Сураггүй болсон онгоцны хоёрдугаар нисгэгч утсаараа дуудлага хийхийг оролджээ

 
онгоц(17)
Лумпураас Бээжинг чиглэн хөөрч, сураггүй болсон Малайзын агаарын тээврийн 370-р нислэгийн хувь заяа одоо болтол тодорхойгүй байна. Бүтэн сарын хугацаа өнгөрөхөд олон орны хамтарсан эрлийн баг сураггүй болсон 239 хүнтэй Боинг 777-200 онгоц Энэтхэгийн далайд осолдсон гэх таамгаар хайгуул, самнал хийсээр байгаа юм.
Тэгвэл Малайзын агаарын тээврийн сураггүй болсон 370-р нислэгийн талаар шинэ мэдээлэл цацагдлаа. “The New Straits Times” сайтад мэдээлснээр 370 дугаар нислэг өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд радарын дэлгэцнээс алга болохоос өмнө хоёрдугаар нисгэгч Фарик Абдул Хамид гар утсаараа дуудлага хийхийг оролджээ. Боинг 777-200 онгоц газартай бүх харилцаа холбоогоо тасалсны дараа Малайзын баруун эргийн Пенанг арлын ойролцоо их доогуур нисч байсан учир цахилгаан холбооны цамхагт хоёрдугаар нисгэгчийн гар утасны дохио баригдсан аж. Гэхдээ онгоц харилцаа холбооны цамхагаас хурдтай нисч холдсоноос дуудлага амжилтгүй болсон гэнэ.
Үүний зэрэгцээ Австралийн албаныхан Энэтхэгийн далайгаас илэрсэн үл мэдэгдэх дохиог сураггүй болсон онгоцны хар хайрцагных гэдэгт итгэлтэй буйгаа мэдээлсэн. Гэвч өнгөрсөн долоо хоногоос хойш Энэтхэгийн далайгаас дахин ямар ч дохио илрээгүй аж.
Мэдээг бэлтгэсэн : Ц.Анар

URL:

Сэтгэгдэл бичих