ШҮЛХИЙ НИЙСЛЭЛД МААНЬ ЗАЛРАХ БИЙ ДЭЭ

resize_1366187483Монголд шүлхий өвчин дахин дэгдлээ. Уг нь хэдэн жилийн өмнө Дорнод аймагт жил дараалан голомтлон гарч, аймаг орон нутаг, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан уг өвчин сүүлийн хэдэн жилд нам болсон байсан юм. Гэвч өнгөрсөн сарын сүүлээр Сүхбаатар аймагт гарсан нь зэргэлдээх нутгуудад тархах нөхцөл болов. Ядаж байхад яг баярын өдрүүдээр дэгдсэн нь төр засгаас дорвитой шийдвэр гаргах гэсээр цаг алдахад хүргэв. Анх Сүхбаатар аймгийн Онгон суманд илэрсэн хэдий ч удалгүй Наран, Дарьганга, Түвшинширээ, Баяндэлгэрт тархаж, улмаар Хэнтий аймгийн Галшир, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх суманд тархаж байгаа нь сүүлийн үед түгшүүр төрүүлэх болов.

Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Туруутан тэжээвэр болон зэрлэг амьтад өвчилнө. Өвчний нууц үе 1-14 хоног. Иймээс бид сэрэмжтэй байж, өвчнийг богино хугацаанд дарж авахгүй бол хүйтний эрч сулраагүй байгаа энэ цаг үед хамгийн их эрсдэлтэй юм.

Хорио цээр тогтоож, түүнийг ягштал мөрдөхгүй бол маш хурдан тархдаг, хүйтэнд болон байгалийн ямар ч нөхцөлд их тэсвэртэй, малын болон машины дугуй, өөр бусад зүйлээр амархан тархаж, олон түмэнд ихээхэн хохирол учруулдаг энэ өвчнийг олон улсын түвшинд маш аюултайд тооцож, уг өвчин дэлгэрсэн газраас мал мах, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортыг хүртэл цуцалдаг, эдийн засгийн асар их хохиролыг дагуулдаг муу “ёрын өвчин”.

Одоохондоо цөөхөн хэдэн суманд гарсан гэж тайвширч болохгүй л баймаар. Урьдчилан сэргийлэх вакцины нөөц байхгүй бол уг өвчнийг тийм ч амархан дарж авахад хэцүү. Дөрвөн жилийн өмнө Дорнод аймагт шүлхий гарахад монгол улс вакцины нөөц байхгүйгээс болж их хэмжээний хохирол амссан. Хэдэн сум байтугай аймгийн төв нь бүтэн жилийн турш хөл хорионд байж, эдийн засаг, эд хөрөнгийн ихээхэн хохирол амссан гашуун туршлага бэлээхэн байна.Одоогоор дээрх сумдад гарсан шүлхийгээс болоод өч төчнөөн хүмүүс хөл хоригдож, ажил төрлийн болон эдийн засгийн их хохирол амсаж байна. Онгон, Наран суманд нийт 273 оюутан хөл хорионд байна. Тэдний хичээл сургалтын ажил ч хэцүүд лээ. Энэ байтугай л юм юм болох даг шүү.

Энэ удаа Сүхбаатар аймагт, тэр дундаа монголчуудын сүүлийн үед хамгийн их зорчих болсон Алтан-Овоо, Шилийн богдын чигт гарсан нь сэтгэл түгшээж байна. Монголчууд бид нэг зүйлд хошуурахаараа усанд цувсан үхэр шиг зүтгэдэг зөрүүд зантай. Хэдэн жилийн өмнө Шилийн богд ууланд цөөн тооны мөнгөтэй баячуул, бөхчүүд гээд л гарч хийморио сэргээлээ гэж л дуулддаг гэсэн. Гэтэл одоо чинь сар шинээр аав ээждээ золгосон болоод л найз нөхөд, ажлын газрынхан, сонирхлоороо нэгдсэн хүмүүс Шилийн богдруу л бүгд зүтгэдэг болж. Эртнээс уг нь “шилийн сайн эрчүүд”-ийн гарч тангараг өргөж, түүнээ сахин шилийн сайн эр, хулгайч болж, манжийн эсрэг тэмцэж явсан эрчүүдийн сүлд уул. Гэтэл манай орчин үеийн залуус тийшээ гарч бүгд хийморио сэргээхээр хошуурдаг болсон нь юмны учир олоогүй байж, сайн гэсэн юм болгоныг гүйцээхийг хүсдэг “монгол зан”-гийн илрэл гэхээс яалтай.

Сар шинээр шинийн гурваны өглөөний нарыг Шилийн богд дээрээс харах гэсэн олны цуваа тасралтгүй цувсан нь өнөөх шүлхийг бусад нутгаар тараахад дэм болчихсон юм биш биз. Уг өвчин нь машины дугуй, хүний хувцас болон бусад зүйлээр дамжин тархдаг учраас байх магадтай. Анх Онгон суманд илэрсэн хэдий ч төд удалгүй Наран, Түвшинширээ, Баяндэлгэр сум, Хэнтийн Галшар, Дорноговийн Дэлгэрэх, Алтанширээд дараалан тархсан нь дээрх Шилийн богдыг зоригчдын гол зам дайран өнгөрдөг газраар түгсэн байгааг анзаарч болно. Түргэн хугацаанд өвчнийг тархаахгүй дарж авахыг хичээж байх зуур өөрсдийн өчүүхэн хүсэл, зорилгоо биелүүлэх гэсэн муйхар залуус хулгайн замаар, харуул постоос холуур нууцаар уг газрыг зорьж байгаа нь нууц биш. Ингэж өөрийн эрх ашгийн төлөө бусдыг хохироож, “шүлхий” хэмээх аймшигт өвчнийг монгол даяараа, тэр дундаа нийслэлд “дагуулаад” ирсэн бол хэцүү еэ.

Зарим нь уг өвчний хор холбогдлыг төдий л ойшоохгүй байх мэт. Уг өвчин Дорнод аймагт дэгдэснээс болж ямар их хохирол амссаныг мартсан байна. Миний мэдэхээр аймаг даяар бүрэн хөл хориж, мал мах зарах борлуулах, худалдаа наймаа хийх, хил гарах орох бүх замыг тусгаарлаж, ард иргэдийн амьдралд ихээхэн чирэгдэл учруулж, оюутан залуус өвлийн турш сургууль соёлдоо явж чадалгүй хохирч, Засгийн газрын нөөц сангийн тэрбум төгрөгийг “шүлхий”-тэй тэмцэх ажилд зарцуулсныг мартаж яаж болохов.

Ийм хор уршигтай өвчин нийслэлд маань 300 км дөхөж ирчихээд байна. Хэрвээ хотод орж ирвэл ямар их гай дагуулахыг тооцох хэрэгтэй байна. Саяхан нийслэлээс уг өвчинтэй тэмцэх үүднээс 240 гаруй сая төгрөгийг гаргаж, байнгын хяналтын цэг, ариутгалын газруудыг байгуулж байгаа тухай мэдээлж байна. Хорио цээрийн, хязгаарлалтын дэглэм зарлаж, ард иргэдэд сонор сэрэмжтэй байхыг сануулж байгаа ч түүнийгээ ягштал барихгүй бол өвчин тархах магадлал улам л өснө. Бид сармагчин лугаа адил өмнөх гашуун түүхээ мартчих юм. Шүлхийд хаагдаж, боогдох, хөл хорионд байхын зовлонг Дорнодынхон л мэдэхээс бусад нь бол мэдэхгүй. Ийм гашуун түүх давтагдах ойртоод байгааг анхаарч, төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж, хамтран ажиллах нь энэхүү эрсдэлт, хор уршигт өвчнийг дарж авахад тустайсан.

Харин энэ талаар Нийслэлийн Удирдлагын зөвлөл хуралдаж Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрийн тухай танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн сайшаалтай. Өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа хяналт шалгалтын долоон постын Багануур хяналт, ариутгал, Налайх Городок хяналт, ариутгал, халдваргүйжүүлэлт, Налайх дөрөвдүгээр зөрлөг, Хан-Уул Яармагийн дөрвөн товчоог 24 цагаар хүч нэмэн ажиллуулж байгаа боловч хулгайн тээвэр, мал махны худалдаа тээвэрлэлтийг хулгайгаар хийгчдийг зохицуулахад хүчин мөхөсдөх бий гэсэн болгоомжлол байна.

Энэ өвчин дэгдэснээс болж монголын маань эдийн засагт ямар их дарамт, иргэдийн сэтгэл санаанд ямар их хор учруулдагийг бодолцож, тал талаасаа анхаарахгүй бол нийслэл хөл хорионд орох ойрхон байна.

О.Төрөө


URL:

Сэтгэгдэл бичих