2020 он гэхэд утаа 75-80 хувь буурна гэв
Утаатай тэмцэх гол зэвсэг нь “утаагүй зуух” хэмээн манай төр засгийнхан ярьдаг. Мөн 2010 оноос хойш эл төсөлд 100 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг ажээ. Гэвч энэ төсөл өнөөг хүртэл хөрсөн дээр бууж, утааг багасгаж чадаагүй. Иймээс “Утаанаас хэзээ, хэрхэн салах вэ” гэдэг асуудлыг дахин хөндөж эхэллээ. Тодруулбал, Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд санал солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэхээр өнгөрсөн баасан гаригт Хэвлэлийн хүрээлэнд цугларсан юм. Тус хэлэлцүүлэгт “Утаагүй зуух” төслийг дэмжигч Дэлхийн банкны төлөөлөл, Нийслэлийн Засаг даргын Эко, ногоон хөгжил
хариуцсан алба, Агаарын чанарын албаны удирдлага, “Цэвэр агаар” төслийн болон Эрчим хүчний яамны түлшний бодлого зохицуулалтын алба, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, санал бодлоо солилцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр утааг урт, дунд, богино хугацаанд бууруулах ээлжит хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд 75-80 хувь бууруулах боломжтой гэдгийг онцоллоо.
Гэхдээ ойрын хугацаанд яаралтай тэмцэх гол арга нь өнөө л ‘Утаагүй зуух” гэдгийг төслийн санаачлагчид баталсаар байсан. Утаагүй зуухыг иргэд зөв хэрэглэж, дамлан худалдаагүй байсан бол утааг баталгаатай бууруулах байсан аж. Тиймээс цаашид нэгэнт нэвтэрсэн энэ технологийг улам боловсронгуй болгож, дотооддоо зуух үйлдвэрлэх, зөв хэрэглэх, боловсруулсан түлш түлж сурах шаардлагатай байгааг онцлов. Мөн утаагүй зуухыг иргэдийн бараг 70 хувь нь буруу хэрэглэдэг бөгөөд бусдад дамлан зарж, буруу хэрэглэх аваас хариуцдага тооцдог хууль хэрэгжүүлэх юм гэнэ.
“Нэвтрээд дөрвөн жил болчихоод байхад зөв хэрэглэж сураагүй, ашиг хонжоо хайгчид дээр доороо үүрлэчихээд байхад дахиад хэр их хугацаа зарцуулж, энэ бүх гажуудлыг засах юм бол. Утаагүй зуух утаанаас салах ойрын хугацааны найдвартай ганц арга гэж үү. Технологийн дэвшилтэд үед бид нүүрсээ түлсээр утааг гаргасаар байх уу”. Энэ бүх асуулт тэнд цугларсан мэргэжилтнүүдийн хэлэлцүүлгийн гол сэдэв байсан. Тэгвэл бидэнд утаанаас салах дэвшилтэд технологийг нэвтрүүлэх боломж бас байгаа аж. Тодруулбал, Сэргээгдэх эрчим хүч болох нар, садхинаас эрчим хүч гаргаж авах технологийг нэвтрүүлэх, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, зэрэг арга байдаг гэнэ.
Гэвч үүнийг төр засгийн зүгээс урт хугацаанд хэрэгжүүлэх арга бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүй гэж үзэж буй аж. Энэ талаар “Ногоон эвсэл” ТББ-ын төлөөлөгчид “Хотын агаарын бохирдлыг бага зардлаар гурван жилийн хугацаанд тав дахин багасгах” төслийг 2009 оноос хойш судалж, холбогдох яаманд өгсөн ч асуудлыг хойшлуулдаг” гэв.
Т.ДУЛАМЖАВ /Өдрийн сонин/
URL:













