Камераас өөр тулгамдсан асуудал алга уу
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр бага багаар хэрэгжиж эхэлж байгаа билээ.
Хүн шиг амьдарч, улс шиг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн биелэлт хангалттай бус байгаа ч гэсэн шинэ сум төсөл, аймгуудыг орон сууцжуулах, томоохон үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудыг нээх зэрэг даацтай гэж хэлж болох олон ажлууд хийгдэж эхлээд байгаа.
Аймгуудыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр аймгийн төвүүд дэд бүтцийг нь шийдсэн 1000 айлын орон сууц барьж эхэлсэн бөгөөд үүнийг дагаад хотын хэмжээнд аймгаа хөгжүүлнэ гэж үзэж байгаа юм
Тэр дундаа хот руу чиглэсэн их нүүдлийг сааруулах хөдөөг хот шиг болгох, орон сууцжуулах, дэд бүтэц, замын асуудлыг нь бүрэн шийдэх амлалт хэрэгжиж байгаад талархах нь зүйн хэрэг. Аймгуудыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр аймгийн төвүүд дэд бүтцийг нь шийдсэн 1000 айлын орон сууц барьж эхэлсэн бөгөөд үүнийг дагаад хотын хэмжээнд аймгаа хөгжүүлнэ гэж үзэж байгаа юм.
Мөн орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгө хуваарилдаг болсноор дан ганц улсын төсвийг харж суулгүй иргэд өөрсдөө хэлэлцээд аймаг орон нутагтаа хэрэгцээтэй гэсэн асуудлаа шийддэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ мөнгийг иргэдээрээ яг таг хэлэлцүүлээд аймаг, орон нутагтаа хэрэгтэй гэсэн асуудлаа шийдэж чадаж байгаа гэсэн байгаа бол зарим талаараа учир дутагдалтай, аймаг, сумын Засаг дарга нь дур мэдэн шийдсэн, судалгаа муу хийгдсэн асуудлууд бишгүй олон байгаа нь ажиглагдаж байгаа юм.
Тухайлбал, Булган аймгийн жишээг энд дурьдаж болж байна. Булган аймаг орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгөөрөө суварга барихаар шийдсэн байгаа юм. Учир орон нутагт ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор цагаан суваргын байгууламж босгохоор болсон гэх. Жилд хэдэн жуулчин зорьж ирээд түүнийг нь үзэж сонирхох, тэр хэмжээгээрээ эргээд аймгийнхаа төсөвт хэдэн төгрөг хуримтлуулахыг мэдэхгүй атлаа шууд л жуулчдад үзүүлэх гэж орон нутгийн төсвийн мөнгөөрөө буюу нэг тэрбум төгрөгөөр цагаан суваргын байгууламж гэх зүйлийг барьж эхэлсэн аж. Түүнчлэн энэ аймагт дахин нэг шүүмжлэл дагуулж байгаа асуудал байсан нь аймаг орон нутгаа тойруулаад суулгаж байгаа теле камерын асуудал.
Мөн л өч төчнөөн сая төгрөгөөр барьж байгаа энэ ажил нь он дамжсан атлаа дөнгөж шон суулгаж эхэлсэн юм билээ. Булган аймгийн тойруулан гарч байгаа гэмт хэрэг, элдэв хулгай, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр жижиг камер суурилуулж, аймгаа бүхэлд нь хянах гэнэ. Бодоод бодоод зөв шийдвэр яав ч биш.
Тэрний оронд 100, 500 айлын орон сууц барих дэд бүтцээ шийдээд, эс бөгөөс анхны гурилын үйлдвэрээ нэг тэрбумаараа дэмжээд аймаг, сумынхаа иргэдийг чанартай гурилаар хангахад анхаарал хандуулаач
Хотынхоо гэр хорооллыг бүрэн камержуулж чадаагүй атлаа хаа байсан Булганы хөдөөг камержууллаа гээд гэмт хэрэг буурна гэдэгт итгэж чадахгүй нь. Мөн л төсвөөс мөнгө зулгаах гэсэн арга ядсан хэлбэр юм уу гэж хардахад хүргэж байна.
Эрдэнэт шиг том аймаг бол бас яах вэ гэх. Гэмт хэргийн гаралтаараа улсдаа тэргүүлээд байдаг бол ойлгож болох. Гэтэл хүн амын суурьшил төдийлөн их биш, тэгээд ч гэмт хэргийн гаралт нь хувь нь өссөн ч гамшгийн хэмжээнд хүрчихээгүй жижигхэн аймгийн төвийг камержуулах гэж хэдэн сая төгрөг цацаж суугаа нь учир дутагдалтай байгаа юм. Аймгийн хэмжээнд алдар цуугаа гайхуулж байгаа цагдаагийн албан хаагчдаа олигтойхон ажиллуулаад, аймгаараа архинаас татгалзах аян өрнүүлээд, жижиг асуудлаа орхихгүй шийдчихвэл камерт өртсөн өртөөгүй гэмт хэрэг буурчихмаар санагдах юм.
Юуны тулд төрөөс цалин авдаг цагдаагийн албан хаагчид бүх аймаг сумдад байгаа билээ. Эхлээд анзаарах ёстой жижиг асуудлуудаа шийдчихье. Дараа нь хөдөө талаа камержуулна уу, хөшөөгөө барьж тоглоно уу хамаа алга.
Энэ мэт орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгө хүрэх ёстой эзэндээ хүрдэггүй, эсвэл хэрэгтэй гэхээс илүү хэрэггүй шахуу төсөлд зарцуулдаг явдал одоо ч тасалдахгүй байна. Булганы тулгамдсан асуудал цагаан суварга, теле камер биш гэж найдъя.
Тэгтлээ их асуудлаа шийдчихсэн аймаг гэж харагдахгүй байсан шүү. Тэрний оронд 100, 500 айлын орон сууц барих дэд бүтцээ шийдээд, эс бөгөөс анхны гурилын үйлдвэрээ нэг тэрбумаараа дэмжээд аймаг, сумынхаа иргэдийг чанартай гурилаар хангахад анхаарал хандуулаач, Д.Эрдэнэбат дарга аа.
Б.Өнөртогтох
/Монголын мэдээ/
URL:











