Айлын хаалга тогшиж мөнгө хураадаг системийг халъя
-Хогны мөнгө хаашаа урсдаг вэ-
Нийслэлд жилд дунджаар 210-260 мянган тонн хог хаягдал гардаг гэсэн статистик судалгаа бий. Орон сууцанд амьдарч буй нэг иргэн өдөрт 0.235 кг, гэр хорооллын нэг иргэн 0.956 кг хог хаягдал үүсгэдэг байна.
Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр дүүрэг бүрт Хог хаягдлын үйлчилгээний сан /ХХҮС/ гэж байгуулагдсан. Тус санд хорооныхон иргэдээс хог хаягдлын мөнгө цуглуулж төвлөрүүлдэг. Гэр хорооллын нэг өрхөөс сардаа 2500, орон сууцны нэг айл 2000 төгрөг төлдөг байна. Үнэндээ захаасаа эхлээд төв хүртэлх хөглөрсөн хогийг сэтгүүлчид үзгээ элтэл бичиж буй ч тусыг эс олов. Энэ удаад сэтгүүлч миний бие “Хог хаягдлын сан”-д төвлөрсөн иргэдийн халааснаас гарч буй мөнгө хаашаа урсаад байгааг сонирхсон юм.
Хог хаягдлын үйлчилгээний сангууд хог арилгахад жилд 2.5-3 тэрбум төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжээс төвлөрүүлдэг байна. Гэсэн хэдий ч дээрх сангийнхан 7-8 тэрбум төгрөг байж гэмээнэ бид нийслэлийг хогноос нь салгана хэмээдэг. Дээрх санд төвлөрсөн мөнгө хэрхэн зарцуулагддаг талаар саяхан “Бага хаян” ТББ Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт судалгаа хийжээ. Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хийсэн эл судалгаагаар гэр хорооллын иргэдээс хогны төлбөрт хураадаг одоогийн тогтолцоог өөрчлөхөөс эхлээд маш олон ажил өрнүүлэх хэрэгтэй байгаа нь ажиглагдсан байна.
СХД-ийн хувьд 25 хорооны 12 хороог ХХҮС, 11 хороог ТҮК, долоо, 21 дүгээр хороог хувийн компаниуд хариуцдаг аж. Тус хороо нь хог ачих “Тээвэрлэлт үйлчилгээний төв” хүртэл байгуулсан ч хоггүй орчныг бий болгож чадаагүй нь иргэдийн хариултаас илэрхий.
Тухайлбал судалгаанд хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн долоо хувь нь “манай хороо хоггүй, цэвэрхэн” гэж хариулсан бол 93 хувь нь “хог шороондоо дарагдаад байна” гэсэн хариултыг өгчээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэд cap бүр тогтмол хог ачдаг гэдэгтэй санал нийлээгүй байна. Тэд 2-3 сараар хог ачдаггүй хэмээн хариулжээ. Харин хог хаягдлын сангийн хороо, дүүрэг хариуцсан ажилтнууд гэр хорооллын айлуудын хог хаягдлыг cap бүр ачиж тээвэрлэдэг хэмээжээ. Ийнхүү иргэд, ажилтнуудын ам зөрсөн ч судалгааны ажлын бүлгийн эцсийн хэлэлцүүлэг дээр хогны байцаагч нар хог ачдаг машин хүрэлцдэггүй, ганц байгаа нь эвдэрдэг, гэр хорооллын айлуудад очиход бэрхшээлтэй, айлууд хогны мөнгөө төлдөггүй хэмээн зовлон тоочсон байна. Амьжиргааны түвшнээс хамаараад гэр хорооллын айл өрхийн дөнгөж 30 хувь нь хогны мөнгө төлдөг гэсэн судалгаа бий. Тиймээс орон сууцны айлуудаас байрны мөнгөн дээр хогны төлбөрийг оруулдаг шиг гэр хорооллынхноос хогны төлбөрийг цахилгааны төлбөртэй хамт авах систем рүү шилжүүлэх хэрэгтэйг нэлээн хэдэн жилийн өмнөөс ярьсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болсонгүй.
Судалгаанд оролцогсод хог тээвэрлэдэг компаниуд өндөр үнээр хог зайлуулдаг, үүнийг дүүргийн удирдлага мэддэг ч мэдээгүй юм шиг царайлдаг гэснээс үзэхэд хог хаягдлын санд төвлөрсөн мөнгө дүүргийн эрх мэдэлтнүүдийн нэг бизнес нь байж болох талтай. Мөн хороо хүртэл хог зөөж мөнгө олдог. Төрийн анхан шатны байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулдаг дүр зураг газар авлаа гэх шүүмжлэл гарчээ.
Өнөөдрийн байдлаар СХД-т хог тээвэрлэгч гурван компани үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус дүүргийн хэмжээнд нийт 20 машин үйлчилдэг гэх бөгөөд бодит байдал дээр хоёрхон машин л хог тээвэрлэдэг байна. Үүнээс гадна тээвэрлэгч компаниуд иргэдээс мөнгө хураадаг учраас хогны мөнгө тэдний гар дээр хяналтгүй эргэлдэж буй нь анзаарагджээ. Иргэдээс хог хаягдлын сан мөнгө хураана. Дээр нь тээвэрлэгч компаниуд мөнгө авна гэдэг нь энд ямар ч хяналтгүй мөнгө эргэлдэж буйг илтгэнэ.
Тиймээс нийслэлийн удирдлага энд анхаарлаа хандуулж нэгдсэн хяналтанд оруулан цэгцлэхгүй бол “хогны мөнгө” нэрээр бизнес хийгсэд олшрох нь гэдгийг судалгааны багийнхан олж харсан байна. Түүнчлэн хог хаягдлын сангийн орлогын төлөвлөгөө cap бүр 100 хувиар биелдэг атлаа уг байгууллага өртэй байгаа нь анхаарал татахаар байгаа юм. Тиймээс сангийн зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохоос эхлээд энд өөрчлөлт хэрэгтэй байна.
Мөн судалгааны багийнхан дээрх хоёр дүүрэгт ажиллах үеэрээ Хог хаягдлын сангийн төсөв хөрөнгийг зориулалтын бус үйл ажиллагаанд захиран зарцуулсан баримтыг олж мэдэн МХГ, Аудитын байгууллагад хандахад дээрх зөрчлийг хэрхэн шийдвэрлэснийг мэдэх хүн байгаагүй аж. Энэ мэтчилэн иргэдийн халааснаас авсан мөнгө задгай “урсаж” буйд холбогдох байгууллагууд жишим ч үгүй суугаа нь сонин. Нэгэн үе Монгол Улсыг хөгжүүлэх сангаас мөнгө гарган гаднаас 105 машин оруулж ирж байсан. Тухайн үед өндөр өртөгөөр машин авлаа, өндөр тэвштэй учраас хог ачихад хүндрэлтэй байна хэмээн хэл ам таталж байсан ч шалгалт хийгдээгүй л өнгөрч байсан санагдана.
Үнэндээ монголчууд бид хогноосоо салъя хэмээн олон жил ярилаа. Орж ирсэн мөнгийг хувьдаа бус зориулах ёстой зүйлд нь зарцуулах, хог хаягдлын сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохоос эхлээд хийх ажил их байна.
Б.Ариунзаяа
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL:













