Хаа байна, тэр хэвлэлийн эрх чөлөө
Үе үеийн төрийн байгуулалт, цагийн буулган дор цаг наргүй зүтгэж ирсэн нийт сэтгүүлч, үзэг нэгт нөхөддөө Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг юуны өмнө хүргэе. Хэдийгээр сэтгүүч бид дэлхий даяар эрх чөлөөгөө тунхаглан зарлаж байгаа өдөр ч гэлээ үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжөөд нэгэн зууныг элээхдээ үе үеийн төрийн байгуулалт, цаг цагийн удирдагч нарын буулган дор үгээ хэлж, сэтгэлээ илэрхийлэхийг хичээн зовж ирсэн гэдэгтэй маргах хэрэггүй биз ээ.
Өөрөөр хэлбэл, хэнээс ч хараат бус үгээ хэлэхийг эрмэлзэж ирсэн ч энэ жижигхэн зах зээл, жинхэнэ утгаараа ардчилал үгүй улс оронд сэтгүүлч байна гэдэг үнэхээрийн зовлонтой ажил гэдгийг үзэг түшсэн бүхэн мэдэх болов уу. Тиймээс яах аргагүй хэн нэгний буулган дор үе үеийн сэтгүүлчид зүтгэж ирснийг нуугаад байх хэрэггүй ээ. Сэтгүүлчид бол ерөөсөө үе үеийнхээ золиос юм. Цөллөгт сууж, нийтээрээ торны цаана эрх чөлөөгөө хасуулаад байгаагүй ч улстөрийн далд ертөнц бичигдээгүй хуулиар энэ салбарыг цагийн цагт дарангуйлж ирсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үүнийг л золиос гээд байгаа юм.
Чөлөөт хэвлэл, эрх чөлөөний төлөө хэмээн тунхаглах Монгол Улсад ч хэвлэн нийтлэх эрх бүрэн бусаар хаалттай байгааг бид бүхэн мэднэ. Үгээ хэлж, үзэл бодлоо хэлэх гэсэн сэтгүүлчдийг шүүх засаглалаар далайлгасан, цагдаа хүчний байгууллагаар дарамтласан байдал ил биш ч далд хэлбэрээр оршсоор байна. Захын нэг төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааг дурдасныхаа төлөө шүүхийн хаалга татах бол өдөр тутмын үзэгдэл. Тэд нар нь ч шүүх засаглалаа өмнөө барихдаа гаргууд. Ерөөсөө улстөрчид, төрийн албан хаагчдын сэтгүүлчидтэй харьцдаг зүйл нь шүүх засаглалаар далайлгах. Гэтэл төрийн албаны мэдээлэл нь нийгмийн тогтолцооны хувьд нээлттэй байх ёстой ч хууль бусаар маш нууцын зэрэглэлд хамаатуулна. Уг нь нуух учиргүй, хуулиар хориглоогүй зүйлийг ч өөрсдөө нууцын зэрэглэлд хамаатуулах дуртай.
Учир нь манай улстөрчид, төрийн байгууллагууд бохир байгаа учраас ийн нууцлах ёсгүй мэдээллээ нууцалдаг гэдгийг сэтгүүлзүйд олон жил ажилласны хувьд сайн мэдэх юм. Харин үүнийг нь сэтгүүлч гаргаад дэлгэхээр шүүхээр далайлгадаг ийм л ертөнцөд бид үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэж зовж сууна. Магадгүй шүүх нь улстөрчид, төрийн байгууллагынхаа талд орно. Байдал ийм байхад хэвлэлийн эрх чөлөөний тухай тунхаглаад ч яах юм гэж бодох өдөр олон тохиолдоно.
Бид өнөөдөр зөв, эрүүл сэтгүүл зүйг бий болгохын төлөө өдөр шөнөгүй ярьж байгаа ч аанай л хэвээрээ байсаар байна. Сэтгүүл зүйд нам эвсэл, улстөрчдийн нөлөө асар их байгаа нь сэтгүүл зүйг энэ бохир агууламжид нь барьж буй. Амаа цангатал ярьж байгаа ч өнөөдөр бид үүнээс өөр замыг олохгүй, хий дэмий ярьж байна. Тэгэхээр бид үүнээс гарах арга замаа эхлээд олох учиртай. Түүнээс биш хэн нэг нь эрүүл сэтгүүл зүй гээд яриад байх огт хэрэггүй. Тэр эрүүл сэтгүүл зүй чинь Монгол Улсад л лав байхгүй. Өнөөдөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хориглосон хууль Монголд байхгүй ч бичигдээгүй хууль дүрмээр бидний бичих, хэвлэн нийтлэх эрх чөлөө хугасхан байна. Ил цагаан барьж цагдаад байхгүй ч эдийн засгийн байдлаар нь боон хяхаж, туйлдуулснаар гартаа хийх хандлага ч газар авлаа.
Үндэсний сэтгүүл зүй хөгжөөд 100 жил болоход урагшаа алхасан уу гэвэл мэдээж алхасан гэж хэлнэ. Хамгийн гол нь агуулга огт шинэчлэгдээгүй гэхэд болно. Хэлбэр дүрсээ бол цагийн аясаар хэдэн янзаар өөрчилж иржээ. Агуулгаа өөрчлөхгүй, хэлбэрээ өөрчлөөд сэтгүүл зүй урагшаа явахгүй. Хуучин муу дээлээ хэчнээн солилоо ч чи биеэ эмчлэхгүй бол чиний муу өвчтэй бие хэвээрээ л өвдөн шаналсаар байх болно.
URL:













