Япончуудын тусламжтайгаар Туул голыг сэргээн сайжруулна

туулАзийн хөгжлийн банкнаас Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилттэй хэд хэдэн төсөл манай улсад хэрэгжүүлж буй. Үүний нэг нь “Туул голыг сэргээн сайжруулах төсөл” юм. Төслийн бэлтгэл ажлын техникийн дэмжлэг үзүүлэх эхний хэлэлцүүлэг Цэнгэг ус байгалийн нөөцийн газарт эхэллээ. Тус хэлэлцүүлэгт БОНХ-ийн сайд С.Оюун, Япон Улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар оролцлоо. Гүйцэтгэгч нь БОНХЯ бол хэрэгжүүлэгч нь Туул голын сав газрын захиргаа аж.

700 гаруй км үргэлжилдэг энэ голын 140 км нь их хэмжээгээр бохирдсон байдаг бөгөөд сүүлийн 70-80 жилд бохирдлын нарийвчилсан судалгаа хийгээгүй байна. Төслийг хэрэг-жүүлснээр Туул голын олон жилийн бохирдлыг цэвэрлэж, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчилэн, хамгаалалтын бүсийг тохижуулах гэнэ. Үүний үр дүнд Туул голын усны чанар, үерийн хамгаалалт сайжрах аж. Дээрх төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний үе шат нь 15 сар үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд Тев цэвэрлэх байгууламжаас ямар бодис хэр хэмжээтэй гарсан, бохирдлыг хэрхэн цэвэрлэх талаар нарийвчлан судалж, шинжлэхээр болжээ.

Хоёрдугаар шатанд судалгаандаа тулгуурлан их хэмжээний бохирдолтой байгаа хэсгийг нь нэг удаа цэвэрлэх гэнэ. БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат “Орчин үед техник технологи хөгжсөн болохоор механик цэвэрлэгээ хийнэ. Гэхдээ биологийн цэвэрлэгээ хийх байх гэж бодож байгаа. Төслийн эхний үе шатыг нэг сая доллараар санхүүжүүлж байгаа. Энэ мөнгийг нарийвчилсан судалгаа хийхэд зарцуулна. Бид 15 сарын хугацаанд бусад орны жишгээс судалж, Туул голын бохирдолд тохирсон техник технологийг сонгоно” гэв.

 

Л.Нэргүй /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих