Сэлэнгэ аймагт 30 га газрын модыг устгасан хэргийг илрүүлжээ
Сэлэнгэ аймагт их хэмжээний нойтон мод хууль бусаар огтолж, байгальд онц ноцтой хохирол учруулсан хэргийг өнгөрсөн амралтын өдүүлсэн байна. Энэ талаар өнөөдөр БОНХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Б.Цогтбаатар, ЦЕГ-ын дэд хурандаа С.Баянмөнх болон холбогдох хүмүүс хэвлэлийнхэнд мэдэгдэл хийлээ.
Тус хэргийг Сэлэнгэ аймгийн иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс болон БОНХЯ хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хяналт шалгалт явуулж хэргийг илрүүлсэн байна.
Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн нутаг “Баяны ар” гэх газар мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байсан “Хүдэр Өсөх” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах явцад “Хүдэр Өсөх” ХХК нь 30 га газрыг хамарсан талбайгаас нийт 501 нойтон мод, үүнээс нарс 102, шинэс 399 модыг хууль бусаар бэлтгэсэн байсан нь тогтоогджээ.
Тус хэргийг илрүүлсний дараа Сэлэнгэ аймгийн Ойн анги, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, Засаг дарга, Цагдаагийн ажилтнууд болон бусад холбогдох байгууллагуудад шалгалт явуулахад дээрх байгууллагууд Байгаль хамгаалах тухай, Ойн тухай болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангалтгүй баталж ажилласан нь батлагдсан аж. Мөн Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр 13 тоот тогтоолоор “Ойгоос түлээний мод бэлтгэх, тээвэрлэх, хяналт тавих журам”-ыг баталсан байна.
Гэвч уг журманд Бэлтгэсэн модыг хоёр метрээс дээшгүй урттайгаар тайрч тээвэрлэх, Бэлтгэсэн түлшний модыг аймгийн нутаг дэвсгэр дотроо тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээгүйгээр зөвхөн мод бэлтгэх эрхийн бичгийг үндэслэн тээвэрлэж болно гэж заасан нь Ойн тухай хуулийн 34.4 дэх заалт, Гарал үүслийн гэрчилгээ хяналт тавих журмын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн.
Мөн тус аймгийн байгууллагууд заасан хууль тогтоомжийг биелүүлж, чандлан сахиж ажиллах шаардлагатай байна” хэмээн БОНХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга хэлж байлаа. Мөн “Хүдар Өсөх” ХХК уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу эрүүгийн хуулийн хариуцлага хүлээх ёстой юм” хэмээлээ.
URL:













