Засгийг дэнслэх 100 хоног эхэллээ
Улсын төсвийн орлого оны эхний улиралд 300 гаруй тэрбум төгрөг буюу 20 гаруй хувиар тасарч, ханшины хямралын хиншүүүнэртсэн хаврын энэ хахир өдрөөс давхар дээл нь хүндэдсэн Н.Алтанхуягийн Засгийн газрын хувь заяаг шийдэх 100 хоногийн хэцүүхэн сорилт эхэлж байна.
Хямрал бэрхшээлийг хэлж сануулсан бүхнийг “Битгий муу амла” гэж цээрлэн халгаахгүй байсан Засгийн газар үнэнд гүйцэгдэж “Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ – д оруулж ирсэн.
Арав гаруй хоног Их хурлаар хэлэлцүүлсэн “100 хоногт эдийн засгийг аврах төлөвлөгөө” бүхэлдээ аргагүйдэж ухарсан шинжтэй төрийн өмчийг хувьчлах, газрын хэвлийгээ ухах хайгуул, олборлолтын лицензийг нэмж олгох, аж ахуй нэгжүүдийн элдэв элдэв шалгалтын дарамтыг багасгах төдийхөн байгаа нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодитой хөшүүрэг болж хямрал, бэрхшээлийг ангааж чадахгүй гэж зах зээлийн ажиглагчид үзэж байна.
Худалдааны тэнцэл, ханшны гэж нэлээд хөнгөн нэрлээд байгаа хямрал хурдтай гүнзгийрч байгаа нь 100 хоногийн төлөвлөгөөг их хурлаар хэлэлцэж байх 10 хоногийн дотор л долларын ханш 20 гаруй төгрөгөөр нэмэгдэж 1805 төгрөгт хүрснээс харагдана.
Үнэндээ үндэсний валют төгрөгийн ханшийг харж, хамгаалж байх учиртай Монгол банкарга чаргаа барж, хяналтаа алдахад хүрээд байгаа юм.
Өнгөрсөн гуравдугаар сард долларын ханш 50 – 60 төгрөгөөр бууж, хэд хоногтоо 1700 – руу дөхөх хандлагатай түр байзнасан нь Монгол банк тэрбум төгрөг хэвлэн зах зээлд нийлүүлсний үр дүн байсан. Долларын ханш түр зуур буусан ч сул хэвлэсэн тэрбум төгрөгийн хэмжээгээр санхүү, мөнгөний бодлогод сөрөг нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой.
Одоогоор ямар шахалт дарамтад орлоо ч Монгол банкны ерөнхийлөгч ямар дахин мөнгө хэвлэлтэй биш, хэвлэлээ 3 тэрбумыг хэвлэхээс нааш ханшинд нөлөөлж чадахгүйд хүртлээ байдал хүндэрсэн.
Одоо ноён Н.Золжаргалд ганцхан арга зам бий нь мөнгөний бодлогын хүүг чангаруулж 14 – 15 хувьд хүргэн зах зээлийг хумих явдал. Тэр урьдын адил Засгийн газартай гар гараасаа барьж, найраанд орвол амиа хорлохтой л адил юм болно.
Тэгэхлээр Монгол банк ямар ч шахаанд орлоо гэсэн өмнөхийн адил “хамтран ажиллах гэрээ” – нд гарын үсэг зурахмэтээр өмнөхийн адил засагтай ижий ахай болох боломж үлдээгүй, бүгдийг шавхчихсан гэсэн үг.
100 хоногт хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг идэвхжих найдвар бага болохоор одоо 20 гаруй хувь хүрсэн төсвийн орлогын тасалдал оны сүүлийн улиралд бүр ч ихсэж төсвийн хүндрэл үүсэх магадлал тун өндөр болохыг эдийн засагчид анхааруулж байгаа юм.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж өгсөөр байтал Бондын зах зээлийн ихээхэн хөрөнгийг үр ашгаа лав л мөддөө өгөхгүй зүйлүүдэд цацчихсан, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмих тухай ярьдагч хэрэгжсэн нь үгүй, түүхий ашигт малтмалын үнэ бууж, хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан гээд азгүйтэл, бүтэлгүйтэл мөддөө биднээс салах янзгүй байна.
“Чингис” бондын хөрөнгийг аавынхаа хөрөнгийг үрэн таран хийж байгаа хөөргөн хүү шиг эргэн ашгаа мөд өгөхгүй элдэв зүйлд цацаад дуусаж байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сая нэг юм бондын хөрөнгийг зарцуулах комиссын эрхийг хязгаарлав.
Энэ ч ямар нэг сайн юмны биш ноён ногооны үнэ улам л нэмэгдэхийн нэг дохио юм.
Ядаж байхад давхар дээлээ хүчээр авч үлдээд Хууль зүйн сайдыг огцруулах асуудал парламентад хүчтэй яригдаж, хэдэн удаа хойшлогдох, завсарлага авах дээрээ тулан хурцдаж байхад, АН – ын том фракцийн, том төлөөлөл Х.Баттулга сайд огцрох өргөдлөө өргөн барьсан нь даарин дээр давс гэгч болж Засгийн газрын дотоод хямрал, үл ойлголцол ихээхэн гүнзгийрснийг харуулаад өглөө.
Үүний нэг нотолгоо нь “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах хэрэгтэй. Сөрөг хүчинтэй яриа, хэлэлцээр хийж эхлэх ёстой” гэж “Алтан гадас” – ын төлөөлөл С.Баярцогт УИХ – ын чуулган дээр мэдэгдсэн явдал. Хэдийгээр тэр эдийн засгийг идэвхижүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй гэж тайлбарласан боловч МАН Засагт орсноор 100 хоногт хямрал илааршчихна гэж үзэх үндэслэл, магапдлал огт харагдахгүй байгааг шүүмжлэгчид тэмдэглэж байна. Дотроосоо нэгэнт хямарч дэнжигнээд эхэлсэн засгаа авч үлдэх гэсэн “Алтан гадас” фракцийн сүүлчийн алхам, найдвар нь энэ байж болох юм.
Нийгмийн амьдрал, бодит эдийн засагт нэгэнт сүүдрээ тусгаад эхэлчихсэн хямралд эдийн засгийг идэвхижүүлэх ядуухан төлөвлөгөө нөлөөлж, өргөс авах шиг анагаачихна гэх найдвар дэндүү бага болохоор гэрэл гэгээ багатайхан 100 хоног эхэлж байна.
Харин эсэргээрээ эдийн засгийн биш улс төрийн 100 хоногийн хямрал, зөрчил болон идэвхжиж эцэст нь “мань төлөвлөгөө” Засгийн “маанийг унших” гол шалтаг болж ч мэдэх юм.
Г.Андрей
Тэнцвэр.мн
URL:




