“Зууны Мэдээ” сонины бүсгүйчүүд хүрэл медаль хүртлээ
Монголын өдөр тутмын “Ардчилал” сонин үүсэн байгуулагдсаны 24 жилийн ойн нэрэмжит, хэвлэл мэдээллийнхний дунд зохиогддог волейболын аварга шалгаруулах уламжлалт тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн гурав дахь жилдээ болж буй юм. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 16 баг оролцсоноос “Зууны мэдээ” сонины эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ. Манай сонины бүсгүйчүүд энэхүү тэмцээнд анх удаа оролцохдоо ийнхүү медальт байранд шалгарсан юм.
Медальд хүрэх замдаа тэд хэсгийн тоглолтод “ТВ9”, “ЕТV“ телевизийн хүчирхэг багуудыг буулган авч, шигшээ тулаанд талбайн эзэд “Ардчилал” сонины бүсгүйчүүдийг илүүрхэж, мөнгөн медалийн төлөө МҮОНРТ-ийн багтай тоглох эрхтэй болсон юм. Уламжлалт энэ тэмцээнд хоёр удаа аваргалсан МҮОНРТ-ийн туршлагатай баг энэ удаа онооны илт давуугаар ялж, алтан медалийн төлөө “Эх орон” телевизийн багтай тоглосон. МҮОНРТ-ийн бүсгүйчүүд энэ удаа мөн л хожиж аваргаа дахин хамгаалж чадлаа.
Эрэгтэйчүүдээс “ТВ9”-ийн баг бүх өрсөлдөгчөө буулган авч алтан медалийн эзэн болов. Тэдэнтэй финалд үлдсэн “Хоёрдугаар суваг” телевизийн эрчүүд алтан медалийг атгаад алдсан юм. Тэдний гаргасан амжилтыг “алтын дайтай” мөнгөн медаль хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа. Хоёр баг эхний хоёр үед нэг нэгнээ ээлжлэн хожсон бөгөөд, гуравдугаар үеийн шийдвэрлэх өрсөлдөөнд “ТВ9”-ийн эрчүүд туршлага заан ялалтыг өөрийн талд эргүүлж чадсан. Тэд тус тэмцээнээс өмнө нь мөнгө, хүрэл медаль авч байжээ. Эрэгтэйчүүдийн хүрэл медалийг өнгөрсөн жилийн аварга МҮОНРТ-ийн баг “гуядаж” авна лээ. Тэд тус тэмцээнд аваргалах боломжтой багуудын тоонд зүй ёсоор орж байсан юм.
Д.ЖАВХЛАН
URL:













