ХӨДӨЛМӨРИИН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГААГҮЙ БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООВ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид тус дүүрэгт баригдаж байгаа барилгуудад өчигдөр шалгалт хийлээ. Энэхүү шалгалтаар хамгийн түрүүнд тус дүүргийн XIX хороонд баригдаж байгаа үйлчилгээний зориулалтай таван давхар барилга дээр очсон. Биднийг очиход тус барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч барилга дээр ажиллаж байсан ажилчид аюулгүй ажиллагааны хувцсаа бүрэн өмсөөгүй, барилгын аюулгүй ажиллагаа болон барилга байгууламж барих дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй байсан юм. Мөн барилга дээр ажиллаж байгаа ажилчдын хооллож, хувцсаа солих байр хүртэл байгаагүй. Түүнчлэн барилга дээр ажиллаж байгаа ажилчдын хоолыг ил задгай газарт хийж байлаа.
Эдгээр зерчлийг тооцон барилгын үйл ажиллагааг хангаагүй хэмээн үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон. Тус барилгын захиалагч “Бэгэр сайхан” ХХК, харин гүйцэтгэгч нь “Хадат мянган” ХХК байсан юм. Барилгын үйл ажиллагаа явуулж байгаа “Хадат мянган” компани нь барилга ажил эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрлөөс өөр бичиг баримт байгаагүй юм. Уг барилгын инженер Н.Баатар “Одоогоор арав гаруй хүн ажиллаж байгаа. Бид өглөө ажилдаа гарахдаа аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгдөг. Манай барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд эхэлсэн байгаа. Барилгын аюулгүй ажиллагааны талаархи сургалтад сууж амжаагүй” гэдгийг хэлсэн юм.
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөр аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Б. Чулнуунчимэгээс дараахь зүйлийг тодрууллаа.
-Шалгалтаар нэлээд зөрчил илэрч заримынх нь үйл ажиллагааг зогсоолоо. Үйл ажиллагаа зогсооход хугацаа заах уу?
-Барилгын үйл ажиллагаа явуулахдаа аюулгүй байдлыг хангаагүй, барилга барих дүрэм журмыг мөрдөөгүй байна. Мөн ажилчид нь хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаагүй байна. Иймээс үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоож, мөнгөн торгууль ногдуулжбайгаа. Энэ компани аюулгүй байдлаа хангаж, зөрчлөө арилгасны дараа актыг сэргээж, үйл ажиллагаа үргэлжүүлнэ. Түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоож байгаа учраас хугацаа заахгүй. Ажил хийж болно, гэхдээ тодорхой хэмжээнд аюулгүй адиллагааг хангах хэрэгтэй. Аюулгүй байдлаа хангахгүй бол ямз бүрийн осол гэмтэл гарах эрсдэл зөндөө гардаг.
-Барилга дээр ажиллаж байгаа хүмүүс аюулгүй байдлаа хэр хангасан байна вэ?
-Одоогоор аюулгүй ажиллагааг бүрэн хангасан зүйл байхгүй байна. Талбайн зохион байгуулалтаас эхлээд зөрчил дутагдал их байна. Дотогш ороод явахад хэцүү, хөл тавих зай талбай байхгүй байна.
-Энэ барилга дээр ажиллаж байгаа хүмүүс тусдаа байрлах орон байр байхлаж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 1.10 тодорхой заасан байдаг. Мөн нийтлэг журам дээр ч гэсэн тодорхой заасан байгаа. Тухайлбал, барилгын талбай дээр хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлага хангасан ахуйн байраар ханган гэсэн заалтууд байдаг юм. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах талаар хамтарсан гэрээ төлөвлөгөөг боловсруулж ажиллах хэрэгтэй. Эдгээр асуудлыг шийдвэрлээгүй байна.
-Зөрчил гаргаж үйл ажиллагаа зогсоочихсон байхад ажиллах тохиолдол цөөнгүй байдаг. Хэрэв ажилласан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Үйл ажиллагаа явуулвал хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллана. Мөн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг юм.
Харин үүний дараа Баянгол дүүргийн X хороонд баригдаж байгаа барилгууд дээр очлоо. Гэвч цаг агаарын байдлаас хамаарч үйл ажиллагаагаа явуулаагүй байсан юм. Мөн XX хороонд байрлах барилгууд дээр очиход гурван барилга цаг агаарын байдлаас хамаарч ажиллахгүй байсан бол тус хороонд байрлах “Хар хорин” цогцолборт очсон. Тус цогцолбор барилгын ажилгүй байдлын ажиллагаа болон ажилчдын аюулгүй ажиллагаа харьцангуй сайн хангагдсан байсан боловч тодорхой хэмжээний зөрчил дутагдал илэрсэн. Тухайлбал, краны аюулгүй байдлыг хангаагүй гэх мэт. Иймээс шалгалтын багийнхан гаргасан зөрчил арилгуулах шаардах хуудас өгсөн. Уг барилгын захиалагч нь “Чингис трейд”, гүйцэтгэгч нь “Эх-Ачуут” ХХК байсан юм.
Эдгээр шалгалтанд хамрагдсан барилгын компаниудад нийслэлийн Засаг даргын албан даалгавар болох Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах тухай журмыг өгч нарийн мөрдөж ажиллах үүргийг өгсөн. Мөн МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу барилга угсралтын ажилд шалгалт эхэлсэн байгаа. Энэхүү шалгалт бүтэн жил явагдана. Эхний үе шат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны дотор, хоёрдугаар үе шат нь зургадугаар сарын 25-наас есдүгээр сарын 25 хүртэл явагдана. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 25-ны дотор явагдах юм. Харин дүүргүүд төлөвлөгөөт хугацаатай шалгалт хийж байгаа. Энэхүү төлөвлөгөөт шалгалтыг энэ сарын 12-26-ны хооронд хийгдэх юм байна.
Н.АЛТАНЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL:













