М.Ганзориг: Жирийн инженер сансарт ниснэ гэхээр итгэмээргүй санагдаж билээ

80aba0cd363764e50a18636d32e2cded_L33 жилийн тэртээ сансрын уудамд монгол хүн мөрөө гаргасан түүхэн үйл явцыг хүн бүр мартдаггүй ээ. Өнөөдөр монгол хүн сансарт ниссэн өдөр тохиож байна.Тал  нутгийн хоёр хүү сансрын зурхайд мөрөө үлдээхээр гурван жилийг хамтдаа туулан бэлтгэл хийж байсан цаг үе аль хэдийнээ харвасан сум шиг талийж. Хүч тэнцүүхэн эрсийг шалгаруулах торгон агшныг монгол түмэн зүрх даран хүлээж байсан гэдэг. Болж өгвөл хоёуланг нь нисгэчих юмсан хэмээн зон олон сэтгэлдээ шившиж байсан гэлцдэг ээ.Гурван жилийн хөдөлмөр зүрх сэтгэлээ зориулсан Сансрын нисгэгч М.Ганзоригийг монголын ард түмэн “Сансарт нисээд ирсэн баатар” хэмээн хүндэтгэдэг. Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч, Техникийн ухааны доктор М.Ганзоригтой ярилцлаа.

-Монгол хүн сансарт нисээд 33 жилийг үджээ. Архангайд 10 дугаар ангиа дүүргэн нэгдүгээр цахилгаан станцид инженерээр ажиллаж байхад тань таныг сансарт нисгэхээр сонгосон гэдэг. Энэ тухай яриагаа эхэлбэл ямар вэ?

-Нэг өдөр намайг манай яамны боловсон хүчин дууддаг юм байна. Тухайн үед яагаад намайг дууддаг билээ хэмээн их эмээж билээ. Ямар нэгэн гэм зэм хийгээгүй дээ хэмээн түгшсэн хүн боловсон хүчний өрөөнд  ордог юм. Ортол боловсон хүчнээс гадна Л.Лхагва, Б.Чадраа гуай сууж байна. Тэд надаас шууд л “сансарт нисэх үү” гэж асуусан. Тухайн үед би гэдэг хүн “мэл гайхаж цэл хөхөрнө” гэгч болно биз дээ. Бантсандаа “болдог юм уу” гэж асуутал тэд инээж “бололгүй яахав” гэж билээ. Ингэж л би сансарт нисэх бэлтгэл хийх гараагаа эхэлж байсан түүхтэй. Тэгээд сансартай холбоотой ном сэтгүүл, уран зохиол, хүний намтар түүхийг судлан сансраар өвчилж эхэлсэн. Тухайн үед эрдэмтэн, докторуудаас бүрдсэн тусгай комисс байгуулагдан ажиллаж 1000 хүнээс сонгон шалгаруулалтыг хийж байлаа. Дараа нь 30 хүн үлдэж дөрвийг нь сонгосон. Хэн хүнд тохиогоод байдаггүй аз завшаан  надад тохиосон гэж олзуурхаж явдаг.

-Таныг сансарт ниснэ гэдгийг ар гэрийнхэн тань хэрхэн хүлээж авч байв?

-Дээрээс тэнцсэн 4 хүнд тодорхой хугацааг хүртэл ах дүүдээ хэлэхгүй байх чиг өгсөн. Гэрийнхэндээ албан ёсны чиг гартал хэлээгүй. Анх аавдаа эхэлж дуулгахад “Хүний хүүгийн хийж байгаа зүйлийг хийгээд л үз” гэсэн. Энэ үг миний зүрхэнд  гурван жил хадаастай явсан даа.

-Сансарт нисэхийн тулд таныг нэрээ сольсон гэх юм билээ. Нэрээ солиход ямар сэтгэгдэл төрж байв?

-Оросын талаас миний нэрийг солих санал тавьсан юм билээ. Тэгээд ярилцаад Ганхуяг нэрээ Ганзоригоор сольсон доо. Тухайн үед нэр өөрчлөхийг нэг их юманд бодолгүй шууд л зөвшөөрсөн. Дараа нь сонсох нь ээ Хуяг гэдэг нь оросуудад хатуу дуудлагатай байсан шиг байгаа юм. Ганцхан би нэрээ сольсон юм биш. Жанибековын нэр түүний эхнэрийнх нь овог. Түүнчлэн Болгарын Какаловичийг Иванов, Польшийн Хэрменшевскийг  Гермишевский гэж сольсон. Тухайн үед Зөвлөлт орон бүх дэлхийн хэвлэлээр дамжуулахад сонсголонтой нэр байх ёстой гэж үзэж байсан юм билээ.

-Ингэхэд таныг нэрээ солиход гэрийнхэн тань юу гэж байв?

-Нэрээ сольсны дараа ижий, аавтайгаа уулзсан болохоор нэг их  юм хэлээгүй.

-Хойшоо сансрын нисгэгчийн бэлтгэлд  явахдаа та юу авч явж байсан бэ?

-“Хүний итгэлийг алдалгүй Монголынхоо нэрийг дуурсгана даа” гэсэн итгэлийг сэтгэл зүрхэндээ өвөрлөж явсан.

-Бэлтгэл хийхээр оросууд хэр хүлээн авч байв. Бэлтгэл хийх хугацаандаа чамгүй зүйл сурсан гэх таны яриаг сонсож байлаа?

-Их зүйл сурсан. Оросууд шиг хүнд чин сэтгэлээсээ мэддэг, чаддаг зүйлээ харамгүй зориулдаг хүмүүс энэ дэлхий дээр ховор. Үнэхээр гайхамшигтай ард түмэн. Олон орноор явж үзэхэд оросын ард түмнийг гүйцэх хүмүүс байхгүй. Тиймээс Оросын ард түмний сайхан сэтгэл миний зүрхэнд хоногшин үлдсэн.

-Хамтран бэлтгэл хийж байсан нөхөдтэйгээ хэр холбоотой байдаг вэ?

-Бид чинь байнга л бие, биеэ сураглаж явдаг юм. Ер нь холбоотой байдаг шүү.

-Автоматжуулалтын инженер гэнэт нисгэгч болох үед анх ямар сэтгэгдэл төрж байв?

-/Инээв/ Эхэндээ ичмээр ч юм шиг. Нэг л өөртөө итгэл төгс биш байлаа. Жирийн инженер сансарт нисэх тухай бодохоор үнэмшил багатай ч юм шиг итгэж ядаад л байсан.

-Гурван жилийн хугацаанд бэлтгэлээ базаачихаад эцсийн шийдвэр гарч орлон нисгэгчээр сонгогдоход эвгүй байсан биз ээ. Гэхдээ тухайн үеийн хэвлэлээр “Гадаадын орлон нисгэгчид нөгөөгөө нисэхэд уурлаж бухимдаж байсан бол Монголын нисгэгч М.Ганзориг ахан дүүсийн ёсоор нөхрөө үдэж, угтаж өөрөө нисчихсэн мэт баярлаж байв”хэмээн бичиж байсан гэдэг?

- Аль аль талаас нь сэтгэл зүйгээ бэлдэж байсан. Гэсэн хэдий ч  шийдвэрийг сонсоод өөртөө сэтгэл гонсойж байсан.  Гэхдээ монгол хүн сансарт нисч дэлхийг шуугиулсанд бахархаж явдаг. Тэр ч утгаараа би амьдралынхаа 33 жилийг сансартай холбож явна даа. Зөвлөлтийн нисгэгчидтэй мөр зэрэгцэн тэр том тогоонд чанагдаж явсан маань хүн болж төрсний том гавъяа юм даа. Тиим болохоор би сансарт нисээгүй ч ниссэн юм шиг сэтгэлээр жигүүрлэж явдаг. Хамтран ниссэн Гүрээ маань сансарт нисээд ирсэн болохоор би ниссэнтэй ялгаа юу байх вэ.

-Шийд гараад нисэхийн өмнө Ю. Цэдэнбал дарга тантай уулзсан гэдэг. Танд юу гэж хэлж байсан бэ?

-Бал дарга “Та хоёр хоёулаа монголын төлөөлөгчид.Та хоёрын нэг нь газарт үлдэнэ, нэг нь сансарт ниснэ. Монголын ард түмэн ниссэн ч нисээгүй ч та хоёрыг адилхан хүлээж авна” гэж билээ. Үнэхээр монгол түмэн биднийг зүрх сэтгэлээрээ хүлээж авсан. Өнөөдөр би тэр их буяныг хүртээд л сууж байна.

-Сансарт нисэх бэлтгэл хийснээс хойш таныг өнөөг хүртэл сансраас холдоогүй гэж сонссон юм байна. Энэ тухайд?

-Ингээд бодоход амьдралынхаа 33 жилийг сансартай холбоотойгоор өнгөрүүлжээ. Сансартай холбоотой эрдэм шинжилгээний ажил их хийсэн. Сансраас зурган мэдээ авч, дүн шинжилгээ хийнэ гэдэг бол эх дэлхийг судлах ЗТС-ын аргад хамаардаг. Энэ чиглэлээр судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан. Түүнчлэн сансрын өндрөөс эх дэлхийгээ эргэж судлах олон туршилт хэрэгжүүлэхэд тойрог замын цогцолбороос зураг авч хэмжилт хийхээс гадна шинжлэн судлаачид нисгэгчдийн ажиглалт судалгаа чухал үүрэгтэй. Үүгээр Ж.Гүррагчаа маань дэлхий орчмын тойрог замын цогцолборын нислэгийн өндрөөс эх газрын хамгийн гүн тунгалаг устай Байгаль, Хөвсгөл нуурыг харсан юм. Уг ажиглалтыг “Биосфера-Мон” туршилтын хүрээнд “Хөвсгөл” хэмээх даалгаварын дагуу хийсэн. Ж.Гүррагчаа нисгэгчийн ажиглан тэмдэглэсэн дээрх нутаг бүхэлдээ байгалийн доош суусан буюу рифтийн бүсэд хамардаг.

- Та оддын хотхонд өнгөрүүлсэн мөчөөсөө санаа авч амьдралынхаа тухай “Мартагдашгүй долоо хоног” гэсэн сайхан ном туурвиж олны хүртээл болгосон. “Мартагдашгүй долоо хоног” М.Ганзориг гэдэг хүний амьдралын эргэх хуудас гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Миний амьдралын түүхийг эндээс уншиж болно. “Мартагдашгүй долоо хоног” номоо Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой буюу Хөдөлмөрийн баатар болох үеэрээ яг энэ нэрээр нь  баяжуулан гаргасан.

Б.Заяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих