Төрийн өмчид компанийн ТУЗ-д багтсан садан төрлийн сүлжээ арай л дэндчихсэн юм биш үү
Төр хамгийн муу менежер гэж ярьдаг. Үнэндээ бол дотор нь ажиллаж байгаа хүмүүс муу учраас төр муу гэсэн нэрийг зүүдэг.
Тэнд яагаад муу улсууд ажилладаг гэж. Яагаад гэвэл улсынх. Улсынх учраас хэн ч хариуцлага хүлээдэггүй иймээс муу хүмүүсийн хууль бус үйлдэл газар авсаар байдаг. Төрийн өмчит олон компанийн өнөөгийн дампуу үйл ажиллагаа нь үүнээс үүдэлтэй гэхэд болно. Хамгийн наад зах нь төрийн өмчит компанийн ТУЗ-д дандаа улстөрчид, эсвэл улс төрийн томилгоогоор очсон хүмүүс ажиллаж, эдийн засгийн үр ашиг гэхээс илүүтэй хувийн, улс төрийн сонирхлоо гүйцэлдүүлдэг арга барил байсаар л байгаа.
Тэгвэл төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаал, тэр дундаа ТУЗ- ийн бүрэлдэхүүний томилгоотой холбоотой сонирхлын зөрчлийн судалгааг АТГ-аас хийсэн байна. Уг судалгаанаас харахад авлига, албан тушаалын гэмт хэргийн нөхцөл бүрдүүлж болзошгүй томилгоонууд, тэр тусмаа албан тушаалын давхардал төрийн өмчит компанийн ТУЗ-д байгаа нь илэрчээ.
Тухайлбал нэг гэр бүлийн гишүүд төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдох, тэдний эхнэр нөхрийн аль нэг нь тухайн чиглэлийн хувийн компанид захирал байх тохиолдол олон байсан аж. Энэ тухай баримтыг хүргэж байна.
Баримт 1. Эрчим хүчний яамны мэргэжилтэн Л.Долгорсүрэн “Налайхын дулааны станц” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүн юм байна. Өөрөөр хэлбэл Л.Долгорсүрэн нь төрийн төлөөлөл болж тэнд томилогдсон гэсэн үг. Гэтэл түүний нөхөр Х.Энхжаргал мөн л “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байх жишээтэй. Эхнэр, нөхөр хоёр төрийн өмчит компанийн ТУЗ-д томилогдоод зогсохгүй тэдний хоёр хүүхэд болох Э.Мөнхтүвшин, Э.Мөнхжаргал нар эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийг тус тусдаа удирдаж байгаа аж.
Нэг хүүхдийнх нь компани “Түвшинтулгуур” нэртэй бол, нөгөөх нь аав, ээж, хоёр хүүхэд буюу гэр бүлийн нийт гишүүдийн нэрийн эхний үсгээр бүрдсэн “ЖМДМ” нэртэй компанитай. Үүгээр ч зогсохгүй тус өрхийн тэргүүн болох Х.Энхжаргалын төрсөн хоёр ч дүү нь мөн адил эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ЧММ”, “Санконстракшн” гэсэн хоёр компанийн захирал юм.
Баримт 2. Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга М.Батгэрэл “Хөтөлийн ценемт шохой”, “Монголын хөрөнгийн бирж” зэрэг ТӨХК-д ТУЗ-ийн гишүүнээр сонгогджээ. Бас л төрийн төлөөлөл. Гэтэл түүний аав В.Мягмарсүрэн “Дарханы дулааны станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн байх жишээтэй.
Баримт 3. Тэгвэл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Ё.Хойлог гэж хүн томилогдсон. Гэтэл түүний охин Х.Болоржаргал тус компанид нягтлан бодогчоор ажилладаг ажээ. Зөвхөн охин нь бус хүргэн Ж.Алтангэрэл нь хүртэл тус компанид жолооч хийдэг гэж байгаа.
Баримт 4. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр Б.Лхагвасүрэн гэдэг хүн томилогдсон бол түүний төрсөн хүү Л.Тэмүүлэн нь тус банкинд эдийн засагчаар ажиллаж байна.
Энэ мэтчилэн эхнэр нөхөр, хүргэн хүүхэн гэлтгүй бүгд төрийн өмчит байгууллагын, эсвэл түүнтэй ижил төстэй компанид олноороо ажиллаж байгаа нь сонирхлын зөрчил үүсч, авлига , албан тушаалын хэрэг цэцэглэх хөрс суурийг бүрдүүлж байна гэсэн үг. Ядаж л төр хувийн хэвшилтэй хийх хэлэлцээр, тендерт шууд болон шууд бусаар нөлөөлөхийг үгүйсгэхгүй.
Түүнээс гадна хуулиараа төрийн захиргааны албан хаагч нь аль нэг төрийн өмчит аж ахуйн нэгжийн ТУЗ-д сонгогдох ёстой ч тэр нь хоёроос дээш байж болохгүй. Гэтэл энэ хязгаарыг эвдсэн томилгоо Төрийн өмчит компанид хэд хэд хийгдсэн байх жишээтэй. Тухайлбал Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа таван ч төрийн компанид ТУЗ-ийн дарга хийгээд гишүүн байна. Тодруулбал,, тэрбээр МИАТ болон “Монголын төмөр зам” компанид ТУЗ-ийн дарга хийдэг бол, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Оюутолгой”, Хөгжлийн башшы ТУЗ-д гишүүн байх юм. Түүнээс илүү эрдэм чадалтай албан хаагч төрд олдохоо байсан юм уу гэмээр энэ томилгоо анхаарал татаж байна.
Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн бичгийн дарга Б.Шинэбаатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ТУЗ-ийн дарга бол, Хөгжлийн банк, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Оюутолгой” зэрэг компанийн ТУЗ-ийн гишүүн. Цаандаад ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнбилэг, Уул уурхайн яамны Төрийн бичгийн дарга Р.Жигжид, Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатар нар гурван компанийн ТУЗ-ийн гишүүн байна.
АТГ-ын хувьд дээрх судатгааг гаргахдаа төрийн албан хаагчдын Хөрөнгө орлогын мэдүүлэг болоод Төрийн өмчийн хорооноос нягтлан авсан мэдээллүүддээ үндэслэж гаргасан юм байна. Чингэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс энэ мэтчлэн алба хашиж байгаа нь авлига үүсэх нөхцлийг бүрдүүлж байна гэж үзжээ. Тиймээс тус байнгын хорооны хуралдаанд оролцсон нэр бүхий гишүүд “Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгч, ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаал хашиж байгаа хүмүүсийн асуудлыг даруй шийдвэрлэх ёстой” хэмээн үзсэн байх юм.
Энэ мэтчилэн Төрийн өмчит компанийн ТУЗ-д сонгогдсон албан тушаалтнуудын давхардал, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй баримтыг манай сонин дараа, дараагийн дугаартаа цувралаар хүргэх болно.
Б.Энхжаргал /ӨДРИЙН ШУУДАН/
URL:













