Тролейбус автобусаас илүү юм байна
Дизель түлшний хомсдол бидэнд олон зүйлийг ойлгуулах шиг боллоо. Алийн болгон ах минь, анд минь гэж хоёр хөршөө царайчлах вэ. Боловсруулах үйлдвэр л барья. Ингэж ярьж буй олон хүн байна. Хоёр саяулаа алх, хадаас бариад нэг амьсгаагаар дайрлаа ч ард нь гарах ажил биш. Гэхдээ нэг удаа ч гэсэн ийм дохио өгсөнд нь түлшний хомсдолд талархууштай.
Зам бөглөрлийн гол бай болсон том, том ямбий автобусыг хотын төвийн хөдөлгөөнөөс шахаж, “уяатай улаан”-ыг нийтийн тээвэрт ашиглах нь ашигтай гэдэг тооцоо, судалгааг маш энгийнээр нийслэлчүүдэд ойлгуулав. Яах вэ, тролейбусны шугамгүй хотын зах руу автобусыг үйлчилгээнд явуулна л биз. Зөвхөн тролейбусны үнэ хэвээрээ байгаа болохоор ч тэр үү, ойрд орлого нь сайн байжээ. Үүгээр ч зогсохгүй парк шинэчлэл хийж, таван ширхэг шинэ “Монбус” шугаманд гаргасан аж.
Захирал нь зурагтаар их л баяртайгаар тууз хайчлаад гарч байсан. Үүнээс гадна тролейбусны компанийн удирдлагууд тасалбараа сугалаатай болгож, шинэ менежментииг хийж эхэлжээ. Автобустай өрсөлдөөд эвгүйдсэн дээр нь элгээр нь хэвтүүлээд авъя гэж арай ч бодоогүй л байх. Гэхдээ л “Дизел”-ээр явдаг том оврын автобус руу дахиж хүн суухааргүй болтол сурталчилгаа хийе” гэж бодсон нь илт. Эсвэл үйлчлүүлэгчээ татах энгийн зарчим ч байж болохоор санагдана.
Авсан тасалбар нь аз дагуулна гэдгийг мэдэж байгаа болохоор тэнэг л биш бол хүний наагуур, цаагуур булталзаж шилээ маажиж гүрийхгүй гэж тооцжээ. Болж л байна. Үйлчилгээ эрхэлж, түүнийхээ
хариуд хүнээс мөнгө авах учиртайг бусдадаа үлгэрлэж байна. Автобусны жолооч нар “Түлш олдохоо байсан шагийн үнээр авч иргэдэд хөл залгуулж байна. Тасалбарын үнийг 400 төгрөг болгож нэмэхгүй бол явахгүй” гэж тунирхаж, ялархаж суусан энэ хэдэн өдөрт тэд иймэрхүү байдлаар зүгээр суусангүй. Уяатай болохоор хол явахгүйг нь мэдэж байгаа ч гэлээ тролейбус автобусаас ингэж илүүрхэнэ гэж хэн санах вэ.
Өрөөлийг царайчилж өл залгуулахын гачланг өөрт байсан царай муутай хэдэн тролейбус хүртэл ингэж мэдрүүлэх гэж.
Н.Мөнхтөвшин
URL:













