МАН-ын генсек Орхон, Булган аймагт ажиллаж байна
МАН өнгөрсөн аравдугаар сард XXVII Их хурлаа хийж, улс орны нийгэм эдийн засаг, хөгжилтэй холбоотой хэд хэдэн чухал баримт бичгийг боловсруулж баталсан. Тиймээс энэхүү бодлого шийдвэрээ иргэд олон түмэндээ танилцуулах, мөн ард иргэдийнхээ амьдрал ахуйтай газар дээр очиж танилцаж, санал шүүмжлэлийг л цаашдын бодлого шийдвэртээ тусгахыг илүүд үзсэн.
Энэ хүрээнд гурван сарын өмнө МАН-ын удирдлага дөрвөн бүсэд хуваагдан 21 аймагтаа ажилласан. Тэгвэл энэ сараас эхлэн дахин 21 аймагтаа ажиллахаар төлөвлөсөн бөгөөд зарим аймгуудад ажиллаад иржээ. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Содбилэг нар Баянхонгор, Архангай аймагт ажиллаж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдралтай танилцаад ирлээ. Энэ үеэр иргэдийн хамгийн их шүүмжилж, гомдоллож буй асуудал бол ажлаа мэддэгүй сайд, дарга нар, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг шаардаж,ард иргэддээ хүрч ажилладаггүй хэмээн шүүмжилж байв. Тэгвэл өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ё.Отгонбаяр, мөн Дэд бүтцийн сайд, УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл нар Булган, Орхон аймагт ажиллаж байна. Тэд мөн л нутаг орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болоод иргэдийн ахуй амьдралтай танилцах юм.
Түүнчлэн МАН ийнхүү 21 аймгаар тойрч ажилласны үндсэн дээр иргэд, олон түмнээс хамгийн их ирж буй санал шүүмжлэлийг удахгүй хуралдах УИХ-ын хаврын чуулганы хуралдаанд санал оруулж хэлэлцүүлэх зэргээр нэлээн шахаж ажиллах юм байна.
Д.Болор
URL:













