Черчилль яг юу гэж хэлсэн юм бэ?
Энэ Британ язгууртны юу гэж хэлсэн талын монголчуудад ууг нь ямар хамаатай юм. Илүү ухаантай, илүү хүчтэй Монгол язгууртан ихэс дээдсийн үг сургааль бишгүй бий. Тэрнийхээ учрыг тунгаахсан.
Гэвч ардчилал хэмээх үлгэрийн оронд аливаа бүхнийг энэ эрхмийн хэлсэн гэх үгээр үлгэрлэдэг хэсэг давхрага хэдийнээ бий болжээ. Эдгээрийн нийтлэг санаа бол “Ардчилал бол төгс зүйл биш, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс дээр юм бодож олоогүй байна” гэж Уинстон Черчилль хэлсэн юм шүү гэнэ.
Тэгээд “ардчиллын хүчинд л чи гар утас барьж яваа шүү …” гээд хэсэг материаллаг хэрэглээ тоочно. Ардчилалын “А” үсэггүй урд хөршид дуртай нь гар утас барьдаг, эдийн засаг нь дэлхийд тэргүүлснийг харах нүд дутна.
Эсвэл “ардчилсан” Солонгосоор айлгана. Хоёр нүүртэй засгаасаа залхаад дарангуйлагч хэмээх хойд солонгостойгоо зарим өмнөд нь нэгдэхийг хүсээд эхэлснийг ч хэрхэн анзаарахав.
Хөгжил нэртэй эд материал, хэрэглээ чухал уу, эсвэл тусгаар тогтнол, үндэстний язгуур эрх ашиг чухал уу гэдгийг энэ улсын жишээгээр улам харах болно.
Тайлбар энгийн. Ардчилалыг оруулж ирж, ар хударгаар нь шудрага бусаар хөрөнгөжих боломжоо нээхийн тулд Черчиллийн үг өгүүлбэр, утга санааг урвуулсан юм.
Юуны өмнө Черчилль Британы эртний язгууртан гэр бүлээс гарсан, Британы консерватив намын тэргүүн, улс үндэстнийхээ язгуур уламжлалыг бүхнээс дээр тавьдаг байсныг сануулчихья.
Манайхаар бол хаан хүний сэтгэлгээтэй нэгэн. Одоогийн төөрөлдсөн ардчиллагчдын ойлгодгоор Черчиллийг ардчилсан үзэлтэй демократ байсан гэвэл гэгээн Мартины сүмийн бунхнаасаа босоод ирэх биз.
Яг юу гэж хэлсэн юм бэ?
Эрт үеээс эхлэн британчууд дээд ба доод танхимдаа болсон бүх яриа хэлцлийг баримтжуулан архивлаж ирсэн бөгөөд 1947 оны 11-р сарын 11-ны өдөр доод танхимд Черчиллийн хэлсэн үг: “No one pretends that democracy is perfect or all-wise. Indeed, it has been said that democracy is the worst form of Government except all those other forms that have been tried from time to time”.
Ардчиллагчдын хэлдэг дээрхи монгол тайлбар, Черчиллийн хэлсэн жинхэнэ үг хоёрын хооронд ямар их төрөл арилжсаныг ойлгоход унаган англи хэлтэй ч байх хэрэггүй юм.
Өнөөдөр Монголд Черчилль шиг улс үндэстнийхээ уламжлал, язгуур эрх ашгийн төлөө тэмцдэг улс төрч алга. Хэт баруунжиж, хэт өр зүрхтэн болжээ.
Англи Бурын дайны эзэрхийлэх шинжийн талаар Марк Твен шүүмжлэхэд Черчилль “Зөв ч бай, буруу ч бай, энэ бол миний эх орон” гэж хариулсан гэдэг. Тэрээр зөвхөн Британы ард иргэдийнхээ эрх ашгийг чинхүү хамгаалагчаар түүхэнд үлдсэн эх оронч юм.
Эмч, уулчин Л.Баярсайхан
URL:




