Ерөнхийлөгчийн санаархал
Саяхан л МУ-ын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр” санал санаачлагыг гаргаж, улс төрийн намууд үүнийг дуу нэгтэйгээр дэмжин, гарын үсэг зурцгаасан. Тиймдээ Ерөнхийлөгч энэ санаачлагынхаа хүрээнд Парламент, Засгийн газрын эрх мэдлийн хувиарлалтыг зөв болгохоор Засгийн газрын гишүүдийн “Давхар дээлийг тайлах” хуулийн төслийг өргөн барьсан ч эрх баригчид уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт нь унаган, угшил нэгтэй Ерөнхийлөгчөө тун ч эвгүй байдалд оруулсан бөгөөд эрх баригчдыг дотор нь багагүй талцуулаад амжсан билээ.
Тэгвэл энэ удаад Х.Баттулга Ерөнхийлөгчийн дээрх санаачилгын дагуу ҮХАА-ын сайдаасаа сайн дураараа татгалзаж, давхар дээлээ тайлсантай холбоотойгоор Ерөнхийлөгч хийгээд эрх баригчид дахин нүүр тулав.
Учир нь өнгөрөгч хугацаанд ҮХАА-н дараагийн сайд хэн байх талаар таавар таамаг дэвшүүлж байх зуур Ерөнхий сайд Гүйцэтгэх зөвлөлдөө УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг санал болгон дэмжүүлсэн бөгөөд УИХ дахь намын бүлгээрээ ч баталгаажуулаад амжлаа.
Гэтэл давхар дээлээ тайлах хуулийн төслийг боловсруулсан МУ-ын Ерөнхийлөгч дээрх томилгоог дэмжихгүй болохоо өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр “Хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах ажлыг энэ удаагийн томилгооноос эхлэх хэрэгтэй. Иймээс сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй. Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох тухай саналаас татгалзаж байна. Мөн Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналыг дахин зөвшилцөх хэрэгтэй” хэмээн Ш.Түвдэндоржийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн, эрх баригчдыг хатгасан нь олны дэмжлэгийг авч чадлаа.
Гэхдээ Ерөнхийлөгч давхар дээлээр шалтаглан, ҮХАА-ын сайдын суудалд өөрийн хүнээ зүтгүүлэх далд санаархалыг нууж байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг олон нийт аль хэдийн таамаглажээ. ҮХАА-н дараагийн сайдын сунгаанд Л.Эрхэмбаяр, Ш.Түвдэндоржоос дутахааргүй яригдаж байсан бөгөөд давхар дээлийн асуудал хүчтэй сөхөгдөж буй энэ үед парламентийн гаднаас томилогдож болох хамгийн тохиромжтой нэгэн болсон. Хэдийгээр Ш.Түвдэндоржийг Ерөнхий сайд зүтгүүлсэн боловч, Ерөнхийлөгчийн зөвлөхөд боломж бас үлджээ.
Өөрөөр хэлбэл улс орны нийгэм эдийн засгийн байдалтай холбоотойгоор шүүмжлэлд өртөөд байгаа эрх баригчид хийгээд засгийн газар арай гэж намжаад байгаа давхар дээлийн асуудлаар дахин адлуулах нь тэдний хувьд тийм ч таатай зүйл биш. Тиймээс хэлэлцүүлгийн явцад эрх баригчдын дундаас Ерөнхийлөгчийн талд кноп дарах гишүүд цөөнгүй байхыг үгүйсгэхгүй юм.
Харин энэ тохиолдолд дараагийн сонголт Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяраас өөр хэн байх гэж. Ямартай ч Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар сайдын томилгоог хэлэлцэх гэж байна.
Үндэстэн
URL:













