Дэлхийн гуравдугаар дайн хэзээ эхлэх вэ
МОСКВА. Дэлхийд дайн дэгдээх сонирхолтой АНУ-ын найруулсан жүжиг болоод хамгийн өргөн цар хүрээг хамарсан өдөөн хатгалгын гэрч нь дэлхий дахин болж байна. Энэ тухай Италийн улс төрийн сэтгүүлч Жульетто Кьеза “Комсомолская правда” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Түүний үзэж буйгаар, бен Ладеныг хороосон тухай сүүлийн мэдээ нь Обама Ойрхи Дорнодод зохиомол шалтгаар дайн дэгдээж байсан Бушийн замаар замнаж байгааг нотолж байна. Обама АНУ-ын унтарч буй эдийн засгийн бодитой асуудлаас олон нийтийн анхаарлыг өөр тийш хандуулахыг мөн оролдож байгаа гэдэгт Кьеза итгэлтэй байна.
Сүүлийн үед болж буй бүх үйл явдал айсуй хямралыг тодотгож байна гэж тэрбээр хэлжээ. “Иймээс би огт өөр зүйлсийг нэгтгэж байна. Хямрал нь техникийн хувьд ч /Фүкүшима/, хүмүүсийн юу мэдэрч байгааг ч /Араб дахин/ хянах хяналтаа алдсанаас үүдэлтэй” гэдэгт шинжээч итгэлтэй байна.
Түүний үзэж буйгаар, дэлхийн дахинд олборлодог нефть барагдсантай холбоотой эрчим хүчний хямрал болон үйлдвэрлэлийн салбар өрөнд баригдсанаас үүдэлтэй санхүүгийн хямрал нүүрлэх гэж байна.
Таван жилийн дараа манай гарагт эрдэс баялгийн төлөө дайн эхэлнэ гэдэгт Кьеза итгэлтэй байна. Энэ нь Хятад улс улам хүчтэй болж, Дэлхийн хүн амын тоо нэмэгдэж, нөөц баялаг барагдсантай холбоотой байх юм.
“Хэрвээ хятад, энэтхэг, бразил, индонезчүүд бүгд бидний адил мах идэж, сүү ууж, бидэнд байдаг шиг машинтай, байшинтай болбол яах вэ? Бүгдэд хүрэлцэхгүй учраас эрчим хүч ч, цемент ч, хүнс ч, ус ч үгүй болно. Одоо бид нефтиэ дээд цэгт нь тултал үйлдвэрлэдэг болсон учраас сүүлийн таван жилд олборлолт эрчимтэй буурна” гэж сэтгүүлч урьдчилан таамаглаж байна.
Тэрбээр Европын байдлыг бүс нутагтаа хэт барууныг баримталсан хэд хэдэн дэглэм бий болгосон Их хямралын үеийн байдалтай харьцуулжээ. “Италийн байдлыг аваад үзье: манайх аль хэдийн Засгийн газартаа фашистуудтай болсон. Одоогоор тэднийг харахад ардчилсан юм шиг боловч манай Үндсэн хууль илэрхий дарамтан дор байна.
Финландад болсон сүүлийн сонгуульд дүн шинжилгээ хийгээд үзээрэй, төрийн эрхэнд үндсэрхэг үзэлтнүүд гарсан байгаа. Холландад гэхэд хамгийн хэт ялгаварлан гадуурхах үзэлтнүүд сонгуульд ялсан. Ардчиллын хуучин байгууллагууд нь ард түмэн, эрх баригчид хоорондын тодорхой тохиролцооны балаг болсон.
Хэрвээ тохиролцоо бүтэлгүйтвэл хувьсгал гарна. Хүмүүс хангалттай хууртагдсан болохоор зүүнийхэн гарах гарцгүй болно. Ингээд цорын ганц сонголт барууныханд үлдэнэ” гэж Жульетто Кьеза мэдэгджээ.
“1929 онд хямрал болж, 10 жилийн дараа дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн. Бид тэр үеийнхээс хамаагүй дор бөгөөд хамаагүй түгшүүртэй байдалд байна” гэж шинжээч хэлжээ.
Жульетто Кьеза нь мэргэжлийн сэтгүүлч бөгөөд урьд нь Италийн Коммунист намын удирдагчдын нэг, “Унита”, “Ла Стампа” сонины Москва дахь сурвалжлагч, Европын парламентын депутат байсан хүн юм.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”
URL:













