НӨАТ “хэрэггүй”
НӨАТ Монголд хэрэггүй, яагаад? Магадгүй гуравхан сая хүн амтай, импортлогч орны хувьд НӨАТ эдийн засагт илүү дөнгө болж байж болох. Угтаа НӨАТ-ыг төлөхгүй гэсэндээ ихэнх наймаачид гудсан дороо сая саяар нь мөнгөө хадгалж буй нь худлаа биш.Ж.НЯМСҮРЭН
Худалдааны эдийн засагтай Монголд нэмүү өртөгийн албан татвар багагүй асуудал дагуулаад удаж байна. Яагаад тэр вэ? Арван зургаан жилийн турш хэрэгжиж ирсэн НӨАТ-ын хууль цаг үеэсээ хэдийн хоцрогдсоны шинж тэмдэг эдийн засагт “хордлого” болон илэрч буй. Анхнаасаа утга нь гажиж, гол зарчмаасаа хазайж эхэлсэн НӨАТ-ын хуулийг өөрчлөх нь эдийн засагтаа хийж буй том эмчилгээ болохоос гадна бизнес эрхлэгчдийн хувьд гудсан дороо нуусан их мөнгөөрөө үйлдвэрлэл эрхлэх боломжийг нээж өгч буй гарц гэж тодорхойлж болно. НӨАТ-ын гол өөрчлөлт нь босгодоо биш, бодлогодоо байх ёстой. Тийм учраас хүлээлгийн өрөөнд хэвтэж байгаа НӨАТ-ын хуулийн төслүүдээс хамгийн сайн хувилбарыг сонгох ёстой гэдгийг улстөрчдөд сануулах нь илүүц биз. Учир нь тэдний дийлэнх нь НӨАТ төлдөг бизнес эрхлэгчид шүү дээ.
Бодит зах зээл нь зөвхөн нийслэлээрээ хэмжигддэг, хэрэглээнийхээ 88 хувийг гадаадаас худалдаж авдаг Монголд НӨАТ-ын хууль худалдааны татвар маягаар л хэрэгжиж ирсэн. Энэ ганц шалтгаанаас болж эдийн засгийн томрох боломж хумигдаж, бизнес эрхлэгчид гудсан доороо их хэмжээний мөнгийг бусдаас нуухад хүргэсэн нь үнэн. Хэрэгжүүлэх явцдаа зүсийг нь өөрчилсөн нь гол алдаа болж, НӨАТ-ыг дээрмийн шинжтэй татвар болгон хувиргаж орхисон юм. Энэ бүхэн импортоор орж ирж байгаа барааны үнэд сөргөөр нөлөөлж, Монголын зах зээл дэх үнийн өсөлтийн нэг тулгамдсан асуудал болсоныг эдийн засгийн хүрээнийхэн толгой дохин хүлээн зөвшөөрдөг.
Худалдаачид, үйлдвэрлэгчид, хуулийг сахин биелүүлэгчдэд төвөг удаж байгаа НӨАТ хууль зөрчигчдөд эсрэгээр үйлчилж байна. Татварын цоорхойг ашиглан мөнгө тонших явдал жижиг компаниудын хувьд ихэд дэлгэсэн арга болчихсон, түүнийг нь Татварын ерөнхий газар хар дансандаа оруулснаа зарлаад байгаа.
Монгол Улсын татварын хуулийг ноцтойгоор зөрчсөн компаниудыг Татварын ерөнхий газраас нэр устай нь зарлаж, тэднийг НӨАТ-ын падаанд хуурамч бичилт үйлдэж тараасан, импортын бараа бүтээгдэхүүнд НӨАТ төлсөн мэтээр хуурамчаар тайлагнах замаар их хэмжээний татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж байгаа юм байна. Жагсаалтыг харахад хэний ч танихгүй, мэдэхгүй жижигхэн компаниуд. Тэдгээр “болжмор”-ууд хууль зөрчин “будаа” тоншиход хэн нэгэн эрх мэдэлтэн тусалсан нь гарцаагүй гэдэг нь үйл явдлыг тоймлон дүгнэхэд тодорхой харагдаж байгаа юм. Хуулийн мэдлэгээр “А” үгүй этгээд НӨАТ-ын цоорхойг ашиглан мөнгө угааж чадах уу. Тэр тусмаа “хадны мангаа” шиг аймаар татварын байцаагчдын хатуу хяналтыг сэт цохиод түрийвчиндээ “гоол оруулна” гэдэг амаргүй шүү дээ. Тийм болохоор НӨАТ-ын хуурамч падааны хэрэгт татварын байцаагчид буруугүй гэж хэлэхэд учир дутагдалтай, холбоотой гэхэд үгүйсгэх аргагүй шалтгаан болчихоод байгаа юм.
Гэхдээ эл хэргийг шүүн тунгаахаасаа илүү Монголын эдийн засагт НӨАТ чухамдаа ямар ач холбогдолтой вэ гэдэг нь гол анхаарах асуудал. НӨАТ-ын хуурамч падааны хэрэгт татварынхан холбоотой юу гэдгийг хууль хяналтынхан, цагдаагийнхан шалгахад л болчих асуудал болохоор тэр. Хамгийн гол нь УИХ-аар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байгаа НӨАТ-ын хуулийн шинэчлэлт гол байгаа онож чадахгүй тэнэж төөрөөд явчихвий гэсэн болгоомжлол эдийн засгийн хүрээнийхний дунд байгаа. Тиймээс эдийн засагт энэ НӨАТ хэрэгтэй юу гэдгийг эхлээд тодруулмаар байна. Хуулийн шинэчлэлт энэ асуудлаас эхлэх ёстой болов уу.
НӨАТ Монголд хэрэггүй, яагаад? Магадгүй гуравхан сая хүн амтай, импортлогч орны хувьд НӨАТ эдийн засагт илүү дөнгө болж байж болох. Угтаа НӨАТ-ыг төлөхгүй гэсэндээ ихэнх наймаачид гудсан дороо сая саяар нь мөнгөө хадгалж буй нь худлаа биш. Монголчууд мах, сүү гурил будаа, шатахуунаа гадаадын бусад улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр үнээр авч байгаа. Амьдралын төвшин, авч байгаа цалин, тэтгэвэртэй нь харьцуулахад шүү дээ. Тиймээс худалдааны татвар маягаар хэрэгжүүлж буй НӨАТ-ыг байлгах шаардлагагүй гэж байр сууриа илэрхийлэх хүмүүс цөөнгүй.
Тэгвэл НӨАТ Монголд хэрэгтэй, яагаад? Төр буй бол татвар байдаг нь үнэн. Тиймээс НӨАТ-ын хуулийг сонгодог утгаар нь хэрэгжүүлж чадвал эдийн засагт том хөрөнгө оруулалт болно. Гэхдээ энэ нь НӨАТ-ын босгыг 50, 100, 200, 500 сая болгоно гэсэн үг биш. НӨАТ-ын босгыг нэмснээр ченжүүд нуусан мөнгөө гаргаад ирнэ гэвэл, худлаа. Хамгийн гол нь НӨАТ-ын татварын хувь хэмжээ, буцаан олголт бусад замаар энэ татварыг зөв хэрэгжүүлбэл, төрд ч, татварынханд ч, бизнес эрхлэгчдэд ч хэрэгтэй.
Бие биенээ хэмлэхээсээ илүү НӨАТ-ын шинэчлэлтийн гол зорилго юу вэ гэдгээ эхлээд тодорхойлох хэрэгтэй болов уу, эрхэм гишүүд ээ.
URL:












