Гандангийн тагтаа хооллохыг хоригложээ
Шувууны H7N9 вирүсийн өвчлөл Монголд орж ирсэнтэй холбогдуулан тагтаа хооллохыг хориглолоо. Тус шийдвэрийг Төв Гандантэгчинлэн хийдээс гаргажээ. Мөн иргэдийг шувууны төрлийн мах, махан бүтээгдэхүүн, өндгийг хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Одоогийн байдлаар шувууны ханиадаар өвчилсөн манай улсын гурван иргэн III-р төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
ӨВЧИЛСӨН ШУВУУНЫ ШИНЖ ТЭМДЭГ:
- Халуурна
- Хамар, амнаас салсархаг шингэн гоожино
- Залаа нь хавдана
- Чацга алдаж, улмаар таталт өгөх шинж тэмдэгүүд үзүүлнэ. Өвчин гарсан тохиолдолд шувууны өндөглөлт 45 -60 хувь хүртэл буурч, халдвар авсан шувууны өвчлөл 90 хувь, үхэл 75-90 хувь, халдварлалт өндөр үед 100 хувь хүртэл үхүүлдэг байна
ХАЛДВАРЛАХ ЗАМ:
- Агаар дусал, шууд хавьталын замаар шувуунаас шувуунд, улмаар шувуунаас хүнд дамжин халдварлана.
- Халдварын эх булаг нь өвчтэй шувуу, өвчний үүсгэгчээр бохирлогдсон өндөг, тахиа, шувууны мах, шувууны байр, тоног хэрэгсэл, шувууны сангас , нуур, цөөрөм, гол ус.
ШУВУУНЫ ТОМУУГИЙН ВИРУС: 56 хэмд 3 цаг, 60 хэмд 30 минутын дотор үхдэг. Формалин, иодын нэгдэл зэрэг халдваргүйжүүлэх бэлдмэл хэрэглэн устгаж болно. Саван, цэвэрлэгээний бусад бодис ба зарим химийн бодисууд, тухайлбал идэмхий натрийн 2%-ийн уусмалд 10 минут, гипохлорат натрид 10-30 минутад устдаг байна.
ШУВУУНЫ ТОМУУГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
- Хавар нүүдэллэн ирж байгаа шувуудыг ажиж сул дорой, үхсэн байвал ойртохгүй байх;
- Шувуу олноор бөөгнөрч үүрлэдэг газар сангас их байдаг тул тийм газар очихгүй байх;
- Булаг шанд, задгай усыг зэрлэг болон нүүдлийн шувуудаас хамгаалах, шувууд цугларсан гол горхины усыг унд, хэрэгцээнд хэрэглэхгүй байх;
- Зэрлэг шувууны мах, өндгийг хүнсэнд хэрэглэхгүй байх;
- Үхсэн болон өвчтэй шувуутай таарах буюу харвал ойролцоо байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
ШУВУУ, ҮРЖҮҮЛЖ ТЭЖЭЭДЭГ ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД:
- Хувийн ариун цэврийг чанд сахих;
- Шувууны байраа халдваргүйжүүлэх, тухайн орон нутгийн мал эмнэлгийн байгууллагад хандаж зөвөлгөө авах;
- Шувууны дэвсгэрийг 7 хоногт 2 удаа сольж байх, сангас, хаягдал дэвсгэрийг зориулалтын нүхэнд хийж булах;
- Шувуунд өвчний шинж тэмдэг илрэх юм уу, олноор өвчлөх шинж тэмдэг илрэх; үхэж хорогдсон тохиолдолд харъяа сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
- Үхсэн шувууны сэг зэмийг тусгай нүхэнд булж устгах, ариутгал халдваргүйтгэлийн бодисоор халдваргүйжүүлэх;
- Шувуундаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин / Шувууны цусан халдварт өвчнөөс сэргийлэх, Шувууны тахал өвчнөөс сэргийлэх, Шувууны томуу өвчнөөс сэргийлэх, Бурсал, Марек, Шувууны ньюкасла, халдварт бронхит, өндөглөлт буурах синдром / вакцин тариулах;
- Шувууны мах, өндгийг сайтар чанаж боловсруулж хүнсэнд хэрэглэх
- Шувуу болон мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг МАЛ ЭМНЭЛЭГ-АРИУН ЦЭВРИЙН ГЭРЧИЛГЭЭ-г үндэслэн худалдан авч хүнсэнд хэрэглэхийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудадАНХААРУУЛЖ, СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
URL:








