Дархан-Уулын АН-д “Даш”-ууд даварсаар байна

Өнгөрсөн намраас Дархан-Уул аймгийн  Ардчилсан намынхны дотоодын тэмцэл хурцдаж, зарим нь “өлсөж” үзэв. Гэвч гэдсэндээ хөл жийлцэх тэмцэл зогсоогүй байна.

Ер нь намаа “хувьчилж” авсан хэсэг бүлэг хүмүүс тэнд олон жил буг болж буй тухай хэвлэлүүд  бичиж байгаа.  Олны ярьдаг ийм “томъёолол” ортой ажээ.  “Дархан-Уул аймгийн Ардчилсан намын шинэчлэх хөдөлгөөн”-өөс  энэ тухай бас мэдэгдэж байсан.  Тэд 2013 оны 11 дүгээр сарын 26-нд намаа хувьчилж авсан “босс”-ууд болон олон нийтэд хандан “Намын дүрэм гажуудаж, намын хороо нь дүрмийнхээ хүрээнд сонгогдон ажиллах боломжгүй болж байна.  Тус аймгийн Ардчилсан намын хороо “Бурхан халдун групп” компанийн өмч мэт боллоо” гэсэн юм. Тиймээс шударга ёсоо хүндэтгэсэн  гишүүд нь хөдөлгөөн байгуулан  асуудлаа шийдэхийг хүсчээ.

339i9glt8tpahlklb2lmpak2a6

 

Гүзээ хагаравч тогоон дотроо гэдэг. Гэвч Дархан-Уул аймгийн Ардчилсан намын тогоотой гүзээ  хальж шороотой холилджээ.  Иймд С.Зориг агсны хөшөөний дэргэд хилэгнэсэн олон хүн Дарханаас ирж жагсан, намынхаа удирдлага руу өндөр дуугаар хашгирч, хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар нь улс төрийн өлсгөлөн зарласан юм.  Энэ бол өнгөрсөн оны 12 дугаар сард болсон үйл явдал.  Энэ үеэр Дархан-Уул аймгийн АН-ын дарга Б.Мягмардаш, “Бурханхалдун групп”-ын Ерөнхийлөгч Н.Мөнхдаш нарын талаар нэлээд ноцтой баримтууд сөхөгдсөн юм. Б.Мягмардаш, Н.Мөнхдаш нар нь төрсөн ах дүүс гэдэг. Тэд олон жил Дарханд “ноёлж”, сонгууль болгоноор намаа ялагдуулжээ. Үүний шалтгааныг гишүүд дэмжигчид нь тийнхүү жагсах үедээ “Эднүүс намаа худалдсан”, “Улс төрийн ашиг хожооны дэнсэн дээр хувийн бизнесээ тордох гэж Ардын намд ялагдаж  байсан” хэмээн  их л тод хэлж байлаа.  Л.Наранбаатар  ч мөн “Тэдгээр ах дүүс намайг  дарамталж, айлган сүрдүүлсэн бичлэг нь надад бий” гэсэн юм.

 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь маргалдагч талуудыг эв зүйгээр зохицуулах гэж бараг жил гаруй тэдэнтэй “ноцолдож” байна.  Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зургаан талт тохиролцоо хийж, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо, түүний удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөхөөр болсон байлаа. Өнөөх болдоггүй нөхдийг нь хусна гэсэн үг л дээ. “Хусах” ажиллагаа намын дүрмээр явах ёстой. Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хороо энэ бүхнийг  нь бүрэн дэмжиж байжээ. Гэвч одоо болтол намын хороогоо шинээр сонгож чадаагүй байна. Хуучин удирдлагууд нь тэнд “ноёлсон” хэвээрээ, хуучин “гутал”-тайгаа таваргаж буй аж.  Яагаад ийм байна вэ гэж үг өдөхөд зарим нь “Тэд дээрээ “том мотор”-той болохоор…” гээд чимээгүй болно. Гэхдээ намын гишүүдийн нэлээд хэсэг нь ах дүү “Даш”-ууд зайлаад өгвөл манай нам цэвэршинэ гэж итгэлтэй дуугарч байна лээ.

 

“Даш”-ууд гэдэг нь  Б.Мягмардаш, Н.Мөнхдаш нар ажээ. Мөн Цэвээндаш, Пүрэвдаш гэж бий. Эд нар тэр жил бүлэглэн бусдын эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж зарим нь ял сонссон удаатай. Тэгвэл хэдхэн хоногын өмнө Л.Наранбаатарыг  Дарханд ажлаар очоод MBM зочид буудалд байрлаж байхад үүрээр 4 цаг 10 минутын орчимд 2 эмэгтэй дагуулсан 3 залуу дайран орж буудлын ажилтнуудыг зодож “Жаргал аль өрөөнд байгаа вэ” хэмээн 2 давхар дахь тэдний өрөөний хаалгыг хэсэг хүчтэй цохиж байгаад цагдаа дуудах сургаар гарч явсан байна. Жаргал гэдэг нь Л.Наранбаатарын жолооч бөгөөд тэр шөнө хажуугын өрөөнд нь амарч байжээ. Аз болоход Л.Наранбаатар тэдэнд хаалгаа нээж өгөөгүй байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа ажээ.

2cam7mqq1go675tjbpo7ambf28

Уг нь арай сийрэг ухаантай хүн бол нэгэнт олон нийт, гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг хүлээж чадаагүй нөхцөлд  өөрөө сайн дураараа зайлаад өгдөг л дөө. Ардчилал өндөр хөгжсөн улс орны жишээ татах дуртай нөхөд үүнийг сайн мэдэж байгаа. Сүүлийн үед хийгдсэн нэгэн судалгаа, тандалтын дүнгээс сонсоход Дархан-Уул аймагт одоо Б.Мягмардаш, Н.Мөнхдаш нарын зэрэг  нөхдүүдийн нэр хүнд навсайтлаа унажээ. Аргагүй дээ, намаа удаа дараагийн сонгуульд газар шороодуулсан нь тэдэнд хангалттай зохицсон “муу” дүн гэсэн үг.

 

“Бурхан халдун групп”  Дарханд бүтээн байгуулалтын олон ажил хийсэн боловч тэр бүгд нь намын гишүүд дэмжигчдийнхээ сэтгэлд хүрэхгүй байгаагийн учир шалтгаан бас байгаа юм.  Юув гэвэл, тус аймгийн түрүүчийн удирдлагын үед газрын наймаа  үсэргэж, түүнийгээ улс төртэй хольж хутгасан гэх хардалга  нэлээд  түгээмэл болжээ. Хардаад ч зогсохгүй, энэ тухай  баримтын “үзүүр”-үүд  одоо ил гарч байна.   Тус аймгийн одоогийн удирдлага, албан тушаалтнууд  үүнийг давхар нотолж буй. Тухайлбал, “Бурхан халдун групп”  нь аймгийн Засаг даргын захирамжаар нэлээд том хэмжээний газар эзэмшсэн бөгөөд тэр нь 2010, 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байжээ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагддаг. Хурлаар баталсан шийдвэрийг засаг “ноён” мөрдөх учиртай. Гэтэл тэгээгүйг бодоход тэнд овоо дориун хуйвалдаан болоод өнгөрчээ. Мөн дээр нь дахиад долоон мянган метр квадрат орчим газрыг шууд нэмээд авсан байв. Иргэд өнөөдөр иймэрхүү булхайг юун түрүүнд олоод харчихдаг, зохих хуулийнх нь хүрээнд үнэлж цэгнэж чаддаг болсон байна. Энэ бол хорь гаруй жил ардчилал, хууль эрх зүйт нийгмийг төлөвшүүлэх гэж чардайсны ач буян. Харин Ардчилсан нам дотор иймэрхүү “Даш”-ууд олширвол  ардчилал, шударга ёс гэж ярихын ч хэрэггүй болох байх.  “Даш”-ууд арай л даварч байна.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих