Д.Сугарын хүү энэ удаад ”мултрах вий дээ”

11_1Олны танил, нэр нөлөө бүхий эрхмүүдийн холбогдсон хэргийг шалгах явц хуульд заасан журмын дагуу явагддаг. Гэхдээ шүүх эцэслэн шийдвэрлэх мөчид бусдаас арай өөр дүр зураг ажиглагддаг юм. Нэр нөлөө бүхий хөрөнгө, чинээтэй эрхмүүдийн үйлдсэн авлига, их хэмжээний мөнгө угаах хэрэгт ихэвчлэн олон хүн ороогддог. Эцэстээ сунжирсаар 1-2 нь ял аваад бусдынх нь хэргийг хэрэгсэхгүй болгоод өнгөрдөг дүр зураг үргэлжилсээр. Хууль бусаар өөрийн болгосон олзоо олуулаа хувааж идчихээд эцэс сүүлд нь нэг нь бүх ачааг нуруун дээрээ үүрээд үлддэг нь нууц биш. Үүнд олон жишээ дурьдаж болно. Олны анхаарлын төвд байсан олон хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэхдээ аль нэгэнд нь ял ногдуулдагаас биш чухам хэн нь эндээс “сугарч” үлдээд байгаад анхаарлаа хандуулдаггүй. Хамгийн ойрын жишээ бол “Капитал” банкны хэрэг.

Иргэдийн солиулахаар шилжүүлсэн хоёр тэрбум төгрөгийг арилжаанд оруулж, мөрийтэй тоглоод алдсан гэдэг. Энэ хэрэгт холбогдуулан нэр бүхий хүмүүсийг шалгаж Банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн Н, А нарт онд их хэмжээний хохирол учруулсан мөн Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, албан ажилдаа хайнга хандсанаас бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгасан билээ.

Гэвч шүүхийн шийдвэрээр “Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, Санхүү удирдлагын газрын дарга З.Мөнхсүрэн нарыг гэм буруугүй гэж үзсэн юм. Харин тус банкны диллер буюу гүйцэтгэх ажилтан Х.Мандахад 10.1 жилийн ял оноож, иргэн А-гийн 900 гаруй сая төгрөгийг эргэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь саяхных. Удирдлагууд нь иргэдийн мөнгөөр тоглож, алдчихаад гүйцэтгэх ажилтан нь ял авч, төмөр торны цаана хоригдсон харамсалтай жишээ. Хэдийгээр цаагуураа ямар ч тохироо хийсэн байж болох ч хүний амьдралын 10 жил гэдэг юугаар ч сольшгүй үнэт баялаг. Удирдлагууд нь хэргээс мултарч үлдэхдээ Х.Мандахад амлалт өгсөн л байж таарна. Харин тэд амлалтаа мартвал байдал бишдэнэ гэдгийг мэдэж байгаа. Үүний дараагийн жишээ бол алдарт 17 тэрбумын хэрэг.

Ч.Гансүх нь ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэрэгт буруутгагдсан. Улмаар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд эхэлсэн “татварын” Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжилсний эцэст шийдвэрээ танилцуулсан. Бүтэн таван өдөр үргэлжилсэн шүүх хурал өндөрлөж, шийдвэрээ танилцуулахдаа анхан шатны шүүхээс Ч.Гансүх, Б.Энхбат нарт чанга дэглэмтэй хорих ангид найман жилийн хорих ял, Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнд гурван жилийн хорих ял ногдуулсан юм. Харин Ч.Гансүхийн нууц амраг гэх н.Бямбасүрэн нарын нэр бүхий татварын байцаагчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Түүнчлэн АНУ-ын иргэний аминд хүрсэн хэрэгт буруутгагдан хоёр шатны шүүхээс 23 жилийн ял сонсоод буй Ч.Баттуул бусдын дарамтад орсны улмаас хэргийг хүлээсэн хэмээн эдүгээ нүдэндээ нулимстай суугаа. Түүний өмгөөлөгч нь ч энэ тухай хэвлэлд ярилцлага өгч гэр бүлээ аварч үлдэхийн төлөө 23 жил өргөст торны цаана хоригдох сонголт хийсэн гэсэн.

МИАТ- ийнхны ард ч улстөрийн нөлөө бүхий эрхмүүд байгаа тэдний дарамтад орж цөөн хэд нь ял сонссон болоод өнгөрсөн тухай яриа ч өнөөдөр хуучраагүй байна. Тэгвэл яг одоо олны анхаарлын төвд байгаа хэрэг бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын Хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхи, мансууруулах бодисын хэрэг. Төрийн өмчийн хорооны дарга асан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хэргийг шүүх хурал ирэх сарын 1-нийг хүртэл хойшилсон билээ.

Шүүх хурал өнгөрсөн баасан гарагг товлосон цагтаа эхэлсэн ч сэжигтнүүдийн нэгийнх нь өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар тодорхой хугацаагаар хойшилсон юм. С.Цог нь бусдын хамт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны баасан гарагт УЕПГ-т хянаж буй зарим хэргийн талаар мэдээлэхдээ энэ талаар хэвлэлийнхэнд анх дуулгасан.

Тодруулбал, С.Цог нарын 12 иргэнд холбогдох хар тамхины хэргийг Эрүүгийн хуулийн 192.2 буюу хар тамхи хууль бусаар авч хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Нийслэлийн нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн тухайгаа мэдээлсэн билээ. Үүний дараахан иргэн С.Цог нь Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын төрсөн хүү болох нь ил болсон юм.

Харин эдүгээ энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь олны анхаарлын төвд байна. Д.Сугар олон хэргээс өөрийгөө мулталсан арвин туршлагатай нэгэн. Хамгийн сүүлд гэхэд дуулиант МИАТ-ийн хэргээс цэвэрхэн мултарсан байдаг. Тэгвэл энэ удаад тэрбээр хүүгээ хэргээс хэрхэн мулталж үлдээх төлөвлөгөөгөө хэдийнэ боловсруулсан биз ээ. Хар тамхи байтугай хэргээс цэвэрхэн мултардаг түүний хувьд энэ удаагийн явдал юу ч биш санагдаж байгаа биз.

Гагцхүү шүүх бүрэлдэхүүн хэн нь чухам хадгалж, тээвэрлэж, бусдад худалдаалж, хэрэглэсэн бэ гэдгийг үнэнээр нь тогтоох үлдлээ. Мэдээж 12 хүнээс хэн нэг нь ял аваад үлдэхгүй гэсэн баталгаа байхгүй. Яг л сүр дуулиантайгаар 10 гаруй хүний холбогдогчтойгоор эхэлсэн МИАТ-ийн хэргийг эцэстээ хэрэгсэхгүй болгодог шиг.

 

“Монголын мэдээ сонин”


URL:

Сэтгэгдэл бичих