Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг танилцуулав
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо. Тус хурлаар нийт 11 асуудлаар хэлэлцсэн юм. Тодруулбал, хөрөнгө оруулалтын журмын төсөл, нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны талаар, “Хөшгийн хөндий”-д баригдаж буй нисэх буудлын төсөлд шаардлагатай байгаа элс болон хайргыг тээвэрлэхэд зөвшөөрөл олгох тухай, Туул голын хурдны зам барилгын ажилд хэрэглэх хайрга дайрганы карьерын тухай болон “Ургах наран” хорооллын дэд бүтцийн тухай асуудал гэх мэт асуудлуудыг хэлэлцсэн.
Эхний асуудал болох Хөрөнгө оруулалтын журмын төслийг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа танилцуулсан юм. Тэрээр энэхүү журмын төсөл батлагдсанаар, нийгэм эдийн засагт үүсэх үр дагаварыг нь тодорхойлж хэлэхдээ “Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогч мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо сайжирч, хэрэгжүүлэх үе шатанд хугацаа алдах, ажил эзэнгүйтэх байдал арилж, хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөсөн Хугацаанд нь чанартай ашиглалтад оруулан, батлагдан хөрөнгийг бүрэн үр дүнтэй зарцуулах нөхцөл бүрдэнэ. Журмыг гаргаагүйгээс болжодоогоор 108 төсөл дээр хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байна. Учир нь эрх авахын тулд зураг, газаргүй ажлууд орж ирэх тохиолдол гарсаар байна”хэмээн мэдэгдлээ.
Мөн тус хуралдаанаар нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны дүнгийн талаархи мэдээллийг судалгаа зөвлөх үйлчилгээний “ММСС” компанийн ерөнхий захирал Д.Бум-Эрдэнэ танилцуулсан юм. Тэд дараах үйл ажиллагаануудад судалгаа хийжээ. Нийтийн аж ахуйн, нийгмийн үйлчилгээ, хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй байдал, боловсрол гэх мэт асуудлууд хамрагдсан гэнэ.
Хүрээлэн буй орчны хувьд иргэдийн санааг хамгийн ихээр зовоодог асуудлын эхэнд агаарын бохирдол, зүлэг, ногоон байгууламж, хөрсний бохирдол, олон нийтийн чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, хог хаягдал, хүүхдийн тоглоомын талбай ба түүний тохижилт, ундны усны бохирдол зэргүүд оржээ. Аюулгүй байдлын хувьд иргэдийн хамгийн ихээр санааг зовоодог асуудал барилга угсралтын ажил гэжээ. Магадгүй энэ нь барилга угсралтын аюулгүй байдалтай холбоотой осол хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гардагтай холбоотой байх хэмээн тэрээр хэлсэн юм.
Удаах асуудалд хүнсний аюулгүй байдал орсон бөгөөд үүнд анхаарлаа түлхүү хандуулахыг иргэд хүссэн байна. Харин хамгийн муу үнэлгээ авсан нь нийтийн аж ахуйн, нийгмийн үйлчилгээний талаарх судалгаа байжээ. Тодруулбал, иргэд гэр хорооллын халуун усны дутагдал, нийтийн тээвэр, хог хаягдал, автозам зэргүүдэд их ач холбогдол егчээ. Энэхүү судалгааг нийслэлийн есөн дүүргээс 500 хүнийг түүвэрлэн хамруулсан ажээ Түүнчлэн судалгаанд оролцсон нийслэлийн иргэдийн 20 хувь нь амьдрал сайжирсан, 40 хувь нь хэвэндээ байна, 32 хувь нь муудсан хэмээн хариулжээ.
Дэлхийн хүн амьдрахад хамгийн тааламжтай гэгддэг хотууд нь энэ төрлийн судалгааг тогтмол хийж, түүгээрээ дамжуулах хийх ажлаа төлөвлөдөг тухай ч дуулгаж байлаа. Энэхүү судалгааг нийслэлээс хагас жил тутамд хийхээр боллоо.
М.ЯНЖИНЛХАМ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL:













