Хог, угаадас дунд хаваржиж буй гэр хорооллынхон

Өглөө эрт ажилдаа явахдаа аль болох л эвтэйхэн хувцас өмсч, гутлаа өнгөлнө. Харамсалтай нь гэрээсээ гарангуут л гутал саарал тоосонд дарагдаж цагаан цамцны заханд толбо суучих юм. Манай гэр хороололынхон арай л биш ээ. Машин ирж хогийг нь ачаад байхад л угаадас, үнсээ гудамжинд гаргаж асгаад байх.
Үүнээс үүдээд жаахан л салхи босвол үнс нь хуй болон хийсч “саарал гудамж” болчих юм. Тэгэхээр саарал гудамжныханд анхаарал тавих цаг нь болсон бололтой. Хороон дарга, хорооны ажилчид үүргээ биелүүлэх хэрэгтэй санагдах юм. Тэд ямар нэгэн аян өрнүүлж саарал гудамжныханы өнгийг солих цаг болжээ. Өнөө цагт манайхаас өөр оронд гудамжиндаа үнс, хогоо асгадаг газар байхгүй биз. Хүүхдүүд нь өвөлжин угаадас дээр нь гулгаж, хөгшид нь халтирч уначих гээд хэцүүхэн л санагдах.

Харин одоо өнөөх угаадас нь захаасаа хайлж жижиг горхи болон урсана. Түүний захаар нь үнс нь норж, шалбайгаад гутлын ултай зууралдаад ёстой л гишгих газар олдохгүй. Ийнхүү утаа угаар дунд хахаж цацан байж өвлийг өнгөрөөсөн гэр хорооллыхон үнс, угаадас дунд хаваржиж байна. Энэ асуудлыг хороон даргад дуулгавал “Бид хог ачиж байгаа. Харин оршин суугчид угаадсаа яахаа өөрсдөө мэднэ биз” Гэх хариулт өгнө. Бас нэг хэцүү асуудал бол өмнөх жилүүдээс арай л илүү хогтой орчин нөхцөл гэр хороололд бүрджээ.

Үүний гол шалтгаан нь Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийн дагуу олгосон ногоон ууттай холбоотой аж. Тэрхүү ногоон уутанд хогоо дүүргээд хашаандаа тавина. Түүнийг нь нохой сүйтгээд гудамжинд цувуулаад хаячих жишээтэй. Ингээд л хог, үнс, бохирын ус гурав гэр хорооллыг гутааж байна даа. Иймээс нийслэлийн удирдлагуудыг ажлын нэг өдөр гэр хорооллоор аялуулмаар санагдах юм.

В.НЭРГҮЙ


URL:

Сэтгэгдэл бичих