Ч.Батбаатар: Машин ачих төлбөр, үйлчилгээ ойлгомжтой байх ёстой

1-24Нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг торгуулийн хашаанд хүргэх үйлчилгээ өнгөрсөн оноос эхэлсэн.

Энэ үйлчилгээг хувийн болон орон нутгийн өмчит компаниуд гүйцэтгэж буй юм.

Уг үйлчилгээний талаар иргэд ШӨХТГ-т хандах болжээ. Энэ тухай ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.

-Танай байгууллагад нэгдүгээр эгнээнд байрлуулсан машин ачих үйлчилгээтэй холбоотой гомдол ирэх болсон гэсэн. Иргэд чухам ямар гомдол гаргаад байна?
-Торгуулийн арга хэмжээ шударга бус, үйлчилгээ нь тодорхойгүй гэсэн гомдлоор жолооч нар манайд хандах болсон. Автомашиныг ачиж байхад жолооч нь гараад ирвэл заавал торгуулийн хашаанд аваачих албагүй гэж манайхаас үзэж байгаа юм.

Замын ачааллыг бууруулах биш харин ч нэмэгдүүлээд машиныг нь ачаад явчихдаг. Жолооч нь зардал чирэгдэл болж 70-80 мянган төгрөгийн хураамж төлөн байж машинаа авдаг. Хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээ шуурхай, тодорхой, ойлгомжтой байх ёстой.

-Тэгвэл заавал ачиж явахгүйгээр зохицуулах аргыг юу гэж үзэж байна?
-Бид төрийн байгууллагын гаргасан журмыг эсэргүүцээгүй. Мэдээж хууль, журам зөрчсөн бол хариуцлага хүлээх нь иргэдийн үүрэг. Энэ тохиолдолд торгуулийн хашаанд хүргэж 70-80 мянган төгрөг нэхэхгүйгээр зохицуулахыг чухалчилж байна.

Машин ачиж байхад жолооч нь гараад ирвэл хэдэн төгрөг байх юм, аччихаад байхад ирвэл хэдээр торгох юм гэдгийг тодорхой болгосон заалтыг журамд оруулахыг санал болгож байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ тал дээр ажиллахаар болсон гэсэн. Манай байгууллагаас хамтран ажиллах санал тавиад байгаа.

Б.Энх


URL:

Сэтгэгдэл бичих