Хэнтийн Галшард хорио цээр тогтоожээ
Хөрш зэргэлдээ Сүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гаргаж халдвараас сэргийлэх арга хэмжээ авахыг холбогдох газруудад өгч байсан. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр Хэнтий аймгийн Галшар суманд шүлхий өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон талаар мэдэгдсэн байна. Одоогоор хэдэн малаас халдвар илэрсэн нь тодорхойгүй байгаа. Галшар сумын малаас болон зээрнээс авсан шинжилгээний дээжийг нэгтгэн өнгөрсөн амралтын өдөр Мал эмнэлэг, үржлийн газарт явуулсан гэж албаныхан мэдээллээ.Хариу нь энэ долоо хоногт гарах юм байна.
Одоогийн байдлаар бүх суманд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон тэмцэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг албан бичгээр хүргүүлж, Сүхбаатар аймагтай хил залгаа сумдын Засаг дарга нарыг аймгийн Засаг даргын зөвшөөрөлтэй шилжилт хөдөлгөөн хийхийг анхааруулсан байгаа. Сумдууд мэдрэмтгий мал, амьтанд эрүүл мэндийн үзлэг, тандалтыг хийж эхэлсэн бөгөөд энэ сарын 05-ны байдлаар Дархан сум 39293 малд, Батширээт сум 13023 малд, Батноров сум 22134 малд нийт 74450 малд үзлэг, тандалт хийж, эдгээр сумдын 11 багийн 359 өрхийн 817 иргэнд сэрэмжлүүлэг хүргээд байна.
Аймгийн нутаг дэвсгэр дэх Хэрлэн гүүрийн авто замын шалган нэвтрүүлэх пост дээр аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, ҮХААГ, Авто тээврийн газраас холбогдох мэргэжилтнүүд 24 цагаар ээлжлэн Сүхбаатар аймгаас орж ирж байгаа автомашинд хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг, зорчиж байгаа иргэдэд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэж байна. Мөн Давсанбадрахын гуанз, Баянхутаг сумаас зүүн тийш Жаргалан, зүүн урагш 55 хөтөл, Галшарын сумын зүүн хойш 75 км-т 5 уулын энгэр гэдэг газар хөдөлгөөнт постуудыг ажиллуулж эхэллээ. Мал эмнэлгийн албаны дарга М.Түвшинзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумтай хил залгаа Галшар сумын нутгийн мал сүрэгт үзлэг хийж, зургаа дахь постыг ажлуулахаар явж байгаа юм байна.
Өндөрхаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал нядалгааны 4 цэг, 3 хүнсний дэлгүүр, 3 захад мэргэжлийн байгууллагуудын үзлэг хийж, мал нядалгааны цэгийн үйл ажиллагааг түр зогсоож, уг өвчнөөс сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүргэсэн байгаа аж.
Аймгийн Онцгой комиссын энэ сарын 6-ны өдрийн ээлжит хуралдаанаар бүх сумын мал, амьтныг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулах шаардлагагүй. Сүхбаатар аймагтай хил залгаа сумдын мэдрэмтгий мал, амьтанд тандалт хийхээр шийдвэрлэсний дагуу Галшар суманд 2 ажлын хэсэг гарч 3 багийн 93 өрхийн 135 хүнд сэрэмжлүүлэг хүргэж, 101 тэмээ, 2840 үхэр, 24928 хонь, 19180 ямаа нийт 47049 малыг, Баянхутаг суманд Мал эмнэлгийн албанаас 2 ажлын хэсэг гарч 2 багийн 32 өрхийн 124 хүнд сэрэмжлүүлэг хүргэж, 189 тэмээ, 1560 үхэр, 14914 хонь, 7949 ямаа нийт 24612 малыг үзлэгт хамруулсан бөгөөд тус сумын байгаль хамгаалагч, багийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зээрийн тандалт хийж байна.
Бор-Өндөр сум орон нутгийн телевиз болон зарлалын гэрлэн самбараар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, Сүхбаатар аймаг зорчих иргэдийн хөдөлгөөнийг зогсоосон байна. Мөн Сүхбаатар, Дорноговийн чиглэл, Галшар, Хэнтий, Зүлэгтийн чиглэлийн замд тус тус 1 пост ажиллуулж байна.
Аймгийн ОБГ болон Мал эмнэлэг, үржлийн газарт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон тэмцэх арга хэмжээнд шаардлагатай халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, ариутгалын бодис, вакцины захиалгыг хүргүүлжээ.
Ийнхүү аймаг орон нутгаас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд уг урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад зориулж аймгийн Засаг даргын захирамжаар 15 сая төгрөгийг зарцуулахаар болсон байна.
tv5.mn
URL:










