С.Эрдэнэ : КРЫМИЙН ХYYХДYYД /Өгүүллэг/
Орос татар хоёр жаал тэнгисийн хуучин зогсоолын давалгаан хагалагч дээр загасчилж байв. Татарыг Ибрагим, оросыг Володя гэнэ. Ибрагим горзойсон хар биетэй, буржгар үстэй, том болохдоо ихэнх татар эрчүүдийн ёсоор догширч сүр орохыг одооноос илтгэсэп хурц алаг нүдтэй бөгөөд өрөөсөн чихэндээ зэс цагираг зүүсэн нь бяцхан зэрлэг байдлыг буй болгожээ. Володя магнай руугаа унжсан шингэн цайвар үстэй, хар тэнгисийн ус шиг зөөлөн ногоон нүдтэй бөгөөд Ибрагимийг бодвол арай биерхүү боловч удаан номой байрын хүүхэд Крымийн торгон улирал гэгч наймдугаар сар боловч тэнгисийн хөвөө эзэнгүй. Өмнийн бүлээн салхинд хурган долгио үүсэж номин өнгөт униарт тэнгэрийн савсалгаа тасралтгүй хөөцөлдсөн нялцгай замаг, хорхой наалдсан чулуун даланд хальтран буцна.
Ялта хэмээх амралтын хотын хөгжөөн шуугиан яалаа. Тэнгисийн эргийн замаар хааяа цэргийн авто хөсөг өнгөрөхөөс өөр хөдөлгөөнгүй. Тоорой, майлс, алимны цэцэрлэг дундаас хөө тортог болж эвдэрч хэмхэрсэн амралтын ганган цагаан барилгууд сохорсон нүдэн цонхнуудаараа урамгүй ширтэж, их буу бөмбөгний дэлбэрэлтэд өм цөм үсэрсэн шархнууд нь аймаар онгойж харлана. Энд тэнд утаа гарч, унаа хөсөг сүлжилдэн хотоо чөлөөлөгдмөгц орж ирсэн түрүүчийн хүмүүс орон байраа засаж эхлээгүйсэн бол эртний сөнсөн хотын балгас л гэмээр болжээ. Ай Петри уулын хөх цэрдэн оргилууд сүрлэг барайж үүлсийг газар, тэнгис рүү тасдан хаяж байв. Ибрагим усанд загас мэт шумбан орж санаа зовмоор удаан алга болоод гарч ирэхдээ далайн од юм уу наймаалж нэг хоёрыг шүүрдэн авчирна. Володя далангийн ирмэг сандайлан дэгээнийхээ хөвүүрийг нүд чилтэл ширтэнэ. «Аав минь байсан бол завиар тор хаяж байгаад зөндөө загас барихсан. Яагаад өнөөдөр загас баригдахгүй байна.
Загас ч гэсэн дайнаас зугтаагаад алга болчихдог байх. Аав минь одоо хаа явдаг бол? Фашистуудыг хөөсөөр удлаа. Гэтэл эргэж ирэхгүй! юм. Могой загас шиг энэ муухай хар юм л миний загасыг үргээчихээд байна уу? Урвагч татарын ч хүүхэд юм бэлүү?» гэж цухалдан бодоод дэгээнийхээ ишний үзүүрийг далангийн ангалд зоож тэнгисийн усанд дэвтээсэн хар талхны булан хэмлэв. Ибрагин ч нэгэнт ядраад хоёр өвдгөө тэврэн тэнгисийн алсыг гунигтайгаар ширтэн суув. Тэртээ тэнгэр газрын савсалганд цэргийн галт онгоц цагаан зураас татуулан хурдална. Аав минь байсан бол Гюль-гюль завиныхаа цагаан дэрвүүлийг татаад Сүхүми, Одесс хүртэл явах байсан. Би Шургийн оройд авирч гараад шүүстэй зөөлөн гадил идэж далайн гахайнууд наадахыг харж явахсан. Аав минь хэзээ ирэх болоо. Талх идэх юмсан. Энэ орос жаалд наймаалж булж өгье гэвэл талхнаасаа өгөхгүй болуу?» гэж Ибрагим бодно. «Дайн болоход загас хүртэл амар тайван далайдаа зугтаад явчихдаг байхаа» гэж Володя бодтол Ибрагим тэнгисийн усанд харайн шумбав «Энэ гайхал л загас үргээчихээд байна шүү!» гэж Володя уцаарлан,
— Хөөе чи загас үргээчихээд байна! Холхон очооч! гэв. Ибрагим буржгар толгойгоо сэгсрэн, ус тургиж хоёр гараараа нүүрээ шувтраад,
— Чп өөрөө хол оч! Ганц чиний далай юм уу? гэв. Володя тунгалаг ногоон нүдээ булингартуулан нударга зангидаж, Ибрагим тийш хэд алхаад,
— Чи муу юу гэж? гэхэд Ибрагим ч мөчөөгөө өгсөнгүй уурласан гөлөг мэт хурц цагаан шүдээ ярс хийлгэн
— Би чамаас айхгүй шүү. Хүрээд ирвэл ир! гэв, Хоёр хөвгүүн нэгэн хувь нүд үзүүрлэн ширтэлцээд үг дуугүй байр байрандаа буцлаа. Володя «Аав минь байсан бол!» гэж бодоод тэнгисийг ширтэн уйтгарлав.Ибрагим «ААВ минь байсан бол!» гэж бодоод Ай Петри уулыг харан санаа алдав.
Тэнгис хурган долгисоо цайруулан нүдний хараа гүйцэх газар нэгээхэн ч галт онгоц, загасчны завь үгүй ЭЛ хуль бөгөөд газар тэнгэрийг донсолгосон дайн дажин аль дивангалавт өнгөрсөн юм шиг. Ай Петри уулын хөх цэрдэн оргил тэнгис тийш тэмүүлэх үүлсийг тасдан газарт шидэж байх бөгөөд нэгэн хэсэг үүл мөлхөн мөлхсөөр уулын бэлдэх лалын сүмийн минарет цамхагт өлгөгдөв. «Фашистууд ирэхэд молла лам хамаг алтаа сүмдээ нуусан гэж чавганц нар ярьдаг нь лав үнэн. Тэр алтыг нь эрж олоод зах дээр гарвал зөндөө идэх юм авч болно доо. Тахианы мах, бяслаг, үзэмтэй боов…»
— Хөөе жаалаа чи уурлаад яахав. Хоёулаа наймаалж булж идэх үү? гэж Ибрагим хэлэв.
— Чи талх идвэл ид л дээ. Гэм нь жаахан хөгцөрчихсөн юм гэж Володя хэлэв. Ямар нэг онгоцноос хаягдсан авралын улаан хөвүүр долгионд туугдан хүрч ирэхийг Вололя сая үзвэл «М. Т. 72» гэсэн бичигтэй ажээ. Мина шүүрдэгч онгоцных байна. Фашистууд живүүлчихсэн юм биш байгаа? ААВ МИНЬ байсан бол» гэж бодов. Давалгаан хаталагчийн тэртээ үзүүрт хэдэн далайн гахай ирээд цагаан элгээ наранд гялалзуулан үсрэлдэн наадаж арагдана.
— Жаалаа хараач! Далайн гахайнууд наадаж байна.
— Тийм байна. Ер үзэгдзхээ байчихсан юм.
Хоёр хүү эвлэрч Ибрагим хэдэн нялцгай од, наймаалж, Володя загалмайгаар нь хэлхсэн хэдэн годгор жараахай, талхныхаа буланг аваад давалгаан хагалагчаас бууж тэнгисийн хөвөөний эвдэрхий саравчинд очиж амрагчид наранд ээдэг байсан дэвсгэр мод зад цохин гал түлж, наймаалж үнсэнд булан, жараахай шарж идэв. Ходоод бяцхан зогоосонд хоёр хөвгүүн санаа амарч нөгөө лалын сүмд нуусан алтыг эрж олоод зах дээрээс янз бүрийн юм авч цадталаа идэхээр шийдлээ.
Амралтын хотын захад, Ай Петри уулын бэлд барьсан эртний тэр нүсэр чулуун сүм хотод бүтэн үлдсэн цөөхөн барилгын нэг байлаа. Гэвч түүний хана туурга сумны түмэн шархаар цоохортон өнгийн чулуу шигтгэсэн хээ хуартай өндөр гоолиг минарет цамхгийн орой их бууны суманд сэт цохигджээ. Бодвол хотыг манайхан чөлөөлөхөд фашистууд хориглож байжээ. Сүмийн төмөр товруутай зузаан модон хаалганы өрөөсөн хавтас зад үсэрсэн 6оловч хоёр мужийг холбосон бүдүүн хар гинжинд өлгөгдөн тогтжээ. Ибрагим, Володя хоёр хаалганы эвдэрхий хавтсыг зад цохин унагав. Сүмийн урт хонгил хадан агуй мэт хүйт нойт оргин ялзарсан үхдэл, хөгцний үнэр ханхлана, Хонгилын мухар дахь мөргөлийн дугуй танхимын цагаан чулуун шал дээр дээврийн гэгээвчээр туссан нарны толбо шаргалтана. Мөргөлийн дугуй танхимын цаана хоёр нүхэн үүд онгойж харлана. Хоёр хүү хог дээрээс царил олж зэвсэглээд бүрэнхий хонгилоор гэтэн явж мөргөлийн танхимд оров. Өчүүхэн чимээ гаргахад сүмийн бөмбөгөр дээвэрт цууриатан урхирах нь зэвүүн.
— Володя хараач! гэж Ибрагим зогтусан дээврийн суурийг холбосон чулуун хөндлөвчийг заав, Хөндлөвчөөс өмхөрч тасарсан олсны үзүүр гогцоо унжилджээ.
— Дүүжлүүр байна! гэж Володя шивэгнэв. Хоёр хүү айн зэвүүцэж нэг хэсэг хөдлөлгүй зогслоо:
— Молла арын өрөөний нэгэнд алтаа нуусан байх гэж Ибрагим шивнэв.
— Хаана нь нуусан байж таарах вэ?
— Шалны чулуун доор л дарсан байх.
— Шалыг нь сэндийлж үзэх үү?
— Тэгнэ,
— Тийшээ орох уу?
— Тэгье
Ибрагим түрүүлж нүхэн үүдээр ороход Володя дагалдав. Ус асгахад нурамны ч юм уу, ялзарсан махны ч юм уу нэг л ер бусын үнэр ханхлана. Төмөр сараалжит урт нарийхан цонхтой бүрэнхий тасалгаанд оронгуут Ибрагим зог тусан
— Тэр юу вэ? гэв.
Мань хоёр учрыг даруй олсонгүи. Тасалгааны булангийн модон давцан дээр навтсаар хучаастай хоёр хүн толгой зөрүүлэн хэвтэж байх шиг. Нүд нъ ширгэж, үс сахал нь сэгсийн гар хуруу нь сарвайжээ. Амьд хүн биш хүүр болохыг сая мэдсэн хоёр хүү хирдхийн цочсондоо амьсгаа ч авч чадсангүй. Ибрагим царилаа чулуун шалан дээр алдахад нохой архирах мэт зэвүүн чимээ гаран хоёр хүү нэг мэдэхнээ сүмийн гадна уухилалдан зогсож байлаа. Ибрагим газарт салхийн сууж нүдээрээ нулимс гүйлгэн,
— Цонх руу хараад хэвтэж байгаа нь миний аавтай адилхан харагдсан. Миний аав биш байгаа даа? гэв.
Володя Ибрагимийн бужгар толгой дээр салгагнан гараа тавиад
— Миний ч аавтай адилхан юм шиг харагдсан гэв. Тэнгисийн мандлаар цэргийн галт онгоцнуудын урт цуваа баруун зүг довтолгон, алсын ямар нэг дэлбэрэлтэд газар доргилж байлаа.
Москва 11 дүгээр сар (1977 он)
URL:













