МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭНД БЭЛТГЭЖ БАЙСАН ЦЭРЭГ АМИА АЛДЖЭЭ

цег-Талийгаач байрлаж байсан байрнаасаа 200 метр орчмын цаанаас олдсон аж-
Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн дунд жил бүр зохиогддог марш тактикийн тэмцээний бэлтгэлд гарсан цэргийн албан хаагч амиа алдсан хэрэг гарчээ. Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвд очиж бэлтгэл хийж байсан 120 дугаар ангийн албан хаагч Д нь тавдугаар сарын 13-ны өдрийн 22:00 цагийн үед нас барсан ч ар гэрийнхэнд нь уржиглар өглеө хэл дуулгасан аж. Ар гэрийнхэн нь талийгаачийг биедээ багагүй гэмтэл авсан байдалтай, байрлаж байсан байрнаасаа 300 метрийн зайд амиа алдсан байсан гэжээ. Гэвч Тавантолгойн сургалтын төвийнхөн болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд үгүйсгэж байна. Талийгаач 21 настай, ахлагчийн сургууль төгссөнөөсөө хойш 120 дугаар ангид ажиллажээ. Ар гэрийнхэн нь талийгаачийн цогцост нарийн шинжилгээ хийлгэхээр шүүх эмнэлэгт хандаад байгаа юм байна.

Харин энэхүү хэргийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабын тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүй гэж гарсан байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт бүрэн гаргахаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ” гэв.

Харин энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн дарга, цагдаагийн хурандаа Б. Баатархүүгээс тодрууллаа.
-Марш тактикийн тэмцээний бэлтгэлийн үеэр цэрэг амиа алдсан гэж байна. Энэ талаар?
-Тавантолгойд Марш тактикийн тэмцээний бэлтгэлд гарсан цэргийн албан хаагчид бэлтгэл сургуулилт хийж байгаад сургуулилтын дараа нэг цэрэг нь ухаангүй олдсон байгаа. Төв аймаг дахь цагдаагийн хэргийн газар үзлэг шалгалт хийсэн. Тухайн байгууллагаас нь яаралтай эмнэлэгт хандсан байсан ч харамсалтай нь амь насаа алдсан байсан.

-Юунаас болж амиа алдсан бол?
-Анхан шатны хэргийн газрын үзлэгээр хохирогчийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй гэдгийг хэрэг дээр ажилласан ажилчид хэлж байгаа. Тиймээс задлан шинжилгээгээр үхлийн шалтгаан юу байсан нь тодорхой болно.

-Тухайн амиа алдсан цэргийг хаанаас олдсон бэ?
-Байрлаж байсан байрнаас 200 метр орчмын цаанаас олдсон байгаа. Марш тактакийн тэмцээний бэлтгэлийг тогтмол хийдэг. Талийгаач оройны гүйлтийн бэлтгэл сургуулилт хийж, ирж яваад нас барсан байх. Одоогоор хэрэгдээр мөрдөн байцаалт хийгдэж байгаа.

-Ар гэрийн хүмүүс нэг хоногийн дараа мэдэгдсэн гэсэн. Яагаад нас барсан өдөр мэдэгдээгүй вэ?
-Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Талийгаач нь суурь өвчтэй байсан байх магадлалтай бөгөөд тархиндаа устай, өвчтэй байсан байж магадгүй талаар эх сурвалж мэдээлж байна. Ер нь суурь өвчтэй хүнийг Марш тактикийн тэмцээнд оруулах хориотой байдаг аж. Тэгэхээр тухайн цэрэг суурь өвчтэй байсан байвал тухайн ангийн захирагч нар буруутай болох юм. Харин Шүүх эмнэлгийн холбогдох албаны хүнээс шинжилгээний хариу хэзээ гарахыг тодруулахад “Шинжилгээнд оруулаад эхэлчихсэн байгаа. Тодорхой хариу нь 14 хоногийн дараа гарна” гэлээ. Талийгаачийн ар гэрийнхэн Төв аймагт байдаг юм байна.

 

Н.АЛТАНЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих