Монголын төр иргэндээ хүнд суртал гаргасаар байх уу?
АТГ-ын үйл ажиллагааг ойлгохоо больсон хүмүүс цөөнгүй байна. Тэр дундаа сайд дарга нар ч учрыг нь олохоо больжээ. Тухайлбал Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнө нь “АТГ ажил хийлгэхгүй юм” хэмээн хэвлэлээр ярьж байсан бол одоо Тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагва тус байгууллагыг муу муухайгар нь дуудаж эхэлсэн байна.
Тэрбээр “АТГ гаднынхны шахалтаар байгуулагдсан. АТГ-ыг байгуулагдах үед энэ газрыг өөрөө авлигалын газар болчих вий гэж Засгийн газрын хурал дээр сануулж байсан хоёр сайдын нэг нь би. Нөгөөх нь У.Хүрэлсүх. Хүн буруу юм хийсэн байж болно. Түүнийг шүүгээд, учруулсан хохирлыг нь барагдуулахад болно шүү дээ. Миний хувьд авлига хээл хахуультай хийх тэмцлийг үгүйсгээд байгаа юм биш. Авлига авч болохгүй шүү гэж сануулж зөвлөж, соён гэгээрүүлж, сургалт явуулж, урьдчилан сэргийлж байх ёстой атал АТГ шулуухан хэлэхэд цагдаагийн үүргийг гүйцэтгэдэг, дарамталдаг, айлгадаг байгууллага болчихлоо. Бас үйл ажиллагаа нь нэг талруу гаа хэт хэлбийгээд байгаа. Үнэндээ цөөхөн монголчууд ингэж бие, биеэ үзэн ядаж, хийж бүтээе гэсэн нэгнээ юм л бол авлигач гээд барьж, хориод, буруутгаад, эцэст нь үхэлд хүргээд байж болохгүй ээ” гэж ярьжээ.
Энэ нь хатуу боловч үнэн үг. Үүнээс үзэхэд тус байгууллагыг тойрсон хэл ам газар авсаныг харуулж байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад АТГ-т шалгагдаж байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан урьдчилан хорих төвд хоригдож байгаад эмнэлэгийн тусламж авч чадалгүй нас барсан нь уг асуудлыг улам хурцатгаж орхисон юм. Тухайн иргэнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад АТГ-аас хорьж цагдсан нь буруу гэж хэлэх хүмүүс ч олширлоо. Мэдээж энэ нь монголын төр иргэндээ хүнд суртал гаргасаны илрэл гэлтэй.
Ер нь АТГ нь бусдыг айлган сүрдүүлсэн, дарж, дарамталсан, барьж хорьсон, эвдэж сүйтгэсэн, булааж, хураасан ажлыг л хийж байгаа нь харамсалтай. Энэ бүгдийг жирийн иргэдээс авхуулаад улсыг удирдаж буй учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ.
Б.Цацрал
www.new.mn
URL:














