Халаасны мөрдөх албатай болох сонирхол зарим хүний тархинд байна
УИХ-ын гишүүн Ц.НЯМДОРЖТОЙ ярилцлаа.
-Хуулийн салбарын шинэчлэл гээд маш олон хуулийг өөрчилж байна. Энэ шинэчлэлийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Шинэчлэл гээд байгаа юмыг чинь би Хууль зүйн сайдаар арваад жил ажиллахдаа, бас УИХ-ын гишүүн байх энэ хугацаандаа хоёр үе шаттай хийчихсэн юм ш дээ. 1992 онд шинэ Үндсэн хууль баталсны дараа тухайн үед мөрдөж байсан хуулиудыг Үндсэн хуульдаа нийцүүлэх ажлыг тэр үеийн УИХ хийсэн. Тэгэхэд Эрүүгийн хуулийн аж ахуйн эсрэг гэмт хэргийн бүлгийг шинээр батлах, Иргэний хуульд өөрчлөлт оруулах ажлууд хийгдсэн. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 1994 оны өөрчлөлтийг санаачилсан хүн нь би. Ийм байдлаар 1992 оны Их хурал эхний шатны шинэчлэлийг хийсэн юм. Харин 1996 оны Их хурал бол ганц хоёр л шийдвэр гаргасан. Сэжигтэн, яллагдагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хууль, гүйцэтгэх ажлын хууль гэдэг ч юм уу, тийм хуулиуд гаргасан. Том бүрэн хэмжээний шинэчлэл бол 2002 онд хийгдсэн юм. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хууль гээд гол хуулиудыг өөрчилсөн. Тэрийг дагаад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд, Өмгөөлөл, Прокурорын, Шүүхийн гээд 10-аад багц хууль батлагдсан юм. Үндсэн хуулийн хүрээнд хийсэн сүүлчийн том шинэчлэл бол тэр. Ингэж л Монголын хууль хяналтын байгууллагад мөрдөгдөж байсан хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэх ажил дууссан даа.
-Тэгвэл одоо хийгээд байгаа энэ шинэчлэл нь юу болж таарах вэ?
-2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдоод шүүхийн шинэчлэл хийнэ гэсэн санаа гаргаж ирсэн. Тэр дагуу түрүүчийн парламент Шүүхийн хууль, Шүүхийн захиргааны, Шүүхийн иргэний төлөөлөгчийн гээд дөрвөн хууль баталсан. 2002 оны шинэчлэлийг Хуулийн яамны хэдэн хүн сууж байгаад хийчихээгүй юм. Манай мөрдөж буй эрх зүйн систем бол Роман-Германы бичмэл хуулийн систем. Манайх тийм системтэй орон. Тэр системийн гол эх орон нь Герман, Франц хоёр гэж тооцогддог. Энэ одоо өөрчлөх гээд байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Иргэний хуулиуд дээр Германы том эрдэмтэд 1990-ээд оны дунд үеэс их удаан хугацаанд ажилласан. Тэдэнтэй хамтарч хийсэн хуулиуд юм. Ингэхдээ нэгд, Роман-Германы системээ баталгаажуулсан. Хоёрт, Үндсэн хуулийн үзэл санаанд, хайрцагт багтсан. Гуравт, Монголын нөхцөлд аль хувилбар нь зардал багатай байх вэ, ашигтай байх вэ гэдгийг тооцсон шинэчлэл байсан. Харин одоо энийг л дахиж өөрчлөх оролдлогыг эрх баригчид хийж байна даа. Ерөнхийлөгчийн оруулж батлуулсан шүүхийн дөрвөн хуулийг уншаад үзвэл тэр дотор шинэ юм огт байхгүй. Миний мэддэг мэдлэгийн төвшинд шинэ юм огт байхгүй гэдгийг баттай хэлэх байна. Хуучин байсан хуулиудыг л салгаад гаргачихсан. Шүүхийн хуулийг дотор нь Шүүхийн захиргааны, Шүүхийн тухай, Иргэдийн төлөөлөгчдийн хууль гээд гурав салгачихсан. Яг л 2002-2003 оны шинэчлэлийн хүрээнд хийсэн ажлуудын байрыг солиод тэрийгээ шинэчлэл хийлээ гэж автор зүүх гэсэн оролдлого. Харамсалтай нь энэ бүхэн нь байдлыг улам л дордуулаад байна даа. Шинэ юм нь шүүхийн захиргаа ямар ч шаардлагагүй байхад хэт томруулсан. Үүнээс шүүхэд, хүнд наалдах юм байхгүй.
-Шүүхийн шинэ хуулиуд батлагдсанаар яаж улам дордсон гэж?
-Шүүхийн энэ шинэ хуулиуд батлагдах хүртэл буюу хуучин хуулиуд үйлчилж байхад шүүх 60-аад тэрбум төгрөгийн зардалтай байлаа. Одоо зардлаа 230 тэрбумд хүргэнэ гэдэг тооцоог хийчихээд, тэрийгээ зүтгүүлээд хад мөргөөд сууж байна даа. Хоёрт, шүүхийн зохион байгуулалтыг буруу хийснээс болж жинхэнэ зовлон одоо л эхэлж байна. Шүүхийг эрүүгийн, иргэний гээд хоёр салгаад хаячихсан. Улаанбаатар хотод хоёр, хоёрыг байгуулсан. Хуучин зургаан дүүрэг дээр шүүх нь эрүү, иргэний хэргээ хамт шийдээд явчихдаг систем байсан юм. Одоо нэг хэсгийг нь эрүүгийнх, нөгөөг нь иргэнийх болгохоор дотор нь хөдөлгөөн хийх боломж хумигдсан. Эрүүгийн шүүх хурал боллоо гэхэд сонирхлын зөрчилтэй гээд 10 шүүгч дотроос сонголтоо хийдэг байсан бол одоо тав болсон. Жилийн хугацаанд 7000 орчим хэрэг шүүхээр ордгийн 50 хувь нь Улаанбаатарт гардаг хэргүүд. Тэрийг зургаан шүүх тасалдаг байсныг хоёр болгочихоор нэг шүүх дээр хэргээ шийдүүлэх хүний тоо эрс нэмэгдэж байгаа. Давж заалдах шатны шүүхийг бүсчилээд байгуулсан чинь одоо жирийн хүн давж заалдах хуралд оролцох ямар ч бололцоогүй болсон. Яллагдагч хүртэл бололцоогүй болсон. Жишээ нь, Увс аймагт хэргээ таслуулсан хүн шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэж байгаа бол давж заалдах шатны шүүх хуралд орно гэвэл тэр хүнийг цагдаагийнхан хуяглаж Ховдын давж заалдах шатны шүүхэд очихоос өөр аргагүй болж байгаа юм. Энэ мэт зовлон бий.
Би Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг юмыг хоёр жил толгойлсон. Тэр үед шүүх эрх мэдлийн шинэтгэлийн гээд 10 сая ам.долларын өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлж, ганц компьютертэй байсан шүүхүүдийг бүрэн компьютертэй болгож, сүлжээг нь хийсэн хүн нь би. Тэр үед зургаан хүний бүрэлдэхүүнтэй л тэр ажлыг хийсэн. Одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн аппарат гэдэг 160 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр бүтэц болсон. Ганцхан жилийн дотор шүүхийн захиргааны аппаратыг ийм олон орон тоотой болгох хуулийн шаардлага байхгүй. Хэрэгцээний ч шаардлага байхгүй. Зүгээр л хэдэн хүнийг ажилтай болгох эрх ашгийн үүднээс ийм Шүүхийн яам гарч ирлээ.
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн оруулж ирж байгаа төслүүдийн талаар та юу хэлэх вэ?
-Сүүлийн үед Засгийн газраас Х.Тэмүүжингийн оруулж ирээд байгаа юмнууд бол манайд огт байдаггүй далайн эрх зүйн систем гэдэг зарчмыг дагадаг Англи, Америкийн системийн дутуу судлагдсан хувилбар. Өөрөөр хэлбэл, манайд бол огт судлагдаагүй. Тэрийгээ л хууль болгох гэж оролдоод байна. Тахарын албаны гэдэг ч юм уу. Ер нь бол энэ яриад байгаа хууль сахиулах гэдэг бол Америкт ердөө ганц судалгааны байгууллага байдаг эд л дээ. Тийм л юм оруулж ирээд, тэр нь Монголд таарч өгөхгүй будлиан хутгаад явж байна.
-Шинэ оны эхнээс Х.Тэмүүжин сайдын шинэчлэлийн хүрээнд батлуулсан Цагдаагийн албаны тухай, Тахарын албаны тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Ямархуу дүр зураг харагдаж байна вэ?
-Тахарын албаны тухай гээд шинэ хууль мөрдөгдөж эхэллээ. Алба нь 500 гаруй орон тоотой байх юм гэсэн. Ийм хэмжээний орон тоо бий болгох гэхээр засагт мөнгө байхгүй. Угаасаа ийм алба шинээр байгуулах шаардлага ч Монголд байгаагүй. Тэр гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн төслийг чинь манай яаман дээр миний үед хийж байсан юм шүү дээ. Түүгээр бол шинэ алба байгуулахгүйгээр одоогийн цагдаагийн хүрээндээ л хамгаалалтыг нь хийгээд явах бололцоо байсан. Нөгөөтэйгүүр, Тахарын албыг 500 хүнтэй байгууллаа гэхэд Улаанбаатар хот, бүх аймагтаа хуваахаар нэг газарт хэдэн тахар байх юм. Хүн хүч нь хүрэлцэхгүй цагдаагаас л гуйна. Цагдаа нь манайд хамаагүй, асуудлаа шийд гэвэл тэгээд л хад мөргөнө шүү дээ.
Цагдаагийн албаны хуулийн хувьд хэрэгжүүлэхэд асар их бэрхшээл учирч байна. Заримыг нь онигооны хэлбэрт оруулж ч ярьж болохоор байгаа юм. Албан тушаалын цол гээд хийчихээр нэг хүн зөвхөн тэндээ л байгаад байх боллоо. Жишээ нь, хурандаа цолтой хүн хошуучийн рангтай албан тушаалд шилжихээр болбол нөгөө хурандаагийн таван хошуу нь байхгүй болчихно. Цол гэдэг юмны утга учир, нэмэгдлүүд нь байхгүй болчихно. Ийм юм болчихоод л цагдаагийнхан учраа олж ядаад байж байна.
Ийм байж дээр нь Мөрдөх албаны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гаргана гэж зүтгүүлээд янз, янз л болж байна. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуультай орон миний мэдэхийн байхгүй. Тэгэхээр тийм хууль гаргачихаар дараа нь хэрэгжүүлэх болоход түмэн төрлийн бэрхшээл гарах л байдал харагдаад байгаа юм.
-Цагдаагийнхан дотор нэлээд хөдөлгөөн, үл ойлголцол үүсээд байгаа юм шиг байна лээ?
-Тийм. Жишээ нь, цагдаагийн санхүүд ажиллаж байгаа хүмүүсийг энгийн болгоно гээд бөөн сэтгэл зүйн тавгүй байдал бий болгочихсон. Уг нь цагдаагийнхан чинь өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад, хамгаалалтын хүч нэмэгдүүлээд ирэхээр хуульч, санхүүч гэж ялгалгүй бүгд гудамжинд гарч үүрэг гүйцэтгэдэг. Нярав, нягтлангаасаа эхлээд бүгд тусгай хэрэгсэл аваад зохицуулалтад гардаг л юм. Тэр 200 хүний хувцас, хэрэгслийн мөнгийг хэмнээд тэрнээсээ цагдаад шаардаж байгаа хүмүүсийн орон тоог шийднэ гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй ээ.
-Ийм юмнуудаа мэдэхгүй хууль санаачлаад, тэрийг нь батлаад явсан хэрэг үү?
-Эдэнд хэдэн том алдаа байгаа юм. Нэгдүгээр том алдаа нь огт туршиж үзээгүй байж Англи-Саксоны хуульд байдаг зарим нэг зарчмыг Монголд шингээх гэж оролдож байна. Хоёрт, Монголын амьдрал гэдэг юмыг үл харгалзаж шинэчлэл гээч юмаа тулган хүлээлгэх гэж байгаа нь алдаа. Гурав дахь том алдаа нь, үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийнхээ саналыг огт авахгүй байна. Цагдаагийн асуудал ярихдаа цагдаагийнхаа саналыг авдаггүй. Авсан ч өөрийнхөөрөө зүтгэдэг. Прокурор дээр ч яг адилхан. Ер нь бол хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зангиддаг ганцхан хууль бий. Тэр нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль. Хууль сахиулах гэдэг нэртэй юмны тогоон дотор байгаа 5-6 байгууллагын өдөр тутмын ажлыг заасан хууль нь тэр байдаг. Тагнуул нь юу хийх юм, цагдаа нь яах юм, АТГ нь юу хийх юм гээд бүгдийг заасан, тус бүрт нь зохицуулсан. Ийм хуулийг нь өөрчлөхдөө ажил хийж байгаа хүмүүсийнхээ саналыг авдаггүй. Надад ажиглагдаж байгаа юм бол энэ шинэчлэл гээч юманд нь хуулийнхан дээд зэргээр дургүй байгаа. Нэгд, ойлгомжгүй болж байгаа. Хоёрт, цалин хангамж нь буурах бүх төрлийн зураг харагдаад байгаа юм. Гуравт, удирдлагагүй, замбараагүй байдал газар авах нь.
-Энэ хийгээд байгаа юмнуудад ажил хийж байгаа хүмүүс нь дургүй байгаа гэдэг үнэн байх. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Хууль зүйн Х.Тэмүүжингийн хийж буй ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна лээ.
-Би Д.Дорлигжавын ярилцлагыг үзсэн. Ер нь бол байцаан шийтгэх таван байгууллагын хэн нь юу хийх вэ гэдгийг эхэлж шийдэж байгаад дараа нь байгууллагуудын хуулиа гаргах ёстой юм. Тэгэхгүйгээр эхэлж байгууллагын хуулиудаа гаргачихаад үндсэн юм руугаа орох гэхээр болж өгдөггүй, тэрийг л ярьсан байна лээ. Тэгж ярихаас ч өөр аргагүй л дээ. Ил гарч ярьж байгаа нь л Д.Дорлигжав болохооос цаана нь хүчний байгууллагынхан чинь бүгд л энэ шинэчлэл гээч юманд нь дургүй байгаа.
Ерөнхийдөө бол Х.Тэмүүжин Үндсэн хуулийнхаа хүрээ, одоо мөрдөж буй хуулийнхаа ерөнхий хайрцгийг мэдрэхгүй л байна даа. Олон өнцгөөс харж ярьдаг, тэр өнцгүүдийнхээ нэгийг хууль болгох гэж оролдоод тэр нь бүтэлгүйтэж байна. Миний ганц эмээж байгаа юм бол хүчний байгууллагуудыг мухардмал байдалд оруулаад хаячих вий дээ. Зөнгөөрөө үүргээ мэдэрчихсэн, зөнгөөрөө алба нь явж байсныг болохгүй хууль гаргаад сэтгэлийг нь хөргөөчих вий гэдгээс л санаа зовж байна. Арга ядаад хуулиуд дээр нь санал хэлээд, тар тур хийгээд явж байна даа. Байнгын хорооны хуралд ч орж хэд хэдэн удаа санал хэлсэн. Ер нь бол ийм хариуцлагагүй байдал газар авахад хоёрхон зүйл нөлөөлсөн.
-Ямар хоёр зүйл вэ?
-Хуулийн салбарт юу хийх ёстой вэ гэдгийг мэдэж байгаа хүн олонхид ганц ч алга. Энэ АН-ын бүлэг дотор хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг мэдэрч, мэдэж байгаа, энэ систем хуучин ямар байсан, шилжилтийн үед ямар болсон, одоо юу болж байгааг мэдэж байгаа хүн алга аа. Засгийн газарт ч энийг мэдэж байгаа хүн алга. Хоёрт, энэ Хууль зүйн байнгын хороо гэдэг юм ерөөсөө УИХ-ын бүтцийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа юм байна. Би хоёр, гурван удаагийн хуралд нь орж энэ асуудлыг хоорондоо ярилцаж байхыг харлаа. Ямар ч чадваргүй бүрэлдэхүүн байна. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт цагдаагийнхныг цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулиас гаргаж хаячихаад, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын хууль гэж гарна, тэр дагуу нийгмийн хамгааллын асуудлыг нь шийднэ гэж тайлбарласан. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд нь мөрдөх алба, цагдаа, прокурор, бас АТГ орно гээд явж байгаа юм. Гэтэл өнөөдөр Байнгын хороогоор АТГ-ын алба хаагчдыг цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн хуулиар тэтгэвэрт гаргана гэсэн юм яриад явж байна.
Паркинсоны өвчин гэж байдаг юм. АНУ-ы Ерөнхийлөгч байсан Рейган, боксчин Мухамед Али нар энэ өвчнөөр өвдөж байсан. Өмнөхөө санахаа байчихдаг өвчин л дөө. Одоо энэ Байнгын хороо, УИХ-ын олонхийн бүрэлдэхүүн паркинсоны өвчнөөр бүрэн өвчилсөн байна.
Ер нь аливаа төр шийдвэр гаргахдаа дөрвөн юм харах ёстой байдаг юм. Нэгд, урд нь ямар байсан юм, одоо ямар болгох гэж зорьж байгаа юм. Хоёрт, энэ зорьж байгаа юм нь Үндсэн хуульд нийцэх үү. Гуравт, дэлхий ямар байна. Дөрөвт, ямар үр дүн авчрах вэ гэсэн энэ дөрвөн юмыг харж байж ашигтай бол хууль гаргадаг. Гэтэл одоо алийг нь ч харахгүй байна. Сайд байхдаа миний хамгийн сүүлд оруулсан хууль бол Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль байсан. Энэ төслийг оруулахдаа мэргэжлийн хүмүүсээр тооцоо хийлгээд, энэ хууль гарвал жилд ойролцоогоор 12 тэрбум төгрөг татвараар цуглах юм байна. Тэрнээс гурван тэрбумын зардлыг аваарын нөхөн төлбөрт хохирогчид олгох юм гэж тооцоо гарсан. Ноднин жилийн дүнг үзэхэд 15 тэрбум төгрөг цуглаад таван тэрбумыг нь хохирогчдод олгосон байдаг. Зөрүү нь 10 тэрбум төгрөг байгаа биз. Ингэж л хууль хийх ёстой. Жишээ нь, Шүүхийн хуулийг гаргаж хэрэгжүүлэхдээ өнөөгийн нөхцөлд хамгийн бага зардлаар шүүхийг хэрхэн үр дүнтэй ажиллуулах вэ гэдгийг тооцож байж хуулиа хийх байсан юм. Гэтэл одоо шүүгчийн цалинг таван сая төгрөг болгоно гээд гүйж байна. Тэрийг УИХ хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ бол ойлгомжтой асуудал. Яагаад ойлгомжтой гэхээр засаглалын салаа мөчрүүдийн дээд төвшний цалин ойролцоо байж засаглалын онол хэрэгжинэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн цалин УИХ, Засгийн газрын гишүүний цалинтай тэнцүү байх ёстой. Энэ бол Үндсэн хуулийн үзэл санаа. Гэтэл одоо Ерөнхийлөгчөөсөө гурав дахин илүү цалинтай шүүгчтэй болно гээд яриад явж байна. Энийг эрүүл үзэгдэл гэх үү.
-Энэ яваад байгаа шинэчлэл дээр Ерөнхийлөгч, Хууль зүйн сайдын байр суурь зөрүүтэй байх шиг ажиглагдах болсон. Та яаж харж байна вэ?
-Мэдэхгүй юм. Хамгийн аймшигтай юм бол энэ нарийн салбарын юмыг огт мэддэггүй хүн бүх юмыг яриад, хийгээд байна даа. Одоо жишээ нь Гэмт хэргийн тухай хууль гэж оруулж ирээд буцаагаад татаад авсан. Ийм хуультай орон өөр байхгүй ш дээ. Олон улсын баримт бичигтээ, бүх шатандаа ялтай, зэмтэй учраас Эрүүгийн хууль гээд нэрлээд явчихсан. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц гэж ч манай хэл дээр орчуулагддаг. Тийм юмыг Гэмт хэргийн тухай хууль гэж оруулж ирээд буцаагаад татаад авлаа. Хамгийн аюултай нь энэ оруулж ирж байгаа юманд нь ямар ч судалгаа алга. Хуулийг хийхдээ гэмт хэргийн хөдөлгөөний судалгааг асар сайн хийсэн байх ёстой. Тэгж байж доторхи үйлдлийг гэмт хэрэгт тооцох уу, үгүй юү, тооцвол хэдэн жилийн ял оноох нь зохистой вэ гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй. Ийм юм байхгүй зүгээр л дур зоргын юм оруулж ирээд хууль болгох гэж зүтгээд байна даа. Ядаж л Эрүүгийн хуулийг онолыг нь мэддэг, болж өгвөл жаахан ажил хийчихсэн, тэгээд хэдэн хавтастай хэрэг уншчихсан, хэргийн нарийн ширийнийг мэдэрдэг хүн хийвэл илүү зохистой, хэрэглэхэд амар болно. Гэтэл өнөөдөр Эрүүгийн хуулийн талаар “А” ч байхгүй, их сургуулийн оюутны шүүлгийн төвшний мэдлэгтэй хүн Эрүүгийн хуулийг шинэчилнэ гээд явж байна ш дээ. Ингэж болохгүй. Харьцуулбал, над мэтийн хуульч тархины дурангийн мэс ажилбарын талаар эмч нарт хичээл зааж байгаатай л адилхан юм болчихоод байна. Энэ явахгүй дээ. Нэг хүн бүх юмыг мэднэ гэж байхгүй. Огт мэдэхгүй сэдвээрээ бүхнийг мэдэгч болж жүжиг тавих хэрэггүй л юм.
-Ингэж жүжиг тавих боломжийг нь УИХ олгоод, оруулсан болгоныг нь хууль болгож баталж өгөөд байна шүү дээ?
-Эрүүгийн хууль, бас бус төслийг Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлээгүй байхад л АН-ын бүлэг эдгээр хуулийг дэмжинэ гэсэн шийдвэр гаргасан ш дээ. Энэ бол өнгөрсөн оны сүүлчээр болсон явдал. Би тэр үед АН-ын бүлгийнхэнд хэлж л байсан. Та нар галзуу юм уу гэж. УИХ-д орж ирээгүй, гишүүдийн гар дээр тараагүй төслүүдийг бүлгийн хурлаараа хэлэлцээд дэмжинэ гэж юу байдаг юм бэ гэж хэлсэн. Энэ УИХ гэдэг чинь Засгийн газраа хянадаг, оруулж ирсэн юмыг нь шүүгээд гаргадаг, төрийн эрх барих дээд байгууллага. Энэ институцыг яагаад ийм үнэгүй, Засгийн газрын хуулийн хэлтэс болгож байгаа юм бэ гэж би хэлсэн. Засгийн газар буруу юм оруулж ирж болно оо. Байдаг л үзэгдэл. Тэрийг шүүгээд, шүүсийг нь шахаад бяслаг болгоод гаргах үүрэг нь УИХ-д байдаг юм. Гэтэл энэ УИХ-ын бүтэц дотор нь байгаа Хууль зүйн байнгын хороо нь, эрх баригч АН-ын бүлэг нь дүлий болчихсон нөхцөлд буруу юм гарч таарна. Ядаж л энэ ажил хийж байгаа өөрийнхөө намын угшилтай хүмүүсийн саналыг сонсооч ээ гэж би арга ядаад гуйхав дээ.
-Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокурор, шинээр байгуулах мөрдөх алба гээд бүгд л гүйцэтгэх ажиллагаа явуулах нь. Эдгээр хүчний байгууллагууд хоорондоо бас эрх мэдлээ булаацалдаад байх өнгө аяс харагдах боллоо. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Булаацалддаг нь байнгын юм. 1994 онд яагаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг гишүүний хувиар санаачилж оруулсан юм бэ гэхээр тэр үеийн хуулийн байгууллагууд эрх мэдлээ булаацалдаад байсан. Засгийн газар хийж чадахгүй болоод Байнгын хорооны дарга байхдаа С.Төмөр намайг хий гээд би төслийг нь оруулж байсан юм. 2002 онд ч эд нар эрх мэдэл булаацалдаж байсан. Одоо ч булаацалдаж байна. Ингэж эрх мэдэл булаацалддаг өвчний алтан дунджийг нь олж энэ хуулийг гаргах ёстой юм. Нэгэнд нь хэт их эрх мэдэл өгвөл цаад талд буруу ашиглаад хууль сахиулах биш, хүнийг тамладаг байгууллага болж хувирна. Ийм үзэгдэл ч эхнээсээ харагдаж байна. Одоо яаж байна. Баахан шуугиулаад л өчнөөн мөнгө төгрөг идсэн гээд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баахан хүнд эрүү үүсгэж, барьж хорьсон. Эсвэл сонгуулийн үед нэр дэвших гэхээр нь барьж хорьдог юм төвд ч, орон нутагт ч гарсан. Энэ юу болж байна гэхээр хууль хяналтын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж эхэлж байгаагийн илрэл энэ. Ийм байдлаар хууль хяналтын байгууллага цаашид захилагаар ажиллаад байвал юу болох вэ. Захиалгаар ажилладаг халаасны мөрдөх албатай болох ийм санаархал зарим хүний тархинд байна ш дээ. Дарга нарыг нь томилдог, бүтцийг нь баталдаг. Дарга нараар нь дамжуулж улс төрийн өрсөлдөгчөө хэрэгт холбогдуулдаг, шалгуулдаг юмны эхлэл тавигдах гээд байна. Ийм учраас би хатуу хөтүү үг хэлээд байгаа юм. АН-ыг ганцхан суудалтай цөөнх болчихоод байхад нь миний хэлсэн үг байдаг юм. “Би Монголыг улс төрийн гяндан болгохгүй ээ” гэж. Одоо бол улс төрийн гяндан болгох эхлэл тавигдлаа. Ийм л улс төрийн зорилго шинэчлэл гээд юмны цаана нуугдаж байгааг хэлэх хэрэгтэй. Би АН-ынханд ч хэлж байгаа. Та нар мөнхийн засгийн эрх барина гэж байхгүй. Цөөнх болчихоод байхад чинь энэ хууль та нарын эсрэг улс төрийн зорилгоор хөдлөөд эхэлбэл юу болох вэ гэдгийг бодож байгаа юу гэж хэлсэн. МАН сонгуульд яллаа гэхэд над шиг хүн хуулийн сайд болоо ч бил үү, үгүй ч бил үү. Нэг тодрох донтой, эрх мэдлээ ашиглаж улс төрийн капиталтай болох өвчин шиг юм гарч ирээд улс төрийн зорилгоор өрсөлдөгч талуудаа шоронд ээлж дараатай хийвэл яах вэ. АН-ынхан эхлүүлсэн би үргэлжлүүлнэ л гэнэ дээ. Ийм хүн гарахыг үгүйсгэх аргагүй ш дээ. Ийм аюулууд байгаа учраас л би хувьдаа сэтгэл дундуур байна. Шинэчлэлийг эсэргүүцсэндээ ингээд байгаа юм биш. Шулуухан хэлэхэд, мангардуу осолтой, улс төрийн зорилготой юм орж ирж байгаа учраас л эсэргүүцээд байгаа юм. Тооцоогүй, судалгаагүй, эцсийн буух бууцаа хараагүй юмыг зөв болж байна гэж би хувьдаа алга ташиж чадахгүй.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
Ч.ГАНГЭРЭЛ
URL:













