Б.Баасансүрэн: Хагалгаа хийчихээд цаа бугын шөрмөсөөр оёж байлаа
Хойд туйлд 20 жил ажилласан доктор Буджавын Баасансүрэн өнгөрсөн сарын 31-нд ОХУ-ын Кремлийн ордонд дэлхийн хэмжээний шагнал хүртжээ. Олон улсын хүний эрхийг хамгаалах холбооноос түүнийг “2013 оны хүн” цол тэмдгээр өргөмжилсөн байна. Уг цолыг Олон улсын хүний эрхийг хамгаалах хорооны зөвлөлийн шийдвэрээр олон жил хүний эрхийг хамгаалах салбарт гаргасан зүтгэл, хүний эрх болон үндсэн эрх чөлөөний тухай Европын тунхаглалын үзэл санаа зарчмыг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгодог ажээ. Ийнхүү тэрбээр XXI зуун гарснаас хойш уг шагналыг хүртэж буй дэлхийн гурав дахь хүнээр тодорч байгаа юм. Түүнтэй цаа бугад хийсэн судалгаа болон шинээр гарган авсан эм бэлдмэлийнх нь талаар ярилцлаа.
-Дэлхийн нэр хүндтэй шагнал хүртсэнд баяр хүргэе. Таныг мөн Европын эрүүлийг хамгаалах байгууллагын хүндэт тэмдгээр шагнасан гэж сонслоо?
-Баярлалаа. XIII зуунаас уламжлагдан ирсэн дэлхийн уламжлалт анагаах арга ухааныг өдий хүртэл хадгалан уламжилж, үр хүүхэд төрүүлж чадахгүй өвчтэй хүмүүсийг эмчлэн эдгэрүүлсэн үйлсийг минь онцлон “2013 оны хүн”-ээр тодруулсан. Гэхдээ энэ шагнал миний олон жилийн хөдөлмөрийн үр дүн гэж бодож байна. Мөн таны хэлснээр Эмнэлгийн ажилтан мэргэжилтний олон улсын нэгдсэн холбоо, Европын эрүүлийг хамгаалах байгууллагын хүндэт тэмдгээр намайг шагнасан. Уг шагналыг олон улсын ардын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, орлого багатай өрхийг эрүүл мэндийн үйлчилгээгээр дэмжсэн, энэрэнгүй өгөөмөр сэтгэлийг нь үнэлж олгосон гэсэн байна лээ. Би Саха хотын ядуусын хороололд хүүхдийн сувилал ажиллуулж, эмчилгээ үйлчилгээгээ үнэ төлбөргүй хийдэг. Тийм болохоор энэ шагналыг надад өгсөн байх. Ер нь хүнд тусалж явах сайхан шүү дээ.
-Бас та XXI зууны дэлхийн шилдэг эрдэмтнээр тодорсон. Ингээд өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийн гадаадад амьдарлаа. Олон ч хүний өвчнийг илааршуулж буянтай үйл хийсэн байх?
-Сүүлийн 20 гаруй жил ОХУ- ын Саха, Якутад Монголын ШУА- ийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж, хоёр улсын хамтын ажиллагааны гэрээний дагуу хойд туйлын зэрлэг цаа бугын биеийн бүтэц, зарим эрхтнийг судалж, шинэ эм, эмийн бэлдмэл бий болгон хүн зоны өвчин эмгэгийг эмчилж эдгэрүүлэхэд хэрэглэсэн. Тэгээд л 2012 онд Европын бизнесийн нийгэмлэг сократын хорооны XXI зууны дэлхийн шилдэг эрдэмтнээр шалгарч, Монгол Улс дэлхийн гарамгай эрдэмтдийн бүртгэлд нэрээ бичүүлсэн юм. Тэр үед шагналаа Австрийн ерөнхийлөгчөөс гардан авсан.
-Таны судалгаа шинжилгээнд цаа буга салшгүй холбоотой. Цаа бугыг 20 жил судлахдаа ямар үе шаттайгаар ажлаа эхлүүлж байв?
-Би цаа бугыг арьснаас нь эхлээд эрхтнүүдийг нь хүртэл эмчилгээний зориулалтаар хэрэглэж болдгийг судалж мэдсэн. Манай улс дөрвөн улиралтай. Харин хойд туйл зургаан улиралтай байдаг. Өөрөөр хэлбэл, хавар, намар хоёр улиралтай байдаг юм. Тиймээс зургаан улиралд цаа буга ямар газар бэлчиж байгааг судалж эхэлсэн. Миний судалгааны орчин тэжээвэр цаа буга судлахаас эрс ялгаатай. Ер нь цаа буга тэр чигээрээ шинжлэх ухаан юм. Цаа буга их сонин амьтан. Сүрэгт нь “Эмч цаа” гэж байдаг. Тэр нь бие муутай, өвчтэй нэгнээ таслаад аваад явчихдаг. Тэгээд өвчнийг нь эдгээх чадвартай ургамал ургадаг газарт дагуулж бэлчээрлүүлдгийг би судалсан. Бас цааны хамрын салстыг морфологийн эрдэмтэдтэй хамтран судалж байсан. Миний судалгааны ажил ургамалтай салшгүй холбоотой. Хойд туйлын зургаан улирлыг судалж цаа буганууд ямар ургамал иддэгийг судалсан. Би хүүхэд байхын зураг авах, марк цуглуулах, ургамал ногоо их сонирхдог хүүхэд байлаа. Багын сонирхол минь судалгааны ажилд их хэрэг болсон доо. Ер нь цаа буга намайг эрдмийн оргилд хөтөлсөн юм байна.
-Судалгааны явцад эрдэмтдийн илрүүлж байгаагүй ургамалтай таарав уу?
-Хойд туйлын цас, мөсөн дээр хүртэл ургадаг ургамал бий. Тэнд байхдаа дэлхийн номонд ороогүй 70-80 ургамал байгааг илрүүлсэн. Түүний 32 ургамлыг цаа буга иддэг юм байна лээ. Тиймээс л цааны бүх зүйл анагаах үйлд ороод байгаа юм шүү дээ.
-Манай оронд тэр ургамлууд бий юу. Та судалж үзсэн үү?
-Заан Тэрэлжээр би бишгүйдээ ургамал түүсэн. Манай улсад цааны идэж байгаа ургамлын 80 хувь нь бий. Цаашдаа би тэр ургамлуудыг үрслүүлж болох, болохгүйг судална.
-Та туйлд судалгаа хийхдээ юунд амьдардаг вэ?
-Хүмүүс -70 хэмийн хүйтэнд яаж амьдраад байгааг их сонирхдог. Манайхан өвлийн цагт таван ханатай гэрээ дөрвөн давхар зузаан эсгийгээр хучдаг. Харин би туйлд майханд амьдардаг. Эсгийний оронд цасаар майхнаа хучиж дулаалдаг. Тийм маягаар ил галаа түлж амьдраад 21 жил болжээ. Ер нь 2018 он хүртэл амьдрах юм шиг байна. Тийм хүйтэн нөхцөлд хүн, нохой, цаа буга гурав нэг нэгэндээ дасан зохицдог. Якутад үхрээ модон гэртээ оруулаад хамт амьдардаг. Энэ бол том соёл юм л даа. Даанч хүний нас богино юм. Хэрвээ дахиад 100 жил наслах юм бол судлах зүйл их байна даа. Сурсныг сураар боож болохгүй юм. Судлаач хүн зорьсон зүйлээ биелүүлэхийн төлөө үхэн хатан зүтгэдэг.

-Цаа бугыг судлаад хүний эрүүл мэндэд тустай шинэ эм бэлдмэл гаргаж авсан гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?
-Энэ их нарийн зүйл юм. Хамгийн гол нь эрүүл цаагаар эмчилгээ хийх боломжтой. Цааны бүхий л эрхтэн, бүр шөрмөсийг ашиглан хүнийг эмчилж болдог. Би туйлд байхдаа майханд олгойны хагалгаа хийж цааны шөрмөсөөр оёдол хийж байсан. Ямар сайндаа ард түмэн намайг хүний төлөө шоронд орох ажил хүртэл хийж байна гэхэв дээ. Хүүхэд хүйгээ ороогоод гарахгүй байхад уламжлалт анагаах ухааныхаа хүчээр эсэн мэнд төрүүлж эх барьж байсан. Үүнийг олон улсын эрдэмтэд газар дээр нь хараад нүүдэлчин соёлын ухааныг магтсан. Тийм л учраас дэлхийн том шагналыг хүртээсэн юм болов уу даа.
-Цаа бугын эврийг монгол шар тостой хольж төөнө хийх шинжлэх ухааны аргаа хэрхэн боловсруулсан бэ?
-2000 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн анагаах ухаанаар докторын зэрэг олгох эрдмийн зөвлөлийн хурлаар “Цаа бугын эврийг монгол шар тостой хольж, төөнө хийх шинжлэх ухааны үндэслэл, цусан эврийн ургалтыг орооны булчирхайн бүтэц үүрэгтэй холбон судалсан нь” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ судалгааны ажлын үр дүнгээр цааны эврэн шар тосон төөнө хүйснээс доош байрлалтай “хий” хүйтний угшилтай өвчнийг эмчлэхэд маш сайн үр дүнтэй болох нь нотлогдсон. Мөн 2003 онд Монголын Шинжлэх ухааны академийн биологийн салбарын бага чуулганы дэргэдэх биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлөөр “Цаа бугын зарим эрхтний бүтэц, макро-микро элементийн бүрдэл, тосны хүчлийн найрлагын судалгаа” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан. Энэ ажлаараа цаа бугын орооны булчирхайг дорно дахины анагаах ухааны эмчилгээний аргатай хослуулан хэрэглэж, үр дүнг бодитойгоор гаргасан юм. Ер нь монголчуудын цагаан идээндээ муу зүйл оруулдаггүй, бузартана хэмээн үздэг ёс заншилтай холбоотой. Манайхан тосоо их учиртай хайлдаг байсан. Жинхэнэ малын сүүнээс гаргасан өрмөө зөөхий болгож намар гүзээнд хийнэ. Малын гүзээ гэдэг бол өөрөө шинжлэх ухааны томоохон судалгааны ажил болно. Дараа нь жинхэнэ дугуй булантай цай, мэхээр, домбон сахар, үзэм хийгээд өөрийн гараар жинхэнэ монгол шар тос гаргаж авсан. Түүнээс биш зах дээр зарж байгаа шар тосыг судалгаандаа хэрэглээгүй. Ер нь судалгаа гэдэг чинь их нарийн зүйл юм шүү дээ. Тэгээд шар тосон дотроо гурван голын хорхог хийдэг гурван чулуу хийж буцалгасан. Түүн дээрээ цусан эврээ хийж буцалгаад Якутын өвчин зовлонтой эмэгтэйчүүдийг монгол уламжлалт аргыг орчин үеийнхтэй хослуулан эврэн төөнө гэдгийг анх нээсэн. Энэ ажил маань тусгай зөвшөөрөл авч медаль хүртэл хүртсэн.
-Сэтгэлийн зовлонтой эмэгтэйчүүдийг үрийн зулай үнэрлүүлсэн буянтай үйл хийсэн гэж таны талаар гаднын хэвлэлд нийтлэгдсэн байна билээ. Тэр эмчилгээнийхээ талаар танилцуулж болох уу?
-Бас л цаа бугатай холбон эмчилгээгээ хийсэн. Ер нь тараагаад байх хэрэггүй нууц юм л даа. Би ч муухай хүн. Тэр хүмүүст судалгаагаа хийчихсэн юм шүү дээ. Гэхдээ надаар эмчлүүлсэн хүмүүсээс амьд сэрүүн байгаа. Хэрвээ миний эмчилгээ хийсэн хүмүүсийн бие муудсан бол би шоронд орох байсан. Тиймээс би үүний талаар ярих боломжгүй. Тэдгээр эмэгтэйчүүдийг эмчлэхийн тулд эхлээд гэр бүлийнхэнд нь судалгаа хийсэн. Тэгээд өмнө нь үр хөндүүлж байсан эсэхийг судалсан юм.
-2007 оноос Якутын Эрүүл мэндийн яам, Монголын ШУА-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа гэсэн. Гэрээгээ сунгачихсан юм уу?
-1993 оноос хойш 25 жил гэрээ байгуулан ажиллаж байна. Тэгээд саяхан 2018 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулчихлаа. Цаашдаа цаатан уламжлалтай хүмүүсийг ойртуулах, сургах зэрэг ажлыг хийхээр олон талт ажлууд өрнүүлэхээр төлөвлөж байна. -Уламжлалт анагаах ухаан Европтой зөрчилддөг гэх юм. Та энэ талаарх бодлоосоо хуваалцаач? -Зөрчилдөнө. Дорно дахины анагаах ухаан хүнийг цогцоор нь эмчилдэг. Түүнээс биш би зөвхөн зүрхний эмч гээд зүрхний өвчинг судалдаггүй. Зүрх, бөөр хоёр нэг нэгнээ алдаг эрхтэн. Тиймээс хоёуланг нь хамтад нь эмчлэхгүй бол болдоггүй. Тэгэхээр ингэж төрөлжүүлсэн болохоор зөрөлдөөн гарах нь аргагүй юм шүү дээ. Мөн манайхан нүд, элэг хоёрыг салгаж эмчилдэг. Уг нь хамтад нь эмчлэх ёстой. Элэг муудвал хүний хараа мууддаг.
-Танд шавь бий юу?
-Нэг шавьтай болсон чинь аав, ээж нь намайг шоронд хийнэ гээд болоогүй. Тэгээд хүний хүүхдийг тэр хүйтэн нөхцөлд эрүүл авч явна гэдэг их хэцүү юм билээ.
-Багшийн дээдийн биеийн тамирын ангийг төгсөхдөө тамирчдын хоол хүнс, физиологийн талаар судалгаа хийсэн гэдэг. Одоо Монголынхоо спортынхонтой хамтран ажиллаж байна уу?
-Би дугуйн спортын Азийн аварга хүн л дээ. Энэ Багшийн дээд сургуульд сураад жаахан юм сураад ирэхээрээ эргээд бидэн рүү дайрч байна гээд үзэн яддаг болсон. Миний бэлтгэсэн хүүхдүүд амжилт гаргаад шигшээ багийнхан нь чимээгүй болохоор тэгэхээс өөр аргагүй байсан биз. Үнэхээр сайн бэлтгэж чадвал манай тамирчид олимпод гайхалтай амжилт гаргаж чадна. Тэгээд спортын хүрээлэн байгуулъя гэсэн чинь Спортын төвийн залуучууд чинь намайг хүлээж аваагүй.
-Академич Хайдав гуай таны багш байх аа?
-Хайдав багшийг Монголын уламжлалт анагаах ухааныг авч үлдсэн хүн гэж хэлж болно. Түвдийн анагаахын уламжлалыг би барьж байсан болохоор бид багш шавийн барилдлагаа нууцаар хийсэн. Дараа нь биологийн ухааны академич Шагдарсүрэн багш маань надад их тус болсон. Тэр сүрхий хүнд хийгээгүй ажил, хашаагүй алба гэж үгүй. Багш нар маань намайг “Миний шавь XXI зуунд нэрд гарах хүн дээ” гэж хөөрөгдөж ямар шавь төрүүлснээ мэддэг байж. Намайг зарим эрдэмтэн халх хүн биш, эрлийз, Якут гаралтай гэж хүртэл адалж байсан үе бий. Би Якут хэлийг таван жил үзэж, судалсан. 20 орчим жил энэ хэлээр ярьж, бичиж байгаа. Гэхдээ би Архангай аймгийн Ихтамир сумын уугуул хүн юм шүү дээ.
-Цаашид судалгаагаа хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна даа?
-Хөвсгөлийн ургамлыг судлахаар төлөвлөж байна. Цанын асуудлаар нэлээн бодитой ажил хийхээр төлөвлөсөн. Гэхдээ манайд хамтран ажиллана гэхээр их хэцүү юм. Нэг хүнтэй ажиллаад гар нийлээд эхлэхээр төд удалгүй шинэ дарга хүрээд ирэх юм. Энэ нь эргээд цаг алдахад хүргээд байна.
-Ярилцсанд баярлалаа.
URL:




