Зөв хүмүүс зөв газраа очсон тохиолдолд амжилт гардаг жамтай
Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тамирчин байж байгаад дасгалжуулагчийг алгасан төрийн албанд томилогдсон тэрээр хоёр жилийн хугацаанд тамирчдын амжилтыг ахиулах, дасгалжуулалтын төлөвлөлт гээд олон ажил санаачлан хийжээ.
-Та Спортын бэлтгэлийн даргын албыг хашаад хоёр жил шахам боллоо. Мэдээж энэ хугацаанд олон ажлыг амжуулсан байх?
-Тамирчдын амжилт ахиж байгаа. Олон Азийн аваргатай боллоо. Олон улсын тэмцээнүүдээс медаль авч байна. Үүгээрээ шигшээ багийн амжилт ахиж байгаа. Хийх ажил ч их байна. Тухайлбал, гадны багш дасгалжуулагчдыг спортын нэлээд олон төрөл дээр урьж ажиллуулмаар байна.
Хөрөнгө мөнгө нь байдаг бол дасгалжуулагчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллах нь эн тэргүүний асуудал болоод байна. Энэ ч үүднээс судалгаа, сургалт семинар зохион байгуулж байгаа. Дээр нь дасгалжуулалтын дөрвөн жилийн төлөвлөлт гэж өмнө нь хийгдэж байгаагүй ажлууд хийгдэж байна. Гэвч энэ бүхэнд мөнгөний асуудал дутагдалтай байгаа.
-Нэг л мэдэхэд олимп хаяанд ирнэ. Энэ жил л гэхэд буудлагын дэлхийн аваргаас эхлээд олимпийн эрх олгож эхэлнэ?
-Тийм ээ. Энэ бүхэнд тамирчдаа сайн бэлтгэхийн тулд дээр хэлсэн сайн дасгалжуулагчдыг монголдоо урьж авчирмаар байна. Гэхдээ дасгалжуулагчдын маань ур чадвар нэмэгдэж, чадлаараа ажиллаж байгааг үгүйсгэхгүй.
Гэсэн хэдий ч үүнээс илүү амжилтыг ард түмэн хүлээж байна. Тийм учраас бид одоо байгаадаа ханаж болохгүй. Энэ байрнаасаа хөдлөөд өнөө жил, дараагийн жил улам сайжирна гэсэн зорилго тавих ёстой. Үүний төлөө л ажиллаж байгаа.
-Энэ бүгдийг эргээд дүгнэж цэгнэж суухад юу бодогдож байх юм бэ дээ?
-Яахав захаасаа зорьж төлөвлөсөн ажлууд хийгдээд явж байна. Гэхдээ багагүй бэрхшээл тулгарч байгаа учраас санасан зорьсноо хийгээд явчихна гэхэд амаргүй. Гэсэн ч энэ бүгдийг хийхийн төлөө чармайж явна. Тухайлбал, чөлөөт бөхийн эрэгтэй баг уналтанд орчихсон гэж маш их шүүмжлэгдэж байсан. Гэсэн ч өнөөдөр босч ирж байгаа.
Өнгөрсөн жилийн Дэлхийн цом, саяын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс харахад тамирчдын амжилт ахиж байна. Энэ нь зөв хүмүүс зөв газраа очоод эвтэй ажиллах юм бол амжилт гаргаж болдог юм гэдгийг чөлөөт бөхийн эрэгтэй багаас харуулж байгаа. Ер нь цаашид спортын бүх төрлүүд дээр эвтэй, гар нийлж ажиллах юм бол хүрэхгүй амжилт байхгүй гэж бодож байна.
-Төр засгийн дэмжлэгээс гадна холбоодын менежмент маш чухал юм шиг санагддаг. Тэгээд ч бас спортод элэгтэй хүмүүс нэлээдгүй дэмжлэг үзүүлж байгаа шүү дээ?
-Мэдээж менежмент маш чухал л даа. Гэхдээ өнөөдөр харьцангуй төрөөс ихэнх тэмцээн уралдааны зардлыг дааж байна. Бүр тодруулбал шигшээ багийн 17 төрлүүд дээр зардлыг нь дааж байна. Тэгээд сайн менежменттэй идэвхитэй оролцох юм бол бүхий л амжилтыг гаргана гэж бодож байна.
-Манайх чөлөөт бөхийн олимпийн аваргатай болох юмсан гэж зорьж явдаг биз дээ?
-Түүний төлөө л ажиллаж байна. Бөхийн чөлөөт барилдаан онцлогтой, маш хүнд спорт учраас тив дэлхий, олимпийн аварга төрөх амаргүй. Тиймээс аль аль талдаа ялангуяа сургалтандаа түлхүү анхаарах хэрэгтэй. Хоёр жилийн хугацаанд бэлтгэл сургуулилтыг нь чанартай хийлгээд, зөв чиглүүлж өгөөд олимпийн аваргатай болохыг
зорьж байгаа.
-Цаг хугацаа гэдэг амархан юм даа. Саяхан л Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган нартайгаа хамтарч байгуулж байсан “Амжилтын төлөө хамтдаа” ТББ өдгөө таван нас хүрсэн байна шүү дээ?
-Тийм ээ. Хоёр найзынхаа хамт 2009 онд “Амжилтын төлөө хамтдаа” ТББ -аа байгуулж байлаа. Баримтат тайлан маягийн материал бэлтгэхэд нэлээдгүй ажил хийжээ. Хийсэн ажлаа гишүүд дэмжигчдэдээ тайлагнаад, цаашдаа ямар ажил хийж бүтээж болох вэ, ямар чиг хандлагаар ажиллах вэ гэдгээ тайлагнасан.
Үүний дараа ирээдүйн зорилго зорилтоо дэвшүүлээд тодорхой хэмжээний шагнал урамшууллыг олгосон. Бид зөвхөн спортод биш, бусад салбарын залууст үлгэр дууриал болоосой гэсэн үүднээс ажил хийдэг. Бусад салбарынхаа залуусыг манлайлж, бусдынхаа төлөө сэтгэл зүрх гаргаж, нийгмийнхээ сайн сайхны төлөө ажиллаасай гэж хүсдэг.
Тухайлбал сая хотын захын хороололд хоёр сагсан бөмбөгийн талбай тохижуулж өгсөн. Өнөөдөр төр засгийн удирдлагуудаас өгсүүлээд нийтийн биеийн тамир, спорт гэж яриад байгаа.Спортын шаардлага хангасан заал танхимгүйгээр бид спортыг хөгжүүлнэ гэж яриад нэмэргүй. Нийтийн биеийн тамирыг төр дангаараа хөгжүүлнэ гээд ч барахгүй.
Хувийн хэвшил, пүүс компаниудын дэмжлэг, сургалт арга зүйн төлөвлөлтөөр явагдах ажил. Энэ маань бусад газруудын чиг хандлага болоод тохижуулаад яваад байхад болохгүй зүйл биш. Бусад олон газрыг сайн санааны үүднээс тохижуулж байгаа.
2011 онд Ерөнхийлөгч нийтийн биеийн тамир спортыг дэмжих зарлиг гарсан. Үүнийг зөвлөхийн хүрээнд дэмжиж, энд тэнд спортын ярилцлагуудыг хийсэн. Энэ ажлыг нийтэд хүргэх гэж байгаа нь саяны талбай юм, Цаашдаа хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдвэл олон газар ийм талбайг байгуулна гэж бодож байгаа.
-Аливаа албан тушаал нэр хүндийн хажуугаар хэл ам, шүүмжлэл дагуулдаг нь нууц биш. Таныг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоонд үйлчлээд байна гэсэн шүүмж Монголын сагсан бөмбөгийн холбооноос тасардаггүй. Гэсэн хэдий ч та үүнийг хүлээн зөвшөөрдөггүй?
-Үнэн чанартаа миний ажлын чиг үүрэг заал зарах ажил биш шүү дээ. Би энэ албанд заал хариуцах гэж ирээгүй. Надад түүнээс илүү ажил байна. Нөгөө талаар заалаар орлого олно гэсэн төвлөрсөн шийдвэр байхгүй. Тиймээс Спортын бэлтгэлийн төвийн TOM заалаа шигшээ багийн бэлтгэл сургуулилт, зарим нэг аж ахуйн нэгж байгууллагуудад тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэх талаар өгдөг.
Гэрээгээ хийчихсэн байгууллагууд гэрээгээрээ уралдаан тэмцээнээ явуулдаг. Түүнээс хэн нэгнийг хааж боогоод байсан зүйл байхгүй. Спортын бэлтгэлийн төвийн менежмент хариуцсан албаны дарга Бямбатогтох гэж тусдаа хүн бий шүү дээ. Энэ хүн заалны асуудлыг бүхэлд нь хариуцаад явж байгаа.
Би заалны цагийг мэдээд, тэрийг оруул, энийг оруул гээд байх шаардлага байхгүй. Хүмүүс янз бүрийн өнцгөөс ярьдаг байх. Үүнд би ямар нэг ач холбогдол өгдөггүй.
-Бас энэ төвийг түрээсийн байгууллага болчихсон гэдэг. Одоо ч гэсэн хэд хэдэн байгууллага оршин тогтносон хэвээр л байна?
-Түрээсийн хэдэн байгууллага бий. Тэд түрээсээ төлөөд тэр мөнгө нь төрийн сан руу ороод явж байгаа.
-50 гаруй жилийн түүхтэй Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэдгийг Мэргэжлийн хяналтын газар мэдэгдсэн?
-Бид сайхан ордонтой болмоор байна. Энэ барилга маань 1958 онд байгуулагдсан хуучин барилга. Үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Гэхдээ Спортын төв ордныг шинээр барих зураг төсөл хийгдээд явж байгаа. Ойрын хугацаанд улсын төсөв гайгүй болбол бид шинэ ордонтой болох байх гэж найдаж байгаа.
-Шигшээ багийн тамирчдын цалин, хүрэлцэх, хүрэлцэхгүй янз бүр байдаг байх даа?
-Ер нь шигшээ багийн тамирчид 400-500 мянган төгрөгийн цалин авдаг. Цаанаасаа баталж ирсэн төсвөөр нь цалинжуулж байна. Дээр нь уралдаан тэмцээнийх нь зардлыг төрөөс гаргаж байгаа учраас цалингийн тал дээр гомдол гаргаад байдаггүй. Гэхдээ л бага л даа. Өнөөдөр 450,000 төгрөгийн цалинтай амжилт гаргана гэдэг хүнд. Яахав бусад пүүс компаниудаас цалинжиж орлогоо нэмэгдүүлж явдаг л даа.
-Төрийн их ажлын хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийж байна уу?
-Тэгэлгүй яахав. Би бэлтгэлээ хийхийн хажуугаар бага жингийн тамирчиддаа чадах чинээгээрээ зөвлөгөө өгдөг. Гэхдээ бэлтгэл хийх цаг зав маш бага. Удирдах ажил гэдэг бол дандаа бодлогын шинж чанартай. Өдөр бүр л оройтож байна. Хамгийн эртдээ л гэхэд 21:00 цагт гэртээ харьдаг. Одоо надад хэн нэгний эрх ашиг сонин биш.
Харин Монголын спорт яах вэ л гэж бодож байна. Энэ бол миний толгойны өвчин болоод байгаа. Долоо хоногт хоёр удаа цайны цагаараа хүчний бэлтгэл хийдэг. Орой болохоор ажилдаа ядраад, бие сульдаад бэлтгэл хийх идэвхи төрдөггүй юм байна. Тийм болохоор эрч хүчтэй байх яг дунд үед нь бага зэрэг хүчний бэлтгэл хийж байгаа.
-Тэгвэл тамирчныхаа карьерыг үүгээр дуусгаж байгаа хэрэг үү. Албан ёсоор зодог тайлах уу гэж асуух гээд байна л даа?
-Энэ онд чөлөөт бөхийн багийн халз тэмцээн зохион байгуулаад, тэр үеэрээ албан ёсны зодог тайлах ёслол хийдэг юм бил үү гэсэн бодол байгаа. Гэхдээ хугацааг нь товлоогүй. Лигийн журмаар ганц удаа багуудын халз барилдаан зохион байгуулж, шагнал урамшууллыг нь ч гэсэн боломжийн байлгах тэмцээн хийе гэж бодоод л сууж байна.
Ер нь бол аливаа зүйл цаг хугацаатай шүү дээ. Өнгөрсөн жил би дүү нартаа хэлж л байсан. Нэг л өдөр би барилдахаа болино. Тэр үед дүү нар бэлэн байгаарай. Өрсөлдөнө гэдэг бол Монголд биш дэлхийд өрсөлдөхийг хэлж байгаа юм. Тэр хэмжээнд өөрийгөө бэлдэх ёстой. Мэдээж дотоодын өрсөлдөөн байна.
Гэхдээ бидний өрсөлдөх талбар бол дэлхийд шүү дээ. Би хэн бэ гэдгээ Монголоос гараад таниулах хэрэгтэй. Тийм болохоор би барилдахаа больсон юм чинь дүү нар дотроо нэгийг бодож байгаа байлгүй. Шигшээ багийг байгуулсны дараа бэлтгэл дээр нь орно гэж бодож байгаа. Миний өндөр форм алдагдаагүй, мэдрэмж буугаагүй дээр 55, 60, 66 кг-ын жинд барилддаг залуучуудад өөрийнхөө сурсан, мэдсэн бага ч гэсэн мэдлэгээ хуваалцахыг хүсч байна.
-Эх орны нэрийн хуудас болсон дэлхийд танигдсан тамирчдад гаднаас их цалин хангамж амлаж ажиллуулах санал хэр ирж байна вэ. Энэ асуудалд удирдлагын зүгээс ямар хяналт тавьдаг вэ?
-Өмнө нь гадагшаа явъя гэсэн бодол төрж байсан байх. Гэсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн насан туршийн урамшуулал олгох зарлиг гарсантай холбоотой гадагшаа явах бодолтой тамирчид үгүй болсон. Энэ зарлиг өөрөө тамирчдын үнэлэмжийг дээшлүүлээд, тамирчдын баталгаа нь болоод өгчихсөн учраас амжилт
гаргахын төлөө хичээж чармайж байгаа хүүхэд залуучууд олширч байна. Үүнд хүн бүхэн баяртай байгаа. Тийм учраас их спортод амжилт гаргаж байгаа хүмүүс нэг талаараа бизнес гэж бодох хэрэгтэй.
-Удирдах ажил хийх, тамирчин байх хоёр ялгаатай шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Дасч байна, суралцаж байна. Шинэ зүйл хүн бүхэнд л хэцүү байдаг шүү дээ. Цаашид сурах зүйл их байна. Залуу насанд сурч л байхгүй бол болж байна гээд суугаад байх цаг биш. Нийгэм өөрөө залуучуудаас мэдлэг боловсролыг шаардаж байна. Хэрэгцээ шаардлага ч байна.
Д.Нэргүй
Эх сурвалж:
![]()
URL:













