр аргагүй л болж байна.
Ц.Элбэгдорж ерөнхийлөгч энэ өдрүүдэд Оросод айлчилж, Д.А.Медведевтэй уулзаж, олон асуудлыг ярьж байна. Мэдээж газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэвийн байдлыг хадгалах тухай, тэгээд Тавантолгойн талаар гэхчлэн. Харин Орос гүрний удирдагч санаагаа түс тас шулуухан хэлж байна.
Д.А.Медведев “Хэн нь ямар хувь үүрэгтэй байх нь төмөр замын үйл ажиллагааг санхүүжүүлэх, хамтарсан төслийг хөгжүүлэх асуудалтай холбоотой. Хамтарсан боломжийн төслийн тухайд Таван толгойн орд ч хамаарч байгаа. Төмөр замын асуудлаар хэлэлцээ үргэлжлэх болно. Эцсийн бүлэгт Орос, Монголын үндэсний эрх ашгийг харгалзан илүү орчин үед нийцүүлэхийн тулд хэлэлцээрийг эргэн харахад хүрнэ. Таван толгойн асуудлаар бид саналаа Монголын талд хэлчихсэн байгаа. Цөмийн хамтын ажиллагааны асуудлаар төсөл хэрэгжүүлэх асуудлыг бид бас ярилцсан. Эдгээрийг түргэн шийдвэрлүүлэхийн тулд бид өөрсдөө сайн ажиллах ёстой” гэсэн бол, Ц.Элбэгдорж “Олон асуудлаар бидний байр суурь нэг байна. Таван толгойн асуудлаар Засгийн газар ойрын үед зарласан тендэрийнхээ дүнг гаргана. Энэ тендэрт ОХУ оролцож байгаа. Бид ОХУ-тай энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэл бий” хэмээн хэлээ.
Мөн Д.А.Медведев хоёр орон худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхийн тулд “Юу хийх хэрэгтэй вэ гэвэл хөшүүрэг болохуйц том төслүүд хэрэгжүүлмээр байна. Бидэнд Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт гэх мэт түүхэн хөшүүргүүд байгаа. Гэхдээ хамтын ажиллагааны шинэ хүрээ хэрэгтэй байна. Тавантолгой цөмийн салбар гэх мэт том төслүүд хамтын ажиллагааны хөшүүрэг болох ёстой. Тэр үед л Монголтой худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлж байгаагаасаа сэтгэл хангалуун байдлыг мэдрэх болно” гэдгээ мэдэгдээд байна.
Дээр хэлсэнчлэн мөнхийн хоёр хөршийн нэг нь ийнхүү хүслээ шулуухан илэрхийлж байна. Манай тухайд сул талаа багасгах дотоод нөөцөө ашиглах, тэгж байж, угтуулан тавих нөхцөл гэдэг юмтай байх шаардлага байна. Хэдийгээр Тавантолгойд гуравдагч орнуудын оролцоог, тэдний хөрөнгө, технологийг ашиглахыг манай тал хүссэн ч, хөршүүд тийм боломж олгох нь эргэлзээтэй. Тухайлбал, шатахууны шантаажаас бид юу ухаарч үлдэх вэ?
Шантаажаас ухаарлыг олох нь
Орсуудын нэг дарамт болох шатахууны нийлүүлэлтийн хомсдолын эсрэг нурж унаад байхааргүй боломж дотоодод бий юм. Гэсэн ч асуудалд талууд гэж бий. Шатахуун хомсдсоны үр ашиг, тэндээс ирэх боломж, нөгөө талд эрсдэл, аюул гэж байна.
Нийтийн тээврийн үнэ нэмэгдэх гэж сандаргаад, иргэд ихээхэн бухимдалтай байна. Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх замыг шулуутгах аюул байна. Нэг ёсондоо таны, миний халааснаас сэм хумслагч инфляцийг хөөрөгдөх нэг шалтгаан нь шатахууны хомсдол байж болно. Байдал энэ янзаараа үргэлжилвэл гэсэн үг.
Эдийн засгийн өсөлтийг авчрах гээд байгаа уул уурхайн үйлдвэрлэлийн гол хөдөлгөгч хүч машин, механизмууд зогсоод байна. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд тасалдал гарч эхлээд байна. Уул уурхайн салбарт ихээхэн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаатай холбоотойгоор эдийн засаг эрчимжиж аж үйлдвэр, үйлчилгээний салбарын өсөлт энэ онд хадгалагдах талаар уг нь эдийн засагчид хэлж байгаа билээ.
Аялал жуулчлалын улирал ид эхэлж буй үед хомсдол нүүрлэж байгаа нь сөрөг талтай. 2010 онд 456303 мянган жуулчин ирсэн нь, өмнөх оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт байв. Мөн энэ салбарын орлого 222 сая ам.доллар болж, 4.2 хувиар өссөн дүн байгаа. Жилээс жилд ирэх жуулчдын тоо нэмэгдэж буй тул энэ жилийн тухайд ч нэмэгдэх прогноз бий. Гэсэн ч шатахууны хомсдолоос хамаарч, аялал жуулчлалын салбарт бэрхшээл үүсэхгүй гэх баталгаа алга.
Мөн энэ онд их олон ой тохиож буй. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолоо олж авсны 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн их ой тохиож, ихээхэн бэлтгэл базааж сүр бараатай тэмдэглэхээр болсон. Их ойг үзэхээр жуулчид ч ирэх төлөвтэй. Гэтэл шатахууны хомсдол үүнд нөлөөлөхгүй гэх баталгаа бас алга.
Нийгэмд ихээхэн бухимдал үүсгэж байна.
Тэгвэл боломж хийгээд ухаарал нь юу байх вэ.
Түлшгүй машинууд зогсолт хийж, замын түгжрэл багасаж,иргэдийн бухимдал багасах магадлалтай байна.
Хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэгчлэн хөдөлгөөний дутагдлаас болж хөшсөн Улаанбаатарчууд алхдаг болж, хөдөлгөөний дутагдлаас ангижирч, бүр дугуйжсан хотын иргэд болох ч юм бил үү.
100 км-т 20-30 литр түлш иддэг үнэтэй машинуудаасаа ангижрах магадлал өндөр болж, бензиний мангас биш боломжийн иддэг, хямд талдаа машин хүссэн хүсээгүй сонгох болох нь.
Гол нь төр засаг нэг юм боддог болно. 2008 оны зун бензиний хомсдол нүүрлэхэд, алдагдлыг нь хэн ч төлөөгүй. Булангийн орнуудаас нефть авна, Тяньжингээс ачуулна гэдгээ өнөөдөр ярьж л сууна гэдгийг АБГБ-ын байнгын хорооны хурал дээр ч ярьж л байна.
100 хувь гаднаас хамааралтай байхын зовлонг ханатлаа мэдэрч байж, газрын тос боловсруулах үйлдвэрээ хурдан байгуулчихдаггүй. Яам болоод холбогдох газрууд боловсруулах үйлдвэр тал дээр дөрвөн жил ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд Зүүнбаянд жилдээ 300 мянган тонн түлш, шатахуун үйлдвэрлэх үйлдвэрийг барихаар холбогдох зөвшөөрлийг олгон бэлтгэл ажилдаа орсон гэдгээ хэлж байна. Хэрэв Чойбалсанд 121 мянган тоннын чадалтай үйлдвэр барих бол, ОХУ-ын хөрөнгө оруулалттайгаар Улаанбаатарын бүсэд 200 мянган тонн түлш үйлдвэрлэх үйлдвэр барина. Энэ зун жил нь эхлэх бөгөөд үйлдвэрийн эхнийх 2012 оны сүүл, дараагийн хоёр нь 2013 он, 2014 оны эхээр ашиглалтад орох юм байна. Гурван үйлдвэр улсын нийт хэрэгцээний 70-80 хувийг хангах бололцоотой гээд л нэг ил ухаарсан хүмүүс яриад байна. Нэг үйлдвэр барих зардал нь 38.3-53 сая ам.доллар гэнэ. Газрын тосны хайгуул бүх нутагт хийгдэж байгаа бөгөөд ихээхэн хэмжээний нөөц тогтоогдсон тохиолдолд нэг тэрбум ам.долларын өртөгтэй том үйлдвэр барих асуудлыг ярилцах талаар бас л яриад байна. Иймэрхүү маягаар яриад 20 жил болж буйгаа бас л ярьж байна. Тэгэхээр энэ ярьдар байдлаа халах цаг болжээ гэдгийг энэ шантааж харуулж байна.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай 1997 онд шинэ дээлээ нефтиэр мялааж байхад нь, ингээд Монголчууд түлшний хараат бус байдалдаа цэг тавих нь гэж олон Монголчууд баярлаж байв. Гэтэл 14 жил өнгөрөхөд нэг ч үйлдвэр үүдээ нээсэнгүй.
Ерөнхий сайд С.Батболд өнгөрөгч сард БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаатай танилцсан. Компанийн ерөнхийлөгч Гао Вэнбо 2005 оноос өнөөг хүртэл 1,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, хайгуулын ажлаа эрчимжүүлж, газрын тосны нөөцийг тогтоон манай улсад хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн хугацаанд 4,6 сая баррель түүхий тос олборлохоор төлөвлөсөн тухайгаа хэлж байсан. Манай талын нөхдүүд гэрээнд заасан хатуу хучилттай зам тавих, эрчим хүчээр холбох, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлын хэрэгжилт хангалтгүй байгаад хариулт хүсч байсан. Харин“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл зарим хэсгийн нөөцийг батлаж өгөөгүйгээс бүтээн байгуулалтын ажлууд удааширч байгаа. Нөөц батлагдсаны дараа хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж, ажил үргэлжлэх боломжтой гэсэн тайлбарыг өгсөн.
Ерөнхий сайд С.Батболд “хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хариуцлагатай, нээлттэй, өрсөлдөх чадвартай орчин бий болгох шаардлага бий болж байгааг хэлсан. Цаашид үйл ажиллагаандаа зайлшгүй анхаарах хэдэн зүйлийн талаар “Петро Чайна Дачин Тамсаг” компаний удирдлага болон манай улсын холбогдох байгууллагуудад хэлсэн бөгөөд газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмж тусгахыг анхааруулсан. Ийм байдлаар анхааруулаад л байдаг. Компаниуд нь төр засгийн байгууллагуудыг ажлаа хийхгүй байна гэж шүүмжилдэг байдалтай л байна.
Мөн нүүрснээс шатахуун гаргаж авах талаар яриад л байна. Монголын нүүрсийг шингэрүүлэх туршилтыг 1980-аад оны сүүлээр Орост хийсэн байдаг. Монголын зарим ордын нүүрс нь шууд шингэрүүлэхэд нэлээд тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Японд аваачиж бас шинжлүүлсэн дүн ч бий. Сүүлийн үед хийсэн судалгаагаар доктор Ж.Нарангэрэлийн Германд хийсэн нүүрс шингэрүүлэх туршилт бөгөөд үүгээр нүүрс шингэрүүлэх шинэ катализатор гарган авсан. ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн Нүүрсний химитехнологийн лаборатори Английн Лондон хотын “Империал” коллежтой хамтран нүүрсийг хувиргах, боловсруулах талаар хамтарсан судалгаа нэлээд хийсэн. Үр дүн байгаа л гээд байдаг.Тэрийг нь яагаад дэмжиж болдоггүй юм бэ.
Нөгөө талаас нөөц базаалаа гэхэд хадгалах агуулахын асуудал хүнд байсаар өнөөдрийг хүрэв. АНУ түлшний 500 хоногийн, Хятад 90 хоногийн Япон 6 сарын нөөцтэй байдаг бол манай улс Замын-Үүдэд барьж эхэлсэн 16 мянган метр куб багтаамжтай түлшний агуулах, ирэх оны төсөвт мөнгө нь суувал барьж эхлэх 60 мянган метр куб агуулах ашиглалтад орвол 30-40 хоногийн нөөцөө хадгалах боломжтой болно гэсэн зүйлээ ярьж л байна. Ярьж дуусдаггүй сэдэв өөрөө нефтийн асуудал болоод байна. Уг нь Монголчуудад түүхий эд нь байсаар атал, заавал хүний юмыг өндөр үнэ төлж авч, зовж, зүдэрч амьдрах шаардлага байна уу. Ингэн ингэн сул талаа өөгшүүлж, түүгээрээ дарамтлуулах гаж хүсэл Монголын төрд байгаа нь хачирхалтай.
Э.Болор
URL:













