Ц.Мөнхбаяр: Шаардлага биелүүлэхгүй бол галт зэвсэг хэрэглэнэ
“Гал үндэстэн” холбооноос “Монгол орныг байгаль экологийн сүйрлийн ирмэгт авчирсан олигархжсан бүлэглэлийн төлөөлөл бүхий хяналтгүй Засгийн газар огцор” хэмээн Төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэн, хоёр сарын турш Сүхбаатарын талбайд гэр барин, суулт зарлаад байсан юм.
Харин шаардлагын хариуг одоо хэр өгөөгүй учир тэд дараа-гийнхаа тэмцлийн хэлбэрт шилжжээ. Тэдний эхний үйлдэл нь Төрийн ордон руу нум сум харвах байлаа. Өнгөрсөн баасан гаригт 50 гаруй морьтон Сүхбаатарын талбайд жагсаж, Төрийн ордны баруун зүүн талаас нийт таван сум тавьлаа. Тавьсан сумны нэг нь ордны зүүн талын цонхыг хагалсан юм.
Дараагийн үйлдэл нь “Барын базалт” буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ дахь айлчлалаас ирэх замд угтан уулзах байв. Гэвч тэдний “Барын базалт” талаар болсон учир тэмцлийн дараагийн хэлбэр болох “Нутаг чөлөөлөх аян”-д мордохоор болсон байна. Энэ талаар “Гал үндэстэн” холбооныхон өчигдөр Яармагийн дэнжид барьсан гэртээ хэвлэлийн бага хурал хийлээ.
Хөдөлгөөнийхөн аравтын системд хуваагдан Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны бүс нутаг, Хэнтийн нурууны ай саваар олборлолт явуулж буй уул уурхайн компаниудад тулган шаардах бичиг өгөх аж. Уг ажилд 1000 морьтон оролцох гэнэ. “Гал үндэстэн” олбооны тэргүүн Ц.Мөнхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-”Нутаг чөлөөлөх аян”-ыхаа талаар тодруулахгүй юу?
-Монгол Улсад 2000 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг. Урт нэртэй хуулийн хүрээнд хамаарах бүхий л компаниудад тулган шаардлага тавьж, хаахаар явна. Нэн түрүүнд гадаадын хөрөнгө оруулалттай, эрх баригчдын компанийг, дараа нь байгаль орчинд хор хөнөөл учруулсан компаниудыг хаана.
-Уул уурхайн компаниуд эсэргүүцвэл яах вэ?
-Хэрэв тулган шаардлагыг биелүүлэхгүй бол галт зэвсэг хэрэглэнэ. Гэхдээ бид хүн алахгүй. Бүх зүйлийг нарийн тооцоолсон байгаа. Биднээс бус өөр зүйлээс шалтгаалан нийгэмд эмх замбараагүй байдал үүсвэл Монгол Улсын төр, хууль хяналтын байгууллага анхааралдаа авах ёстой. Бид хэрэгт орчих болов уу гэж айх цаг өнгөрсөн. Бидэнд өөр сонголт алга.
-Галт зэвсэг хэрэглэх нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үү?
-Газар нутаг минь сүйтэж дууслаа. Монголын ирээдүй хойч үе, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө бага зэргийн эрсдэл гаргаж байгаа. Хамгийн гол нь бидний “Нутаг чөлөөлөх аян”-нд хэвлэлийнхэн идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Учир нь иргэдэд буруу ташаа ойлголт үлдээхгүйн тулд бидний үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах хэрэгтэй байгаа юм.
Б.Батчиэг
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL:












