Монголоо мөхөөх муу ёрын бодлого түгээж байна
“Аюултай эмэгтэй””- г үзнэ гээд аавтайгаа телевизийн суваг ана мана булаацалдах тавхан настай охиныг нүдээрээ харлаа.
“Маам уу нааш ир”-ээ дуулаад дуртай тоглоом, дуу хөгжмөө сонсоод суухын оронд Солонгосын савангийн дуурьт дурлаж орхисон энэ бяцханыг хараад өхөөрдөх, өрөвдөх сэтгэл зэрэг төрсөн юм. Хамгийн харамсалтай нь үзнэ гээд үхэн хатан зүтгээд байгаа өнөөх киногоор нь өшөө хонзон, хэрүүл тэмцэл, өвчин зовлон, үхэл хагацал л гарах. Ёстой л нөгөө энерги гээч нь байдаг бол муу муухай, хар бараан бүхэн хөөрхий охиныг хэрж байгаа гэлтэй…
Дээр өгүүлсэн бүхэн өнөөгийн Монголын бараг айл болгонд байдаг үзэгдэл гэхэд хилсдэхгүй. Ирээдүй болсон үр хүүхдүүд маань солонгос кинонд шүнтэж, хангүг соёлыг шүтэх болсон нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюулын харанга дэлдэж байна.
Соён гэгээрүүлж, соёлын бодлогыг түгээх үүрэгтэй телевизүүд Монголоо мөхөөх “муу ёрын бодлого”-ыг боловсруулаагүй л юм бол ийм киног гаргаад байх шаардлага ч үгүй, хэрэг ч үгүй. Тэдний гаргаж байгаа солонгосын цуврал киноны үр дагавраар монголчуудын уламжлал, ёс заншил алгуур арчигдаж, харийнхны хангүг сэтгэлгээ залуусын тархинд нэвт шувт орж байна.
Энэ бүхнийг наад захын жишээ гэрчилнэ. Та бод л доо, ааваасаа алганы амт үзчихээд бие нь хөнгөрөөд бас ухаан нэмлээ гээд баярлах нь халаг байдаг үр хүүхэд маань өнөөдөр эцэг эхээсээ жаахан л хатуу үг сонсов уу үгүй юу, гэрээсээ явах, гэмт хэрэг хийх гээд муу зам руу муйхарлах боллоо.
Энэ бүгд Солонгосын кинонуудыг өнгөтөөр хуулбарласан үзүүлбэр юм. Атаа жөтөө, хорсол бухимдал, шунал савдгаар дүүрсэн Солонгос киног үзсээр цөөнгүй жилийг үзэж байгаа монголчуудын сэтгэлгээнээс авах гээхийн ухаан, тал нутаг шигээ тийм уужуу сэтгэл арчигдаж байх шиг. Арга ч үгүй биз.
Үзэж харах, үлгэрлэн дууриах бүхний манлайд байдаг томоохон телевизүүд /tv-5, tv-9, MN-25, UBS, Боловсрол… гэх мэт/ нь “Өс хонзонгийн цэцэг”, “Аюултай эмэгтэй, “Эхнэрийн урхи”, “Үхлийн шалтгаан”, “Хар санаа ба хайр сэтгэл”… нэртэй кинонуудыг өдөр шөнөгүй гаргаж, Монголын нийгэмд муу муухай бүхнийг үзэл суртлаар дамжуулан нэвтрүүлж байна. Нэрнээсээ эхлээд нэг л ёозгүй ийм кинонуудыг дахин, дахин давтаад гаргаад байгаагийн учир юу вэ.
Дураараа дургих телевизүүдийн “амыг хазаарлах” хууль баталья
ЦЕГ-аас гаргасан судалгаагаар өсвөр насныхны дундах гэмт хэргийн нөлөөллийн гол шалтгаан нь үзэж байгаа кинотой нь холбоотой болохыг дурджээ.
Өөрөөр хэлбэл, солонгос савангийн дууриуд дээр гардаг шиг өшөө авалтаар нэг нэгнийгээ хөнөөх, хайр сэтгэлдээ үнэнч баатрууд болж амиа хорлох зэрэг харамсалтай хэргүүд нэлээд бүртгэгдэх болсон гэнэ. Нийгмийн энэ хар бараан байдал телевизийнхний гаргаж байгаа кинотой шууд холбогдож байгаа биз. Албаны хүнээс эхлээд ард иргэд хүртэл солонгос киноны хор хөнөөлийг ам уралдан ярьдаг ч авч хэрэгжүүлсэн арга хэмжээ алга л байна. Холбогдох яам агентлаг нь энэ тал дээр анхаарч, дураараа дургих телевизүүдийн энэ олон солонгос кинонд хяналт тавих хууль эрхзүйн тогтолцоо бий болгох хэрэгтэй байна. Энэ бол сэтгүүлч миний ч бодол биш нийгмийн шаардлага гэдгийг онцлох хэрэгтэй. Тэгэхээр яаж гэсэн асуулт аяндаа урган гарна. Гарц байж болох нэгэн саналыг энд дурдья. Барууны бусад орноос жишээ авч болохоор байна. Юу вэ гэхээр, телевизээр гарч байгаа нэвтрүүлэгтэй холбогдох ийм асуудал зөвхөн манайд ч биш дэлхийн олон оронд асуудал болж байжээ.
Тухайлбал, 1996 онд Уругвайн чуулган /Европын 180 гаруй орон оролцсон/ дээр яг энэ асуудлаар санал хураалт явж байсан юм билээ. Соёлын бүтээгдэхүүнийг телевизээр гаргахдаа улс оронд хориг тавьж болохгүй, болно гэсэн хоёр санал хураалт тавьсан байдаг. Тэр хурлаар 184 орон санал өгснөөс 182 нь хориг тавина гэсэн байдаг. Уг санал хураалтын гол агуулга нь телевизээр агрч байгаа нэвтрүүлгийн 51 хувиас дээш европийн агуулгатай байх ёстой гэж заажээ. Үүний тод жишээ Франц улс юм.
Тус улсын телевизүүдээр бүх цагуудад гарах нэвтрүүлгийн 51-ээс дээшгүй хувь нь Европын агуулгатай байна. Түүнээс гадна өглөөний 6 цагаас оройн 24 цагийг хүртэл Европын агуулгатай, үндэсний ёс заншлыг агуулсан нэвтрүүлэг заавал байх ёстой гэсэн хууль гаргасан байна. Уг хуулиа ч чандлан сахидаг аж. Мөн өөр нэг жишээ бол Англи. Энэ улсад телевизийн нэвтрүүлэгт төр нь биш телевизүүдийг удирддаг хамтын байгууллага нь хяналт тавьдаг байна. Тэр байгууллага нийт нэвтрүүлгийн 75 хувиас нь доошгүй нь өөрийн улс үндэстний бодлогод нийцэх нэвтрүүлгийг гаргах ёстой гэсэн хатуу журам гаргаж, тур журам нь ч үйлчилдэг байна. энэ мэтчилэнгээр Итали, Партугаль гээд улс орнууд бүгд л ийм агуулгыг баримталдаг аж. Европын орнуудаас гадна манай азид ч ийм жишгийг нэвтрүүлж байгаа улс байна.
Вьетнам бол 51-ээс доошгүй хувь нь өөрийн улс орны ёс заншил, соёл боловсролын агуулгатай нэвтрүүлгийг телевизээр гаргана гэсэн хуультай байдаг гэнэ. Чөлөөт зах зээлтэй, ардчилсан нийгэмд ийм хяналт байна гэдэг байж боломгүй зүйл гэж зарим улс тайлбарладаг ч даяаршлын энэ эрин зуунд манайх шиг орон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах нийтлэл нэвтрүүлгийн бодлогыг чандлан сахих нь хамгийн зөв зам. Зөв замаа сонгож чадахгүй аваас бизнесийн сонирхол, их гүрний далд бодлогын золиос болохыг үгүйсгэхгүй юм. Өнөөдөр солонгос кино телевизүүдээр гарч, солонгосын муу муухай болгоныг даган дууриах хандлага манай нийгэмд аль хэдийнэ ажиглагдаад ирсэн.
Энэ талаар ч сэтгүүлч нийтлэлч нар нилээдгүй бичиж байна. Түүний нэгнээс иш татаж дор сийрүүллээ.
Нууц биш нууц
Монгол охид солонгос жүжигчинд хөл алдан дурлаж, тэднийг хуулбарлан үс зүс, өмсөж зүүхээ хүртэл өөрчилж, ааш араншин, ардын ухаанаа гээгээд байна.
Чухам яагаад солонгос кино Монголын телевизийн бүх сувгийг эзэгнэнхэн амьдарч, ямар ч хяналтгүй урагш давшилсаар буй нь нууц биш нууц гэлтэй. Солонгосын савангийн дууриуд телевизээр цацагдаад эхэлмэгц кимчи, далайн байцаанаас эхлээд тэдний ёс заншил, соёлыг илэрхийлэх бүх төрлийн өргөн хэрэглээний бараа гэрлийн хурдаар зарагддаг, ашиг орлого ч эрс нэмэгддэг талаар энэ төрлийн бизнес эрхлэгчид ам алдаж байх юм. Өнөөдөр манай улсын захын аймгийн захын суманд ч солонгос хаяг зүүсэн хоолны газар хэдэн арваараа байна.
“За нэг сайхан мөстэй гоймон идье”.
“Кимчитэй будаа мөн ч гоё шүү” гэхчлэн ам мэдэн чалчиж, охид “хангүг” овгийн үе тэнгийнхнийгээ дуурайн хувцаслаж, хөвгүүд үс засалт, өмд гутлаа хүртэл солонгос хуулбараар шийдэх болов. Монгол залуус олон мянгаараа хангүг эздийн боол болохоор хэдэн халтар төгрөгийн төлөө далайн чинадыг зорьж байна. Тэдний эзгүйд Солонгосын бизнесийн бодлого эх орныг маань нөмрөн авлаа. Монголд хөл тавьсан солонгосчууд манай зах зээлд манай эдийн засагт нэг төгрөг нэмэрлэдэг нь юу л бол. Солонгос эзэнтэй зочид буудалд бууж, солонгос ресторанд тухлан, эцэст нь өөрсдийнхөө унаагаар дүүлж оддогийг бид мэднэ.
Секс жуулчлалын бэлгэ тэмдэг гэгддэг хацар гоо охид маань харин хэдэн вон салгаад өгвөл их юм. Ингэсээр байтал үздэг кино, иддэг хоол, өмсдөг хувцаснаас эхлээд аялдаг дуу, амрагладаг дурлал хүртэл солонгос хэв маягт шилжиж, боловсрол багатай шилжилтийн насныхан, өсвөр үеийнхэн монгол хүн гэдгээ мартахад хүрлээ. Нэгэн баримт дурдъя. 16 настай монгол охин амиа хорлохоор оролдоод бүтэлгүйтэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар намаржин сонин хэвлэлүүд шуугисан. Хайртай солонгос жүжигчин нь амиа хорлосныг сонсоод сэтгэлийн хямралд өртөн үхлийг сонгосон тухай харин сэтгэлзүйчээс нь өөр хүн мэдээгүй гэдэг.
17 настай эрэгтэй М гэрээсээ оргон, орц хонгилоор хоног төөрүүлж яваад эрүүл мэнд нь эрс муудан мөн л эмнэлэгт очихдоо тулжээ. Ээж нь солонгос кино үзэхийг хориглосны төлөө М ийм шийдвэр гаргаж, төрсөн гэрээ орхин, гэрийнхэнтэйгээ муудалцсан нь тэр байж.
Сэтгэл судлаачид олон ангит савангийн дуурийг нэгэн төрлийн хар тамхитай зүйрлэдэг нь зүгээр ч нэг адилтгасан үг биш болохыг эндээс харж болно.
Солонгосоос бараа зөөж борлуулдаг бизнесийн компаниуд, Монголд бизнес эрхэлж байгаа солонгосчуудын шунал хүслийн золиос нь шилжилтийн насны энэ охид, хөвгүүд болж хувирсны хамгийн тод жишээ гэж үүнийг тодотгоё. Цаашлаад хувь хүн төдийгүй монгол үндэстний уламжлал, ёс заншил хохирч үлдэхэд ойрхон болжээ. Монголын ямар ч хамгаалалтгүй зах зээл солонгос бизнесмэнүүдийн хувьд ашиг хонжооны найдвартай түшиц газар болдог төдийгүй хангүг соёлыг дэлгэрүүлэх том талбар аж. Монголын телевизүүд үндэстнийхээ өмнө хүлээсэн үүргийг огоорч, өдөр шөнөгүй, ээлж халаагүй солонгос киногоор бөмбөгдөх болсны цаана асар их мөнгө эргэлдэж байхыг үгүйсгэмгүй.
Солонгос хоолны газар, ресторан, караоке, хэлний сургалтын төв, хими цэвэрлэгээ, зочид буудлуудаар Улаанбаатар хахаж байна. Солонгос маягийн амиа хорлолт, дурлалын паянгаар залуус өвчилж байна. Үүнийг харсаар суух уу, монголчуудаа.
Эх сурвалж: Үндэсний мэдээ
URL:












