Мал эмнэлэгийнхэнд хариуцлага тооцохоор болжээ

489fa89a5d38a92bbigМалын шүлхий өвчин гурван аймгийн нутгийг хамарч нэлээд зардал чирэгдэл учирч байна. Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас хорио цээрийн дэглэм тогтоож, сүүлийн өдрүүдэд зарим аймаг сумдын нутагт энэхүү дэглэмийн  хүрээ  бага зэрэг хумигдав.  Гэхдээ шүлхий бүрэн устаж үгүй болоогүй байгаа. Өчигдөрийн байдлаар шүлхий өвчний улмаас үхсэн болон устгалд оруулсан малын тоо 3400-д хүрчээ.

 

Шүлхийтэй тэмцэхэд энэ чиглэлийн үүрэг хүлээсэн байгууллагуудын бэлэн байдал, шуурхай ажиллагаа дутагдсан  гэж үзэж буй хүн ч цөөнгүй.  Шүлхий гарснаас хойш 28 хоногийн дараа Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын ажлын явцыг шалгах, хяналт тавих, удирдлагаар хангах нэрээр халхавч хийсэн “зугаалагчид”  хөдөө орон нутгаар явж байсанд  тэд эмзэглэж байна. Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нар шүлхийн голомттой 3 аймагт 2014 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр ажилласан байна. Гэвч нутгийн иргэдээс  “Тэд солонго мэт үзэгдээд өнгөрлөө” гэсэн гомдол ч гарчээ.

 

Зөвхөн Хэнтий аймгийн Галшар суманд гэхэд хорио цээрийн дэглэм тогтоогоод хоёр сар шахам болсон байна. Өвчний голомтод байгаа малчид гурил будаа, цайгаар дутагдаж байжээ. Малчин Г.Өлзий-Оршихынх гэхэд аймаг, сумаас хүн үзэгдэхгүй тул аргагүйн эрхэнд явуулын хүний бараа харагдахад даллаж дохисоор тусламж хүссэн гэдэг. Урьд нь  шүлхий дэгдэхэд сумын хилийн заагт аймгаас нь  гурил будаа, хүнсний зүйл ачсан машин тусгайлан зассан вандан дээр ачаагаа буулгаж, нөгөө талаас нь сумынхан ирж аваад айлууддаа тарааж өгдөг байсныг ахмад малчид дурсан үгүйлэх аж. Хөдөөний амьдрал ахуйг сайн мэдэхгүй, байгалийн бэрхшээл, гоц халдварт өвчний гамшгийн үед ажиллах арга ухааныг олоогүй засаг ноёд ч олон байна. Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар хорио цээр л тогтоочихвол болдог мэт өнгөц ойлгож, малчдын амьдрал ямархуу болж  байгааг сайтар мэдрээгүй бололтой.

 

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хорио цээрийн дэглэм сахиулах үйл ажиллагааг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж чадаагүй, ажилдаа мэргэшээгүй нь ч мөн  анзаарагдаж байлаа. Тэдний гамшигтай тэмцэх мэдлэг, чадвар дутагдсанаас шүлхий өвчин асар богино хугацаанд олон аймаг, сумыг хамарч олон тооны мал устгаж, их хэмжээний үргүй зардал гарах нөхцлийг бүрдүүлсээр урин цагтай  золгож байна.

  

Өчигдөр хуралдсан Улсын онцгой комиссын хуралдаанаар харин  мал эмнэлэг, үржлийн  албадад хариуцлага тооцохоор боллоо. Тэд л хамгийн сул ажилласан юм байхаа, янз нь. Вакцин нийлүүлэлт, эмнэлэг ариутгал нь муу хийгдсэн гэнэ. Мөн хөлдүү вакцин “шахсан” хэрэгт буруутгагдаж байна.  Нөгөө талаар, орон нутгийн онцгой байдлын ажилтнууд хууль зөрчин ариутгал, устгалын ажил хийснийхээ төлөө малчдаас  төлбөр, хураамж авсан тухай мэдээлэл ч байгаа аж. Мөнгө төлсөн нь хорио цээрийн бүсээс машинтайгаа гарч явсан толхиолдол  цөөнгүй илэрчээ.  Шүлхийн үеэр онцгойнхон илүү муу байв уу, мал эмнэлэгийнхэн үү.

                                                                                         

     Б.Отгонбаяр

eagle.mn

 

 


URL:

Сэтгэгдэл бичих