Жил бүр 5000 эцэг мал гадаадаас авна
Махны чиглэлээр шилдэг үүлдрийн мал өсгөх зорилт тавьсан Өвөрмонголчууд энэ оноос эхлэн гадаадаас жилд сайн үүлдрийн 5000 эцэг мал авахаар болжээ.
2015 он гэхэд Өвөр Монголын дотооддоо өсгөх эцэг малын тоо толгой хошуу сумын хэрэгцээг үндсэндээ хангана хэмээн Хөдөө аж ахуйн танхимын удирдлагууд нь мэдэгдэв. Орон нутгийн сайн үүлдрийн эцэг малын тоо толгойг жилд 20 мянга хүргэх бөгөөд гаднаас оруулах малын тоог нэмэгдүүлэх бодлого баримтлах юм байна. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол махны чиглэлийн малын үүлдрийг өөрчлөн сайжруулах дорвитой арга хэмжээ авч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэж, махны чиглэлийн малын тоо толгойг тогтвортой нэмэгдүүлсээр байгаа юм. Өнгөрсөн онд Өвөр Монголын малын тоо толгой анх удаа 90 саяыг давсан бөгөөд жилд 888.8 мянган тонн мах үйлдвэрлэсэн нь бүх Хятадын махны үйлдвэрлэлийн 22 хувийг эзэлсэн юм.
Хөххот Б.Занданхүү
URL:




